Л.Мөнхбаатар: МАН, намын бүлэгт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаагүй

0

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатартай ярилцлаа.-2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-д та хамгийн олон гишүүнтэй, эрх баригч намын бүлгийг удирдан ажиллахаар боллоо. Ямар бодлого, барьж хэрхэн ажиллах вэ?-УИХ-ын сонгуулиар МАН 68 суудал авч олонх боллоо. Олонхын бүлэг 68 гишүүнтэй ч нөгөө талд бусад нам, эвсэл нийлээд 58 гишүүнтэй ажиллах нь байна. Манай бүлэгт улс төрийн туршлагатай хүмүүс ч бий, шинээр сонгогдсон гишүүд ч бий. Улс төрийн үйл ажиллагаа явуулахад гишүүдийн туршлага, мэдлэг боловсрол, улс төрийн туршлага гээд олон зүйл чухал.-Намрын чуулганаар хэлэлцэх гол хуулиуд юу байна вэ. УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг гишүүд гаргасан. Оруулах уу?-УИХ-ын дэгийн тухай хуулийг өмнөх парламент баталсан. Мөн анхдугаар чуулганаар энэ дэгээрээ явъя гэдгээ УИХ баталсан. Тиймээс энэ хуулиараа цаашаа явна. Гэхдээ УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь нээлттэй. Гэвч одоогийн энэ дэгээрээ тодорхой хугацаанд яваад үзэх хэрэгтэй гэж би хувьдаа үзэж байгаа. Хэрэгжүүлэх явцад өөрчлөх шаардлагатай зүйлүүд байвал өөрчилж болно.-Өмнөх парламентын баталсан Дэгийн хууль гишүүд үг хэлэх, асуулт асуух эрх чөлөөнд халдсан гэж гишүүд хэлж байсан. Үг хэлэх асуулт асуух хугацаа нь дууссан нь хүртэл багасан шүү дээ?-УИХ-ын холбогдох байнгын хороо бүтцийн байгууллагууд дээр үг хэлэх, асуулт асуух нь хязгаарлагдахгүй, хэвээр байгаа. Мөн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Төсвийн тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн гүйцэтгэл, томилгоотой холбоотой асуудлаар бүх гишүүд үг хэлэх эрхтэй. Бусад асуудлаар дэд хороо, байнгын хороодоор чөлөөтэй хэлэлцэнэ. Чуулган нэгдсэн хуралдаанд тодорхой дэг тогтоож өгсөн. Энэ нь хангалттай байна гэж үзэж байгаа. Гишүүдийн чуулган дээр асууж байгаа асуулт энэ хугацаандаа таарч байсан. Тиймээс цаг нь хангалттай гэж үзэж байгаа.Өмнөх дэгийг яагаад өөрчилсөн бэ гэхээр УИХ-ын үйл ажиллагаа үр дүнгүй байна гэж дүгнэсэн. Учир нь байнгын хороон дээр асуусан зүйлээ чуулган дээр дахиж асуугаад, танин мэдэхүйн асуулт маш их асуудаг, өөр гишүүний асуултыг давдаг гэх мэт нь УИХ-ын чуулганы үйл ажиллагааг үр дүнгүй болгоод байгаа юм. Тиймээс үүнийг цэгцтэй болгоё гэж өөрчилсөн. Бүлгээ төлөөлж асуулт асуух хүн нэлээд хариуцлагатай хандана, УИХ-ын чуулганд үг хэлэх хүн тухайн асуудлаа судалж, бэлтгэнэ. Нөгөөтээгүүр парламентын засаглалтын орнуудын хувьд байнгын хороо мэргэшсэн байх ёстой. Мэргэшсэн байнгын хороондоо нээлттэй, цагийн хязгаарлалтгүй ярьдаг байж парламент төлөвшинө гэж үзэж энэ өөрчлөлтийг хийсэн.-Парламент гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьж байх ёстой. Та парламентын хамгийн том бүлгийг ахалж байна. Гүйцэтгэх засаглалд хяналт тавих үүргээ танай бүлэг хэр сайн гүйцэтгэж чадах вэ. Тухайлбал, 2025 оны төсвийн төсөл ороод ирж байна. Энэ дээр алдаа дутагдал юу байна?-Хууль тогтоох байгууллага гүйцэтгэх засаглалд хяналт тавьдаг. Энэ утгаараа өмнөх парламент УИХ-ын тухай хуульд багагүй шинэчлэл хийсэн. Тухайлбал, салбарын сайд өөрийн эрхэлсэн байнгын хороонд оролцохгүй, нэг байнгын хороонд хоёроос дээш сайд оруулахгүй гэх мэт гүйцэтгэх эрх мэдлийг хязгаарласан. Мөн шинэ парламент анхдугаар чуулган, ээлжит бус чуулганаар хуралдсан. Энэ үед Төсвийн тодотголыг хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, тодорхой хууль зөрчсөн, зөрчилтэй асуудлуудыг буцаасан. Тендерийн хуулийг хуульд нийцэхгүй байна гээд буцаасан. Энэ бол хяналтаа тавьж байгаа л нэг үйлдэл. Мэдээж улс төрийн шийдвэр гаргаж дэмжих зүйлүүд байгаа.-Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн мэдээлэл гараад байгаа. МАН дотор албан бусаар ч гэсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьсан уу?-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаагүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад журмын тухай хуулийн дагуу л явдаг. Манай нам, бүлэгт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал огт яригдаагүй.-68 хүн ахлаад ажиллах гэж байна. Бүлэг дээр хамгийн гол улс төрийн шийдвэр гараад явдаг. Ялангуяа танай нам хайрцаглаж орж ирээд асуудлаа дэмжээд явдаг. Энэ олон хүнийг хэрхэн удирдах вэ?-Мэдээж 68 гишүүн хувь хүнийхээ хувьд тангараг өргөсөн УИХ-ын гишүүд. Нөгөө талаараа МАН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд. Бүлэг бол УИХ-ын бүтцийн нэг байгууллага. УИХ-ын бүтэц тодорхой шийдвэрүүдийг гаргахдаа бүлгээрээ хэлэлцэж улс төрийн шийдвэр гаргадаг. Улс төрийн дэмжлэгээ авч байж УИХ-аар тодорхой шийдвэр болон гардаг гэсэн үг. Манай МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд бүлгийн дүрэм гэж байгаа. Тэр дүрэмд заасны дагуу үйл ажиллагаа явуулна. УИХ дахь бүлэг бол намын бодлого шийдвэрүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэг байгууллага. Энэ утгаараа тодорхой улс төрийн шийдвэрүүдийг гаргана. Ингэхдээ олонхын шийдвэрийг дэмжээд явна, цөөнхөө хүндэтгэж сонсоно.-Энэ удаагийн бүлэг өмнөх өмнөхөөсөө маш онцлогтой байгаа. Улс төрийн ямар ч туршлага, мэдлэггүй олон гишүүн бий шүү дээ. Энэ хүмүүсийг нэгтгэж ажиллахад хүндрэлтэй байх болов уу?-Хэдийгээр салбар салбарын төлөөлөл боловч бидний үнэт зүйл нэг байгаа. Улс орны төлөө гэсэн УИХ-ын гишүүний өргөсөн тангаргаа биелүүлэх зүйл дээр нэгдэнэ гэж бодож байна. Мөн МАН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүд намын дүрэм, бүлгийн дүрмээ баримталж ажиллана. Энэ гишүүн бүрийн үүрэг.-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *