Хэний хүү гудамжинд “гарын шүүс” болж яваа юм билээ,”хүчирхийлэл”-ийг тэвчихээ больё!
Зарим хүний уур омог дийлдэхээ байж, бухимдлаа хэнд ч хамаагүй гаргадаг болжээ. Хотын дарга нь дугуй уна, алх гээд байдаг. Машинтай нэгэн нь явган хүний гарцан дээр дайрч алчих гээд байдаг. Барилгатай нэгэн нь барилгынхаа үүдэнд оршуулчих гээд байдаг. Туйлын “хүн чанаргүй, хүнлэг сэтгэлгүй” харанхуй омогтнуудын дунд амьдарч байна. Аархуу нь дэндсэн гэх үү. Зарим нь бүр хүний хүүхдийг алгадаж хашхичиж, ухаан алдтал нь цохин унагааж байж сая нэг тайлагддаг стресстэй болжээ.
Хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл G центрийн захирал бөгөөд Тод манлай уяач Т.Галбадрах, Lexus 600 машин унасан эмэгтэй хоёрт ер хамаагүй бололтой. Сануулъя л даа, энэ сарын 20-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт Тээврийн цагдаагийн албаны баруун талын авто зам дээр цахилгаан дугуйтай явж байсан иргэнийг Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрах ухаан алдаж унатал нь цохиж буй камерын бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрбээр өөрийгөө өмөөрч “стресттэй байсан” гэх тайлбарыг гэр бүлд нь өгсөн байгаа юм. “Зүгээр үү” гээд татаж үзэх нь байтугай ухаан алдсан хүнийг орхиод орж байгаа нь дүрс бичлэгээс харагдана. Хүн үхчихвэл хаяад л явах нь ээ. Өнөөдөр хүчирхийлэлд өртөж байгаагийн “хохь болох” нийгэм үү?
Энэ хэргийг гомдлын дагуу СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл бий. Шалгаж байна л гэдэг үр дүн юу болсныг бурхан ч мэдэхгүй хоцордог
Хүн алчихгүйхэн шиг “зодож болно” гэсэн хууль хаана ч байхгүй
LEXUS 600 машины жолоочийн тухайд цахим орчинд түгээд буй дүрс бичлэгт “П… вэ чи, Би чамайг харахгүй байна, уучлаарай гэчихлээ. Машин цохидог чи хэн бэ. Би чамайг харсан бол замыг чинь тавиад өгнө” гэх мэтээр хүү рүү орилж, цохиж, алгадаж байгаа нь харагдана. Тухайн эмэгтэйг “зүгээр л 100-хан мянган төгрөг”-өөр торгоод гаргасан байна. Монголд хохироогчийг хамгаалах систем ингэж үйлчилдэг. Замаа харж явах нь жолоочийн үүрэг, гарцан дээр зогсож өгөх нь жолоочийн үүрэг. Зам тавьж өгөхгүй, хүн дайрах шахсаны төлөө машиныг өшиглөх ч багадна. Хүний эд хөрөнгөд халдсан болохоор бууж очоод алгадсан гэнэ, хүний амь насанд халдах шахсан үйлдлийнх нь төлөө яаж болох вэ?
Энэ мэт хэргүүдийг торгуульханаар шийддэг болохоор хэн дуртай нь таны хүүхдэд гар хүрч болж байгаа юм. Ийм болохоор л хүчирхийллийг хүмүүс илчилдэггүй юм. Хэн ч хэний ч биед дураараа хүрэх эрхгүй.
Монгол Улсад яавал хүнд зодуулахгүй, яавал бүрэн бүтэн гэртээ харих вэ? Хуулийг мөнгөөр зөрчиж болдог болохоор л эд даварч байгаа юм. Энэ хэргүүд хүчирхийлэл биш үү?
Сануулахад баячуудын гэлтгүй хүмүүсийн галзуурал хэрээс хэтэрсэн. “Машинаараа хүн элддэг” Б.Чинбатын хэрэг хэрэгсэхгүй болж буй юм билээ.