Монголын дугуйчид засмал замын дугуйн ДАШТ-нд уралдаж байна
Засмал замын дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Швейцарын Цюрих хотод эхэллээ. Дэлхийн дугуйн холбооны түүхэн дэх 10 дахь удаагийн засмал замын дугуйн ДАШТ-ийг Цюрих хот дөрөв дэх удаагаа хүлээн авч байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд 75 орны 1000 гаруй дугуйчин өрсөлдөж байна. ДАШТ-ийг 12 төрлөөр зохион байгуулахаас гадна пара дугуйн засмал замын ДАШТ хамт болж буйгаараа онцлогтой. ДАШТ-д олимпын наадмын нэгэн адил эрх авч оролцдог билээ. Сүүлийн хоёр жилд манай улсаас зөвхөн олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц оролцсон бол энэ удаад түүхэндээ хамгийн олон буюу есөн тамирчин, хоёр дасгалжуулагчтай баг Элит, U23, өсвөрийн ангилалд тамирчдаа илгээлээ. Мөн анх удаа холимог багийн уралдаанд оролцож түүхийн шинэ хуудсыг нээх гэж буйгаараа онцлогтой.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 46.1 км-ын гараанд олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр 37 дугаар байрт оров. Цуваа гараатай энэхүү уралдааны шилдэг 40-д Азийн хоёрхон тамирчин багтсаны нэг нь Б.Тэгшбаяр, нөгөөх нь Казахстаны “Астана” багийн Евгений Федоров юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн цуваа гараатай уралдаанд олон улсын хэмжээний мастер Ц.Солонго, спортын мастер Ж.Анужин 63 болон 64 дүгээрт барианд орсон байна. Тэд ДАШТ-ий замд анх удаа уралдсан гэхэд маш сайн үзүүлэлттэй байсныг онцлоё.
10 дахь удаагийн тэмцээний элит гараанд олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Ц.Солонго, спортын мастер Ж.Анужин, Э.Энхмаа, 23 хүртэлх насны ангилалд Д.Алтангэрэл, Т.Тэмүүжин, өсвөрийн хөвгүүдийн ангилалд Э.Хишигсайхан, А.Хүслэн нар дасгалжуулагч Э.Алтан-Очир, Т.Төгөлдөр нарын удирдлагад хурд сорьж байна.