БНХАУ-ТАЙ ХИЛ ДАМНАСАН ЦАХИМ ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
✅Дэлхийн Шуудан Холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форум манай улсад 2024.09.25, 26-ны өдрүүдэд үргэлжилж байна. Форумын хүрээнд БНХАУ-ын “Төрийн шуудангийн товчоо”, “Монгол Шуудан” ХК хооронд хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулсан.
✅Форумын үеэр ЦХИХХ-ны сайдын зөвлөх Ц.Жадамбаа болон яамны холбогдох албаны төлөөлөл БНХАУ-ын “Төрийн шуудангийн товчоо”-ны орлогч дарга ноён Лю Жүн, тус товчооны Гадаад харилцааны газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх ноён Ху Чансонг, Бодлого, хууль эрх зүйн газрын орлогч дарга хатагтай Сюй Хуаронг, ӨМӨЗО-ны Шуудангийн ерөнхий газрын дарга ноён Ван Ин нартай уулзлаа.
📌Уулзалтаар ЦХИХХ-ны сайдын зөвлөх Ц.Жадамбаа: Монгол Улс, БНХАУ-ын хооронд цахим худалдаа өргөжиж, хил дамнасан цахим худалдааны илгээмж сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор хил дамнасан цахим худалдааны шуудан, илгээмжийг Эрээн боомтоор дамжуулан шуудангийн албан ёсны сүлжээгээр нэвтрүүлэх, Монгол Улсаас БНХАУ руу экспортолж буй шуудан, илгээмжийг газраар экспортлох боломжийг нээх, шуудангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий бусад шуудангийн компаниуд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.