ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

0

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын зөвлөгөөн”-ийг энэ сарын 24-25-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэй “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн нэгжтэй хамтран зохион байгуулснаараа онцлог болж буй юм.

Тус зөвлөгөөн нь төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын чанарыг хадгалах, тогтвортой байдлыг хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэх, сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багш нарыг чадавхжуулах, харилцан туршлага солилцох зорилготой бөгөөд эхний өдөр “Ерөнхий мэргэшил судлал” чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх 15 байгууллага, сургалт эрхлэхийг зорьж буй эрүүл мэндийн зургаан байгууллагын сургалт хариуцсан мэргэжилтэн, эмнэл зүйн сургагч багш, суралцагч эмч нар оролцсон.
Энэ үеэр оролцогсод эмнэл зүйн таамаглал дэвшүүлэх, онош тавих аргачлалд суралцахаас гадна сургалтын чанарыг тогтвортой хадгалж, өргөжүүлэх чиглэлээр ур чадвараа  дээшлүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тэгвэл өнөөдрийн зөвлөгөөнд төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллага болон аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтэн, сургалтын мэргэжилтэн зэрэг 83 байгууллагын нийт 160 орчим хүн оролцлоо.

Зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо, өнөөгийн байдлыг дүгнэж, харилцан туршлага солилцон, тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн.  
Мөн зөвлөгөөний дараа төгсөлтийн дараах сургалтын чанар сайжирч, тогтвортой байдал хангагдан, сургалт эрхлэх байгууллага чадавжих зэрэг чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлж байлаа.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *