Д.Дагвадорж: Дэлхийн дулаарал Монгол оронд 2-3 дахин хурдтай явагдаж, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөө ихэсч байна

0

Дэлхийн дулаарал манай орны цаг агаар, нийгмийн байдалд хэрхэн нөлөөлж буй талаар “Уур амьсгалын өөрчлөлт-Хөгжил” академийн тэргүүн, доктор Д.Дагвадоржтой ярилцлаа.-Сүүлийн жилүүдэд дулаарал, уур амьсгалын өөрчлөлт дэлхий даяар эрчимтэй явагдаж байгаа талаар мэдээлэх болсон. Уур амьсгалын өөрчлөлт гэж юу болох талаар Та манай уншигчдад тайлбарлаж өгөөч?-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хэдэн зуун мянган жилийн турш байнга өөрчлөгдөж ирсэн. Өмнөх өөрчлөлтүүд голдуу байгалийн хүчин зүйлээр өөрчлөгдөж, хэлбэлзэж байсан. Зарим үед маш халуун, зарим үед мөстлөг урагшаа түрээд дэлхий нийтээр маш хүйтэн болж байсан үе ч байдаг. 1800-аад оны сүүл үеэс дэлхийн улс орнуудад аж үйлдвэрийн хувьсгал эрчимжиж, үйлдвэрлэлийн улмаас агаар мандалд ялгаруулж буй хий улам бүр нэмэгдэж, дэлхийн агаарын бүтцийг нэлээд өөрчилж эхэлсэн. Энэ үеэс эхлээд дэлхий даяар уур амьсгал эрчимтэй өөрчлөгдөж эхэлсэн. Энэ нь байгалийн хүчин зүйлийн нөлөөн дээр  нэмээд хүний үйл ажиллагаанаас болоод дэлхийн уур амьсгал илүү их өөрчлөгдөхөд нөлөө үзүүлсэн гэж эрдэмтэд дүгнэсэн байдаг. 1980-аад оны сүүлээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хамгаалахтай холбогдолтой олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг хийж эхэлсэн. Мөн энэ талаар шинжлэх ухааны судалгааг үнэлж, нэгтгэдэг, Засгийн газар хоорондын мэргэжилтний хороог байгуулсан байдаг. Эдгээр байгууллагын дүгнэлтээр Дэлхийн уур амьсгал хүний үйл ажиллагааны нөлөөгөөр улам бүр эрчимжиж байна. Энэ нь голдуу хүний буруутай үйл ажиллагаа, агаар мандалд ихээр ялгаруулж буй хүлэмжийн хийтэй холбоотой байна гэдгийг шинжлэх ухааны үнэлэлт, дүгнэлтээр баталсан байдаг. Агаар мандалд байгаа нүүрстөрөгчийн төрлийн хий ихсэхийн хэрээр дэлхийн дулаарлыг нэмэгдэж байдаг.-Сүүийн үеийн судалгаа мэдээллээс харахад, дэлхийн дулаарал хэр эрчимтэй явагдаж байна вэ?-Агаар мандалд хуримтлагдаж байгаа хийнүүд гэнэт гараад ирсэн зүйл биш. Өмнө нь ч байсан. Тэдгээр хий агаар мандалд байсны ач тусаар дэлхий дээр хүн амьдрахуйц дулаан байх нөхцөл бүрдсэн. Тийм учраас агаар мандалд байгаа хийнүүдийг бүгд хортой, байж болохгүй хий гэж үзэж болохгүй. Дэлхийн дундаж агаарын температур 15 градус байдаг. Ийм хэмжээний дулаантай байхад дэлхийд амьд организм оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж байсан байгаа юм. Гэтэл тэдгээр хийнүүдийн хэмжээ нэмэгдэх тусам дэлхийн дундаж агаарын температур улам бүр нэмэгдсээр байна. Дэлхийн агаар мандал хоёр үндсэн хийнээс бүрддэг. Азотын хий 70, хүчилтөрөгч 21 орчим хувийг нь бүрдүүлдэг. Ер нь нийтдээ 99 орчим хувь нь энэ хоёр хийнээс бүрддэг. Эдгээр хийнүүд багахан хэмжээгээр нэмэгдэхэд дэлхийн дулаарал маш эрчимтэй нэмэгддэг. Гэтэл нүүрстөрөгч агуулагч хийнүүд дэлхийн агаар мандлын нэг хүрэхгүй хувийг эзэлдэг.Судлаачид 1880-аад оны сүүлчээс эхлэн дэлхийн цаг агаарт байнгын ажиглалт хийж эхэлсэн. Цаг уурын мэдээнд дүн шинжилгээ хийгээд үзэхэд, өнөөдрийг хүртэлх хугацаанд дэлхийн дундаж агаарын температур 1.1 градусаар дулаарсан гэсэн судалгаа гарсан байдаг. Энэ бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдөж, шинжлэх ухааны үндэслэлээр батлагдсан. 1992 оны үед дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хамгаалахад чиглэсэн НҮБ-ын уур амьсгалын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц батлагдсан. Тухайн конвенцод дэлхийн бараг бүх улс орнууд бүгд нэгдсэн, том конвенц. Тухайн конвенцыг хэрэгжүүлэхтэй холбоотой олон улсын бусад гэрээ хэлэлцээрүүд байгуулагдаад, амжилттай хэрэгжиж байгаа. Тэдгээрийн нэг нь Киотогийн протокол. 1997 оны үед батлагдсан. Киотогийн протокол бол өндөр хөгжилтэй орнууд агаар мандалд ялгаруулж буй хүлэмжийн хэмжээгээ бууруулахад чиглэсэн, үүрэг хүлээсэн протокол байсан юм. Анх өндөр хөгжилтэй 30 гаруй орныг л хамруулаад байсан. Дараа нь 30 гаруйхан орон арга хэмжээ аваад дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг хамгаалж чадахгүй байгаа учраас дэлхийн бүх улс орнууд бүгд хариуцлага хүлээхийн тулд Парисын хэлэлцээрийг 2015 онд баталсан. Парисын хэлэлцээрт дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэлхийн бүх улс орнууд хувь нэмэр оруулах ёстой. Тэр хүрээнд агаарын мандалд ялгаруулж буй хүлэмжийн хэмжээгээ үе шаттайгаар бууруулах хэрэгтэй. Үүний үр дүнд дэлхийн дулаарлыг хоёр градус, болж өгвөл 1.5 градусаас хэтрүүлэхгүй барих ёстой гэж  байдаг юм.

Уур амьсгалын өөрчлөлт бол нэг улсын хязгаараар тодорхойлогдохгүй. Хил хязгааргүй, байгалийн процесс. Тийм учраас дэлхийн уур амьсгал өөрчлөгдөхөд Монголын уур амьсгал тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж л таарна. Тэр тусмаа Монгол орон дэлхийн хойд хагасын дундаж, нэлээд өндөр өргөрөгт, далай тэнгисээс зайдуу, эх газрын эрс тэс уур амьсгалтай бүсэд оршдог.  Өвөлдөө их хүйтэн, зуны улирал богино хэдий ч их хэмжээгээр халдаг, хэр тунадас нэлээд багатай бүс нутагт хамаардаг. Газар зүйн байрлалаас хамаараад Монгол орны уур амьсгал дэлхийн дунджаас 2-3 дахин илүү хүчтэй дулаарч байгаа.-Монголд уур амьсгалын өөрчлөлт хэр хурдтай явагдаж байгаа вэ. Энэ тухай эрдэмтдийн хийсэн бодитой судалгаа байдаг уу?-Монгол Улсад 1940-өөд оны үеэс системтэй, байнгын цаг уурын ажиглалт хийж эхэлсэн. Энэ үеэс хойш үндсэндээ 80 гаруй жилийн цаг уурын мэдээлэл хуримтлагдсан. Энэ 80 гаруй жилийн мэдээллийг нэгтгээд үзэхэд, Монголд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд дунджаар 2.4 градусаар дулаарсан. Би түрүүн хэлсэнчлэн дэлхийн дундаж агаарын температур сүүлийн 100 орчим жилд 1.1 градусаар дулаарсан бол Монгол орны уур амьсгал сүүлийн 80 гаруйхан жилийн хугацаанд 2.4 градусаар дулаарсан гэсэн үг. Энэ нь дэлхийн дунджаас 2 дахин илүү хүчтэй дулаарч байгааг илтгэнэ. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр Монгол орон газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог нөхцөлөөс хамаараад дулаарал маш хүчтэй явагдаж байна. Өөрөөр хэлбэл, Дэлхийн дулаарал хамгийн их хүчтэй явагдаж буй газар зүйн бүсэд оршдог. Ер нь Сибирийн урд хэсэг, дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын өндөр өргөрөгт үндсэндээ нэлээд хүчтэй дулаарч байгаа гэсэн үг. Энэ нь ганцхан Монгол ч биш, монголын эргэн тойронд буй бүс нутгуудад дулааралт хүчтэй ажиглагдаж байгаа.-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт манай орны цаг агаарт ямар нөлөө үзүүлж байгаа вэ?-Уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн дулааны горим хэлбэлзэх, дулаарах тухай л асуудал биш. Үүнээс хамаараад уур амьсгалын өөрчлөлтийн бүх үзүүлэлтүүд өөрчлөгдөж байгаа юм. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хур тунадасны хэмжээ нэмэгдэж байна. Манай орны хувьд ч нэг жилд ордог хур тунадасны хэмжээ үл ялиг нэмэгдэх хандлагатай байгаа. Гэхдээ улирлаар нь авч үзвэл ихээхэн ялгаатай. Дулааны улиралд ордог хур тунадасны хэмжээ буурах хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл нийт нутаг хуурайшилтад өртөж байна. Харин өвлийн саруудад орох хур тунадас буюу цасны хэмжээ нэлээд их нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь манай оронд таагүй цаг агаарын нөхцөлийг бүрдүүлнэ. Зун дулаараад, их халуун болоод байхад хур тунадас, чийгийн хэмжээ багасвал  ган болох магадлал улам их нэмэгдэнэ гэсэн үг. Өвөл нь их хүйтрээд, цас их орвол зуд болох эрсдэл нэмэгдэнэ. Тэгэхээр гамшигт үзэгдлийн эрсдэл нэмэгдэх, учруулах хохирлын хэмжээ ихсэх боломж бүрдэж байна л гэсэн үг. Судалгаанаас харахад агаар мандал дахь дулааны горим, хур, чийгийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулаад Монгол Улсад тохиолддог байгалийн гамшигт үзэгдэл буюу салхи, шуурга, үер ус зэрэг үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдсэн. Хохирлын хэмжээ ч мөн адил нэмэгдэж байгаа. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бол зөвхөн цаг агаар дулаарах тухай асуудал биш, уур амьсгалын бүх тогтолцоо өөрчлөгдөж, түүнээс болоод Монголд ажиглагдаж байгаа байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрчим улам бүр нэмэгдэж байна. Мөн энэ үзэгдэл маш ойр ойрхон ажиглагддаг боллоо. Эрчим гэдэг нь богино хугацаанд их хэмжээний аадар бороо орох, уруйн үер болохыг хэлдэг.-Монгол Улс өнгөрсөн жилүүдэд уул уурхай зэрэг салбаруудад анхаарсан боловч байгаль орчин, экологийн асуудлыг бага анхаарч иржээ гэж харахаар байна. Та энэ салбарын хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?-Уур амьсгалын өөрчлөлт бол өргөн хүрээг хамарсан асуудал. Зөвхөн байгаль, цаг уурын үзэгдлийн тухай бус, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд зайлшгүй нөлөөлөх асуудал гарцаагүй мөн. Жишээ нь, хур бороо ороод, дулаахан таатай байх юм бол ургамал ногоо ургаж, бэлчээр сайн байна. Үүнийгээ дагаад малын тарга, тэвээрэг сайн орж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Гэтэл сөрөг таагүй нөлөөлөл нь давамгайлах юм бол эдийн засагт хохирол учирна. Зөвхөн өнгөрсөн өвлийн зуднаар л олон сая мал хорогдсон. Тэр хэмжээгээр улс орны эдийн засагт хохирол учирч л байгаа. Энэ нь эргээд зөвхөн бэлчээрийн мал аж ахуйгаар тогтохгүй эдийн засгийн бус салбаруудад ч нөлөө үзүүлдэг. Өөр нэг нь газар тариалангийн салбар. Мөн дэд бүтцийн салбарууд байна. Уур амьсгал дулаараад, хөрсний дулааны горим өөрчлөгдөөд эхэлбэл инженерийн барилга байгууламж, барилга байшинд үзүүлэх нөлөөлөл ч нэмэгдэнэ. Тийм учраас хүссэн, хүсээгүй дэлхий нийтээр уур амьсгалыг хамгаалахтай холбогдолтой арга хэмжээнүүдэд Монгол Улс зайлшгүй оролцож, арга хэмжээ авах хэрэгтэй байна. Гэхдээ энэ арга хэмжээ бол зөвхөн дэлхий нийтийн уур амьсгалыг хамгаалж, олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэхээс гадна Монгол орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, улмаар нийгмийн асуудалд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийг багасгахад чиглэх ёстой. Нийгмийн асуудал гэдэгт иргэдийн амьжиргаа, эрүүл мэндтэй асуудлууд орно. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас янз бүрийн өвчин, тахал дэгдэх эрсдэл ч бий болоод байна. Монголд бүртгэгдэж байгаагүй, халуун уур амьсгалтай газруудад бүртгэгддэг байсан халдварт өвчнүүд сүүлийн үед Монголд бүртгэгдэх, тархах нөхцөл бүрдэж байна. Эхний тохиолдлууд бүртгэгдсэн талаар манай эрүүл мэндийн чиглэлийн байгууллагууд, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар батлагдсан.Амьжиргаа гэдэг нь мэдээж хэрэг эдийн засаг, байгалийн хүчин зүйлээс хамаараад иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлнө. Жишээ татахад, өнгөрсөн өвлийн зуд болоход малчид амьжиргааныхаа гол үүсвэрийг алддаг. Нөгөө талаар малчид зуднаар малаа алдаж, хот суурин газар руу шилжих зэрэг үр дагаврууд нэмэгдэж байгаа гэж ойлгож болно.-Хэрэв цаашид цаг агаарын байдал энэ хэвээр өөрчлөгдөж, дулаарал эрчимтэй нэмэгдсээр байвал байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх бол?-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зарим талаар эерэг таатай нөлөөлөл авчирдаг хэдий ч сөрөг нөлөөлөл нь  түүнээс илүү давамгайлахаар байна. Энэ нь эдийн засаг, нийгэм, байгаль орчинд хүчтэй нөлөө үзүүлнэ. Тодотгоод хэлэхэд, дэлхийн уур амьсгалын нөлөөгөөр байгалийн суурь нөөц, хүчин зүйл доройтож байна. Жишээ нь ус, гол мөрөн. Манай орон гадаргын  урсцаар баян улс биш. Ил урсдаг гол горхи, булаг шанд, нуур цөөрөм уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр багасаж, хуурайших, хатах, ширгэх процесс маш хүчтэй явагдаж байгаа. Судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд олон горхи ширгэсэн, зарим нуур ширгэж, байхгүй болсон. Нөгөө талаар хөрсний чийгийн хэмжээ болон усны түвшин багасаж, түүнийг дагаад худаг, усны хангамж буурч байна.Нэгд, усны хангамж, усны горим өөрчлөгдөж байна. Хоёрт, ургамлын бүрхэвч, бэлчээр муудаж байна. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн бүс ихээхэн өөрчлөлтөд орж байгаа. Жишээлбэл, ногоон ургамал харагдаж байгаа ч яг мал, амьтанд идэнгэтэй, шим тэжээлтэй ургамал цөөрөөд, шарилж мэтийн шим тэжээлгүй, хөл газрын ургамал их ургадаг болсон. Мөн хөрсний үржил шим буурснаас цөлжилт нэмэгдсэн. Ойн ургалт ч мөн адил уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр өөрчлөгдөх, ургалт багасах, хатаж ширгэж байна. Хамгийн анхаарал татах асуудал нь ойн хортон шавж  ихээр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Энэ бүхнээс харахад, уур амьсгалын өөрчлөлтөөс болоод байгалийн унаган төрх алдагдаж байна. Байгалийн суурь нөөц, горим алдагдаж байна. Энэ нь эдийн засгийн салбарууд, цаашлаад улс орны нийгмийн асуудлуудад нөлөөж байгаа юм. Тийм учраас уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бол эдийн засаг, нийгэм зэрэг олон суурийг хамарсан, цаашлаад Монгол орны тогтвортой хөгжлийн асуудлыг хөндсөн том асуудал болж байгаа юм. Тийм учраас энэ чиглэлд улсын хэмжээнд судалгаа хийх, өргөжүүлэх мөн нөгөө талаар эдийн засгийн бодлогын суурь үндэслэлүүдийг боловсруулах нь зүйтэй. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн хэрхэн бууруулах, яаж дасан зохицож амьдрах талаар үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөр гаргах хэрэгтэй. Нэг авууштай зүйл нь энэ онд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг боловсруулж, баталсан. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөнд уур амьсгалын өөрчлөлт аль салбарт ямар нөлөө үзүүлж байгаа, түүнийг хэрхэн даван туулах, сөрөг нөлөөллийг яаж бууруулах боломжтой,  манай орны эдийн засаг, нийгмийн салбаруудыг уур амьсгалын өөрчлөлтөд зохицуулж яаж хөгжүүлэх талаар асуудал тусгагдсан байдаг.-Агаар мандалд ялгарч буй хүлэмжийн хийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой вэ. Эсвэл бид дасан зохицож амьдрах ёстой юу?-Хоёр асуудалтай нүүр тулна. Эхнийх нь дэлхийн дулаарлыг яаж сааруулах, зогсоох, дараагийнх нь  нэгэнт өөрчлөгдөж байгаа уур амьсгалтай хэрхэн дасан зохицож амьдрах талаар. Эхний асуудал болох дэлхийн ур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд улс орнууд ногоон технологи ашиглах, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах, үүний үндсэн дээр агаар мандалд ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээг багасгахад чиглэсэн арга хэмжээ авах асуудал яригдаж эхэлнэ. Малтмал түлш буюу нүүрс, нефть, хий, нефтийн бүтээгдэхүүнийг шатааснаар агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгардаг.Манай орны онцлог нь мал  ихтэй шүү дээ. 70 сая гаруй малтай. Мал агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг. Ялангуяа хивдэг мал. Хивэх, хоол боловсруулах явцдаа агаар мандалд их хэмжээний хий ялгаруулдаг. Эрчим хүчний салбараас ялгарч байгаа нүүрс шатаахтай холбоотой хүлэмжийн хийнээс гадна мал аж ахуйн салбараас ялгарч байгаа хүлэмжийн хийг бууруулах шаардлагатай байна. Өөр эх үүсвэр бол манай үйлдвэрүүдийн хүнд үйлдвэрүүдийн салбарууд байдаг. Металл боловсруулах, уул уурхайн үйлдвэрлэл. Мөн хог хаягдал ч хамаарна. Хог хаягдал ялзралынхаа явцад их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг. Агаарт гарчихсан хүлэмжийн хий, ялангуяа нүүрстөрөгчийн хий байгальд тодорхой хэмжээгээр шингэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл ногоон байгууламж, хөрс, хөрсөн гадарга хүлэмжийн хийг өөртөө шингээдэг юм. Гэтэл манай оронд бэлчээрийн доройтол, цөлжилт нэмэгдсэнээр хүлэмжийн хийг шингээх боломжгүй болж байна гэсэн үг. Ой доройтох, хорхой шавжид идэгдэхэд л ой, хөрсөнд шингэх шингэх ёстой хий агаар мандалд гарч байгаа гэсэн үг.Манай улс Дэлхийн  уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмрийн баримт бичгийг гаргасан байдаг. Тэр баримт бичигт дурдсанаар агаар мандалд ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээг Монгол Улс 2030 он гэхэд 2.7 хувиар бууруулна гэж заасан байдаг юм. Түүнийгээ хэрэгжүүлэх үүрэгтэй, бас шаардлагатай.  22.7 хувь бол дэлхий нийтийн хэмжээтэй харьцуулахад бага. Монгол Улс нэг жилд 40-50 сая орчим тонн хүлэмжийн хийг ялгаруулдаг. Хүлэмжийн хий дотроо хэд хэдэн төрөл байдаг. Хамгийн гол хүлэмжийн хий бол нүүрсхүчлийн хий буюу CO2 дангаараа 70 хувийг эзэлдэг. Бусад нь метан хий, азотын давхар исэл зэрэг бусад төрлийн хийнүүд байдаг. Тэдгээр хийг ялгаруулж байгаа эх үүсвэрийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.  Асуудлыг шийдэхийн тулд мэдээж техник, технологи, хөрөнгө мөнгө шаардлагатай болно. Үүнийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, техник технологийг хангах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой зайлшгүй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар ямар ийм арга хэмжээ авах ёстой гээд яриад л байдаг. Гэтэл урт болон дунд хугацааны бодлоготой уялдахгүй бол энэ асуудал хэрэгжихгүй шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлтийг улс орны хөгжлийн урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого хөтөлбөрт зайлшгүй тусгах шаардлагатай. Хүлэмжийн хий ялгаруулж буй эрчим хүч, уул уурхай зэрэг салбарын хөгжлийн бодлогод суулгах шаардлага үүсээд байна.-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *