М-Си-Эс Группийн тогтвортой хөгжил, байгаль орчны чиглэлээр хийсэн онцлох ажлууд
М-Си-Эс Групп нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг үнэт зүйлээ болгон эрхэмлэж, тогтвортой хөгжлийн зорилгыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) тогтолцоог бүрдүүлсээр ирсэн.
Урт хугацаандаа “Net-Zero” компани болох зорилтдоо хүрэхээр М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөө тооцох, цаашлаад хүлэмжийн хийн ялгарлыг үе шаттайгаар бууруулах, ялгаруулахаас зайлсхийх арга хэмжээг чухалчлан ажиллаж байна.
М-Си-Эс Группийн зургаан компани 2021 оноос эхлэн олон улсын стандарт, арга зүйн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлаа тооцож эхэлсэн нь урт хугацаандаа хүлэмжийн хийн ялгарлыг шат дараатай бууруулах суурь алхам болсон юм. Улмаар М-Си-Эс Группийн компаниуд ялгарлыг бууруулах, ялгаруулахаас зайлсхийх тодорхой арга хэмжээг авч, 2023 онд хүлэмжийн хийн ялгарлыг 6,641 тонноор бууруулжээ. Мөн эрчим хүчний үр ашигтай ашиглалтыг дэмжих төлөвлөгөөний дагуу нийт 1,100 МВт.ц хэмнэснээс гадна 3,899 МВт.ц эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээр үйлдвэрлэн ашиглажээ.
Түүнчлэн М-Си-Эс Групп байгалийн нөөцийн зөв зохистой хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүрээлэн буй орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад хувь нэмрээ оруулахаар зорьдог. Энэ хүрээнд үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнд зориулсан усыг цэвэршүүлэхээс гадна, хаягдал усыг цэвэршүүлэн ашиглаж байна. Тухайлбал, М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх үйлдвэрийг 2010 онд ашиглалтад оруулсан бөгөөд жилд 180 мянган тонн усыг MNS 4943:2015 болон MNS 6734:2018 стандартын дагуу 99.9 хувь цэвэршүүлэн боловсруулж байна.
Мөн Энержи Ресурс компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Хаягдал усгүйжүүлэх үйлдвэр нь тайлант онд 1,145,000 м3 усыг дахин ашиглажээ. Үүнээс гадна говийн уур амьсгалд тохирсон, хуурай хөргөлтийн систем бүхий Ухаа Худагийн цахилгаан станц нь бусад дулааны цахилгаан станцтай харьцуулахад хоёр дахин бага ус зарцуулдаг юм.
М-Си-Эс Групп үйл ажиллагаанаас үүсэх энгийн болон аюултай хог хаягдлыг зориулалтын дагуу боловсруулж, зохих арга хэмжээг авдаг бөгөөд тайлант онд 461 тонн оффисын болон бусад хаягдлыг дахин боловсруулсан байна. Түүнчлэн Мэтагро компани 2.3 тонн хүнсний болон био-органик хаягдлыг дахин боловсруулж, ялзмаг болгон газар тариалангийн хэрэглээнд дахин ашиглаж байна.
Үүнээс гадна хаягдал цуглуулах, дахин боловсруулах, ашиглах санаачилгыг М-Си-Эс Группийн хэд хэдэн компани хэрэгжүүлж байна. Тухайлбал, М-Си-Эс Кока-Кола компани “Хуванцрын хаягдалгүй дэлхий” санаачилгын хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгийн 16 аймгаас хуванцрын хаягдлыг цуглуулж, борлуулсан ПЭТ савлагаатай бүтээгдэхүүний савны 40 дахин боловсруулсан бол Вэллбий компани 260 кг хөнгөн цагаан, 40 кг HDPE, LDPE, PP хуванцар савлагааг эргүүлэн цуглуулж дахин боловсруулжээ.