Халамжийн бодлогоо өөрчилж, хүүхэд бүрд 100 мянган төгрөг өгөхгүй
Манай улс сар бүхэн хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгодог бөгөөд жилд 1.6 их наяд төгрөг зарцуулдаг байна. Тиймээс цаашдаа хүүхэд бүрд өгдөг 100 мянган төгрөгийг өгөх журмаа эргэн харна гэдгийг салбарын сайд мэдэгдлээ. Үүний хүрээнд Халамжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа аж.Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Хүүхдийн мөнгийг халамжийн зардалд оруулдаг. Төсвийн халамжийн зардал 2.2 их наяд. Үүний 1.6 их наяд нь хүүхдийн мөнгө байна. Хүүхдийн мөнгө, одонтой ээж, цалинтай ээж, насны хишиг гэх мэт халамжийн бус нийгмийн хамгааллын зохицуулалтыг Халамжийн хуулиар зохицуулж ирсэн нь халамж хавтгайрсан гэж яриад байдаг. Тиймээс цаашдаа аль нь халамж, аль нь нийгмийн хамгааллын бодлого вэ гэдгийг салгаж, тогтолцооны шинэчлэл хийнэ. Манай халамжийн 100 төгрөг тутмын 30 төгрөг нь л зорилтот бүлэгтээ очиж байна. Үндсэндээ 70 төгрөг нь зорилтот бус өндөр орлоготой айл өрхөд очиж байна. Ж.Оджаргалын эхнэр цалинтай ээж авах, Ц.Баатарсайханы ач хүүхдийн мөнгө авах ёстой юу гэдэг асуудалтай л тулгараад байна гэсэн үг. Дэлхийн банк ч манай улсын халамж зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна гэдэг зөвлөмж өгөөд байгаа. Тиймээс бид цаашдаа халамжийн тогтолцоогоо эргэж харна.Түүнчлэн хөдөлмөрийн насны хүмүүст хүнсний талон өгөхгүй байх шинэчлэлийг хийх аж. Манай улсад 100 мянган иргэн хүнсний талон авдаг байна. Тиймээс хөдөлмөрийн чадвартай хүмүүст хүнсний талон өгөхгүй байх шинэчлэлийг хуульд оруулах аж.