ЗӨВЛӨМЖ: Хүүхдийн гэдэс дүүрэлтийг хэрхэн арилгах вэ
Нярай хүүхдийн хувьд гэдэс дүүрэх, гэдэс дүүрэлтээсээ болж орой бүр уйлах нь түгээмэл тохиолддог зовууриудын нэг. Энэ үед аав, ээжүүд маань ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй сандрах нь их байдаг. Тэгвэл та бүхэндээ нярайн гэдэс дүүрэлтийг хэрхэн арилгах талаар зөвлөмж хүргэж байна.
Гэдэс дүүрэх үндсэн шалтгаан нь гэдэсний хөгжил бүрэн гүйцээгүй, сүү боловсруулах ашигтай бактерүүд болон хоол боловсруулах ферментүүд хангалтгүй байдагтай холбоотой.
Мөн хүүхдээ буруу тэвэрч хөхүүлэх буюу буруу байрлалд хөхүүлэх явцад хүүхэд агаар сорж залгих ба энэ нь хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл та хүүхдээ хөхүүлсний дараа босоо байрлалд хэхэртэл нь тэвэрч, илүүдэл хийг гадагшлуулах хэрэгтэй.
Нярайн гэдэс дүүрэлтийн үед дараах арга хэмжээг авна. Тодруулбал,
- Зөв байрлалаар хөхүүлэх
- Хөхүүлэхийн өмнө гэдсэнд иллэг хийх, хөлийг өвдөг түнхний үеэр гэдэс рүү шахах дасгал хийж өгөх
- Хөхүүлсний дараа хүүхдээ босоогоор тэвэрч, нурууг зөөлөн илж өгөөд хүүхдээ хэхрүүлэх
- Эмчийн заавраар гэдэс дүүрэлтийг намдаах эм бэлдмэл уулгах
Тэгвэл хүүхдэд иллэг хийх нь ямар ач тустай вэ,
- Хоол тэжээлийг нь сайн шингээж, өсөлт хөгжлийг нь түргэсгэнэ
- Цусан хангамж, амьсгалын багтаамжийг хөгжүүлнэ, гэдсэнд дүүрсэн хийг тараана
- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ
- Сайхан ааштай байлгаж, амархан тайвширдаг болно. Амар тайван унтахад нь нөлөөлнө
- Гэр бүл, хүүхэд хоорондын харилцан бие биеэ танихад тус дэм болдог
- Оюун ухаан бие бялдрын хөгжил сайжирна
- Бусадтай амархан зохицон нийгэмшинэ
- Хоолны шингэц сайжирна
Дүүрэлтийг багасгах иллэгийг хэрхэн хийх вэ,
- Гараа халаагаад цагийн зүүний дагуу хүүхдийн хүйсийг тойруулж аажмаар зөөлөн илээрэй
- Эрхий хуруугаа хүүхдийн хэвлий хэсэгт байрлуулж гадагш зөөлөн илнэ.
- Баруун доод хэсгээс дээш, дараа нь хавирганы нуман доогуур хөндлөн, тэгээд зүүн талаас доош чигэсэн зөөлөн иллэг хийнэ.