Хуулийн тайлбар: Мөрийтэй тоглоомын тусгай зөвшөөрлийг тэрбумын хөрөнгөтэй хүнд олгоно
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай нар “Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай” хуулийн төсөл болон “Бооцоот морин уралдааны тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боловсруулж буй.
Эл хуулийн төсөл нь олон нийтэд шүүмжлэл дагуулаад байсан “Казиногийн хуулийн төсөл”-ийн нэрийг өөрчилж, зарим заалтыг нь шинэчилсэн хуулийн төсөл.
Өөрөөр хэлбэл 2022 онд өргөн баригдсан “Казиногийн тухай хуулийн төсөл”-ийн “Казино” гэх нэршлийг монголчилж зөөлрүүлэн “Бооцоот таавар, хонжворт сугалаа”-ны тухай хууль хэмээн нэрлэж, төслийн зарим заалтыг шинэчлэн оруулж ирсэн гэсэн үг.
Учир нь “Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай” хуулийн төсөл, мөн “Бооцоот морин уралдааны тухай” хуулийн төсөл, “Казиногийн тухай хуулийн төслүүд нь нэг санаачилга дор анх Хөшигтийн хөндийн чөлөөт бүсэд байгуулагдана гэж өргөн баригдсан. Эндээс харахад “Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай” хуулийн төсөлийг, “Бооцоот морин уралдааны тухай” хуулийн төсөлтэй мөн нэг санаачилга дор оруулж ирж байгаа нь дээрх хуулийг “Казиногийн хууль” гэж шууд нэрлэхээс татгалзаж, “Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай” хууль хэмээн нэрлэсэн гэж харж болохоор байна.
Дээрх хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна.
-Бооцоот тоглоомын үйл ажиллагааг зохион байгуулах байршлыг тодорхой заагаагүй-
Үүнээс шинэчилсэн зарим заалт гэх хэсгийг тодруулбал, Казиног барих байршлуудыг өмнөх “Казиногийн тухай хууль”-ийн төсөлд тодорхой заасан байсан бол “Бооцоот морин уралдааны тухай” хуулийн төсөлд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулах байршлыг заагаагүй. Зөвхөн бооцоот тоглоомын үйл ажиллагааг сургууль, цэцэрлэгийн орчинд явуулахгүй гэж заажээ.
Мөн казиногийн үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан хөрөнгө оруулалт нь 300 сая америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч өөрийн хувьцааны 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлнэ гэх өмнөх хуулийн төсөлд тусгасан заалтыг дээрх хуулийн төсөлд оруулаагүй байна.
“Бооцоот таавар, хонжворт сугалааг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч зохионо: Энэ хуульд заасан бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалаа гэх агуулгууд нь зөвхөн мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд хамаарах бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч тоглоомыг зохион байгуулна. Харин үнэ төлбөргүйгээр сугалааны эрх олгож хонжворт сугалаа зохион байгуулах, азтан шалгаруулж хонжвор олгох ажиллагаа нь энэ хуулийн зохицуулалтад хамаарахгүй.
Мөн хуульд зааснаар мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд цахим орчинд мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд тухайн цахим хуудсанд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандахыг хязгаарлах аж.
Тусгай зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өгнө: Бооцоот таавар болон Хонжворт сугалаа зохион байгуулах тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно. Ингэхдээ мөрийтэй тоглоом зохион байгуулах эрхийг Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдэд 10 жилийн хугацаагаар олгоно.
Эзэмшигч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зөрчил гаргаагүй бол эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийг олгосон хугацаагаар сунгана.
Хэдэн төгрөгийн хөрөнгөтэй этгээд мөрийтэй тоглоом зохион байгуулж болох вэ: Бооцоот таавар зохион байгуулагч нь нэг тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй байна. Харин хонжворт сугалаа зохион байгуулагч нь 500 сая төгрөгөөс доошгүй хэмжээний өөрийн хөрөнгөтэй байхаар тусгажээ.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч тоглогчийн эд хөрөнгөний баримт бичгийг барьцаалахгүй, зээлээр тоглуулахгүй гэж заажээ: Эзэмшигч анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа өөрийн хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжих үүрэгтэй. Мөн бооцоот таавар, хонжворт сугалааг зохион байгуулахдаа зээлээр оролцуулахгүй байх, оролцогчийн хөрөнгө, бичиг баримтыг барьцаалж тоглуулахгүй байх. Жил бүр хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн аудит хийлгэх заалтуудыг дээрх хуульд оруулж өгчээ.
Мөрийтэй тоглоомын хянах, хариуцах зөвлөл байгуулж, даргыг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд томилно: Дээрх хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг нь хангуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байгууллага буюу зөвлөл байгуулах юм байна. Зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн гишүүнийг Засгийн газрын гишүүдийн тус тус санал болгосноор Засгийн газар дөрвөн жилийн хугацаагаар томилох аж. Харин зөвлөлийн даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар дөрвөн жилийн хугацаагаар томилж, зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална. Тус зөвлөлийн гишүүн нь сүүлийн хоёр жил улс төрийн албан тушаал эрхлээгүй. Хууль болон санхүүгийн өндөр мэдлэгтэй хүн байна гэж тусгажээ.
Мөн энэ хуулийг 2025 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ. Хуулийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.