Өдрийн сурвалжилга: Стресс тайлж, хайр мэдрүүлдэг муурны кафед зочиллоо

0

Үстэй, үсгүй, урт үстэй, жижиг, том, цэнхэр нүдтэй, солбио нүдтэй, жижиг хөлтэй гээд маш олон төрлийн муурыг харах боломжтой газар бол “Cotton cat cafe” юм. Энэ кафед 30 муур, зургаан нохой бий. Энэхүү кафегаар зочлоход тухтай бас цаанаасаа л сэтгэл тайвширна. Учир нь хөвөн зөөлөн сарвуутай амьтдын үйлдэл бүрээс хайрыг мэдэрнэ. Мөн сонгодог хөгжмийн аяс сонсож, дуртай кофе, цайгаа тухлан уунгаа хайр татам амьтдаар хүрээллүүлж, дулаахан тайван мэдрэмжийг төрүүлнэ.“Cotton cat cafe”-гийн үүсгэн байгуулагчид 16 жил нөхөрлөсөн бөгөөд амьтанд туйлын хайртай найзууд юм. Уг кафег үүсгэн байгуулагч Бумжаа хэлэхдээ “Манай кафе 2022 оны арванхоёрдугаар сарын 10-нд үйл ажиллагаагаа эхэлсэн. Ковидын үеэс л 30 хоногтой муураас эхлээд гурван сартай  багаас нь цуглуулж, нэгэн гэр бүл болгон өсгөж, кафегаа нээсэн. Муурын кафе нээх нь миний мөрөөдөл байсан. Яагаад гэвэл би муур, нохой гээд үстэй бүх юмнаас харшилдаг. Харшилтай болохоор амьтан тэжээж чадахгүй. Амьтангүй байж бас чадахгүй. Амьтанд маш их хайртай. Над шиг хүмүүс харшлын эмээ ууж ирээд, өөрийнхөө хайртай амьтдыг хараад, хажууд нь суугаад, дуртай кофегоо уугаад жаргалтай байгаасай гэж нээсэн. Дэлхийн олон орны кафегаар явж судалж, олон улсын чанар стандартад нийцүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн” гэлээ.

Жасмин, Лавандаа, Симба, Наруто энэ бол тэнд байгаа муурын нэрс. Муурынхаа нэрийг өгөхдөө харж байгаад ялгаатай онцлогт нь тааруулаад өгдөг гэнэ. Жишээлбэл, эмэгтэй муур бол аль болох гоёмсог цэцгийн нэр өгдөг. Эрэгтэй муур жаахан туниа муутай байх юм бол зоригтой, эрмэг байгаарай гээд киноны хүчтэй баатрын дүрээр нэрлэдэг гэнэ. Энд байгаа муурууд хамгийн хямдхан нь хоёр сая, хамгийн үнэтэй нь 24 сая төгрөгийн үнэтэй аж.Энэ талаар Бумжаа “Манай Монголд байхгүй, тэр болгон мөнгө төлөөд авч чадахгүй муурууд манай кафед бий. Бид хар, шар, алаг муур л гээд төсөөлдөг. Мөн ногоон нүдтэй гэж л төсөөлдөг. Тийм биш. Муур гэдэг амьтан цэнхэр, шар нүдтэй, үстэй, үсгүй, чөргөр, бандгар, том, жижиг, цагаан гээд янз бүр. Хоёр өөр нүдтэй нь ч бий. Ийм олон төрөл байдаг. Олон төрөл байхынхаа хэрээр бүгд өөр өөрийн гэсэн зан төлөв, онцлогтой. Тэр болгоныг хүмүүс харж байгаа болохоор баяртай байгаа. Би соёл түгээх гэж кафегаа нээсэн. Иймээс мууруудаа үрчилж аваагүй. Хүмүүст үзүүлэх гээд маш их мөнгө зарж, зорьж авсан. Гэтэл зарим хүн яагаад ийм үнэтэй муур авч кафе нээсэн юм бэ. Гудамжинд өчнөөн муур байхад зовсон амьтныг аваад нээхгүй яасан юм гэдэг. Би гудамжны муур аваад нээж болох байсан. Гэхдээ манай улс хөрсний бохирдол өндөртэй. Гудамжинд явж байгаа амьтад маш өндөр өвчлөлтэй. Жишээлбэл, муурын мөөгөнцөр гээд өвчин болон гэдэсний өчнөөн өвчин бий. Түүнчлэн, муур стресстэй байхаар урд нь өвдөж байсан өвчлөл нь дахиад байдаг. Мөн би гудамжнаас муур аваад өсгөлөө гэж бодоход гарал үүсэл, удмыг нь мэдэхгүй. Аав ээжийг нь, зан характер нь ямар гэдгийг нь мэдэхгүй хүмүүжүүлнэ. Мөөгөнцөртэй байсан муур стресстээд өвчлөл нь дахиад, орж ирж байгаа хүмүүст халдах эрсдэлтэй. Хүмүүст үзүүлж, харуулдаг үйлчилгээний байгууллага ажиллуулж байгаа болохоор маш их зүйл бодож нээсэн” гэв.Муур хүнтэй л адилхан эмзэг, сэтгэлийн хөдөлгөөн ихтэйМуур сүргээрээ амьдардаггүй, бие даасан амьтан тул багаас нь авч гэр бүл болгон өсгөжээ. Шинэ муур авсан ч зулзагаар нь орж ирүүлдэг болохоор харилцааны асуудал үүсдэггүй аж. Үргэлжлүүлэн бид муурын бусад амьтдаас ялгарах онцлог, зан аашны тухай ярилцлаа. Тэрээр “Муур тэжээхэд амар амьтан бол биш. Нохойноос илүү эзэн төвтэй амьтан. Эзнээсээ их анхаарал, хайр халамж шаарддаг. Жишээлбэл, өглөө босоод өглөөний мэнд, сайхан амарсан уу, ямар зүүд зүүдэлсэн бэ гэж асуухаар муур баярладаг. Хүүхэн хараа нь томорч, жижгэрдэг. Монголчууд муурын хүүхэн хараа цагийн зүүгээр жижгэрч, томордог гэж яриад байдаг. Үнэндээ тийм биш. Сэтгэл хөдлөлөөр муурын хүүхэн хараа жижиг, том болдог.Муур зүгээр л маш эмзэг амьтан. Сэтгэл хөдлөлийн хувьд хүнтэй яг адилхан сэтгэл хөдлөл гаргадаг. Хүн бас маш эмзэг. Тийм болохоор маш амархан тайвшруулдаг. Муурын нүүрний хувирал хүнтэй адилхан сэтгэл хөдлөл гаргадаг. Гуниглавал гунигладаг. Уурлавал ширүүн харцтай болдог. Баярлавал хүүхэн хараа нь томорч жижгэрдэг. Гомдохоороо үрчийгээд аймар болдог. Муур тийм сэтгэл хөдлөлийг гаргадаг болохоор хүний царайг уншдаг. Эзнийхээ царайг өнөөдөр ямар байгаа юм бол оо. Уйлсан юм болов уу. Гунигласан юм болов уу гэж хараад мэддэг. Тэгээд очоод аргаддаг. Би сэтгэлээр унахыг мэддэггүй. Учир нь би маш олон амьтантай. Хэрвээ намайг сэтгэлээр унавал энэ хэд маань бүгдээрээ дагаад сэтгэлээр уначихна. Тийм болохоор сэтгэлээр унаж болохгүй. Би жаргалтай байх юм бол миний муурууд бүгд жаргалтай байна. Би ууртай байх юм бол бүгд ууртай байна.Иймдээ ч хэцүү зүйл тохиолдон гунигтай кафед ирсэн хүнийг тайтгаруулж, урам, дэм болох нь олон байдаг аж. “Cottan cat cafe” жаргал түгээдэг гэр бүл гэдэг уриатай. Түүнчлэн, муур гэдэг амьтан хүнийг тайвшруулж, стрессийг нь тайлдаг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Хажууд байж, хүржигнэхээр, аз жаргалтай мэдрэмж өгдөг. Мөн энд байгаа муурууд үржлээ хаалгажээ. Шалтгааныг нь лавлан асуухад “Би үржүүлэгт дургүй хүн. Яагаад гэвэл үржүүлээд манай муурын зулзага өөр хүнд очоод, хөөрхий дахиж төрөөд, зулзагатай болоод ямар хүнд очихыг нь мэдэхгүй болохоор би миний амьтан зовчих вий гээд айж, шаналдаг. Тийм болохоор бүх муураа зургаан сартай болгоод үржлийг нь хаасан. Тэгээд насан туршид нь хайрлахыг хичээдэг” гэлээ.

Дэлхий зөвхөн хүмүүст зориулагдаагүй..“Cotton cat cafe”-гаар үйлчлүүлдэг ихэнх хүмүүс эерэг, сайхан хандлагатай байдаг аж. Түүнчлэн, муураас маш их хайр мэдэрч, муурын соёлтой танилцаад гайхах ч хүн олон гэнэ. Гэхдээ дотоод дүрмийг нь ойлгохгүй дургүйцэх, амьтдад нь харгисаар хандаж, элдэвлэх хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.Бумжаа энэ талаар “Би дэлхийн стандартаар кафегаа нээх гэж хичээсэн. Маш олон газраар явж үзээд, стандартын дагуу нээх гэж үзсэн ч Монголчууд жаахан ойлгохгүй байгаа. Яагаад заавал гараа угаах, гутлаа тайлах ёстой юм гээд уурладаг. Муурын кафегаа нээгээд жил гаруйн хугацаанд хамгийн хэцүү байгаа нь тэр байна. Мөн яагаад би муурыг чинь тэвэрч болдоггүй юм бэ гээд байдаг. Дэлхийд байгаа муурын ямар ч кафед очиход нэг ч удаа тэврүүлдэггүй. Тэгээд дүрмээ танилцуулахаар манай Монголчууд бүгд тэврэх хэрэгцээтэй хүмүүс юм билээ. Амьтанд хүрэх хэрэгцээтэй хүмүүс. Одоо ч гэсэн анх ирж байгаа хүмүүс бүгд л ийм хандлагатай байгаа. Муур гэдэг амьтан эмзэг болохоор хүнд тэврүүлэх дургүй. Харин илүүлэх дуртай. Нохой бол өөр. Хүнд тэврүүлэх, ноолуулах дуртай. Муур дархлаа султай, их эмзэг амьтан болохоор орж ирээд өөртэй нь муухай харьцахаар сэтгэлээр унаад, гомдчихдог. Миний хувьд муурын кафегаа нээгээд, мөрөөдөл биелсэн ч гэсэн цаад талыг нь хараагүй юм билээ. Энэ бол маш том хариуцлага. Жишээ нь 30 муур байлаа гэхэд би бүгдийг нь эрүүл байлгах ёстой. Сайн хоолоор хооллох ёстой. Сэтгэл гутралтай, гунигтай байлгаж болохгүй. Үргэлж жаргалтай байлгах хэрэгтэй.Гадаад муурын кафегаар үйлчлүүлж байгаа хүмүүс муурт маш хүндэтгэлтэй ханддаг, унтаж байхад нь ноолдоггүй. Яг тэд нартай адилхан байна гэж бодоод Монголд нээсэн. Гэтэл кафегаа нээгээд эхний гурван сар сэтгэлээр унасан. Тиймээс Монголчууд амьтныг хайрлаж сураасай гэж боддог. Дэлхий бидэнд зөвхөн зориулагдаагүй. Манай дэлхий бүх амьтдад зориулагдсан. Бид ижил тэгш амьдрах ёстой. Ижил тэгш бүгдээрээ хайрлаж сурах ёстой” гэсэн юм.

Бумжаа жил гаруй хугацаанд “Муур гэдэг амьтны талаар маш сайн тайлбарлаж хэлээд, та хэчнээн үнэтэй муур авсан байсан спей, заслага хийлгээрэй. Насаар нь тэр амьтнаа миний хүүхэд гээд хайрлаарай. Муур гэдэг амьтан хамгийн багадаа 10-15 жил амьдарна. Сайн тэжээвэл 20 жил амьдарна. Та амьдралынхаа туршид нэг л удаа амьтан тэжээх болохоор маш хариуцлагатай сонголт хийгээрэй гэж хэлдэг. Сэтгэл хөдлөлөөр битгий амьтан аваарай. Өөрийгөө таньж мэдэж байж өөрт тохирсон амьтнаа аваарай. Муур дотроо ч олон төрөл бий. Түүнийгээ олохын тулд өөрийгөө танин мэдээрэй” хэмээн зөвлөдөг гэнэ.

undefined

Энэхүү кафе нь хүүхдээ зугаацуулах газар биш. Өөрөө зугаацдаг зугаа цэнгэлийн газар биш аж. Амьтнаас хайр мэдэрч, сэтгэлээ бүтэн болгоод гарах ёстой газар. Түүнчлэн, Cottan нохойн, туулайн, элбэнхийн, тэжээвэр амьтадтайгаа хооллодог кафе гээд өргөжин тэлэх аж. Тиймээс нохойн кафены эхлэл болгож зургаан нохой сургаж байгаа гэнэ. Яагаад ийм олон кафе нээж байгаа талаар Бумжаагаас асуухад “Хүн болгоны дуртай амьтан муур, нохой, элбэнх, туулай гээд өөр. Мөн амьтантай оруулдаг газар Монголд байхгүй. Яагаад бид гадагшаа явж нохой, муурын кафе үзэх ёстой гэж. Туулай, муур, нохой, элбэнх гээд сарвуунууд бүгдээрээ хөвөн зөөлөн байгаа биз. Тийм болохоор манайх кафеныхаа нэрийг Cotton гэж нэрлэсэн” гэлээ.Муурын кафед ажилладаг хүн бүр чин сэтгэлээсээ амьтдыг хайрлаж, халамжилдаг учраас амьтдыг нь тэдэнтэй л адилхан бүгдээрээ хайрлаад яваасай гэж хамгийн их хүсдэг ажээ. Иймд амьтдад энэрэнгүй ханддаг, хайрладаг хүмүүс бүр илүү олон болоосой.Байршил: Спортын төв ордны урд талд хаанбанктай байр 4 давхарт. Хойд хаалгаар орно.

Эх сурвалж: itoim.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *