Байгаль орчны сайд С.Одонтуяа Баянхонгор аймагт ажиллажээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа энэ сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн салбар газрууддаа ажиллалаа. Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгааалалтын захиргаа, Бөөн-Цагаан орог нуурын сав газрын захиргаа, Сум дундын Ойн ангийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Салбар газруудын албан хаагчдын зүгээс С.Одонтуяа сайдад хандан, ажилчдын нийгмийн хангамж, цалингийн шатлал ахиулах, цалингийн урамшуулал нэмэгдүүлэх асуудлаар санал хүсэлтээ хэлж байлаа. Мөн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, машин, ажлын байрны асуудалд анхаарч шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Тухайлбал, Бөөн-Цагаан орог нуурын сав газрын захиргаанаас Орог нуур дөрвөн жилийн өмнөөс үе үе шал болтлоо ширгэж байгаа асуудалд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай, мөн аймгийн гурван суманд хөв цөөрөм байгуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Харин Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Салбарын сайд, аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээг боловсруулахад анхаарч хэрэгжилтэд хяналт тавихад анхаарч өгөхийг хүслээ.