УИХ-ын гишүүн О.Номинчимэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзлаа
УИХ-ын гишүүн О.Номинчимэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч, хатагтай Др Сокорро Эскалантетэй өнөөдөр /2024.10.03/ уулзлаа.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Улсын Их Хурлын ээлжит 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын намрын чуулган ажил хэрэгчээр эхэлж байна. УИХ-ын дарга хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах үзэл баримтлалын хүрээнд “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг танилцуулсан. Мөн УИХ-ын дарга захирамж гарган 54 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Миний бие Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлыг судлан, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна гээд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, Бид тамхины хэрэглээг бууруулах, насанд хүрээгүй иргэдэд тамхи зарахыг хориглох, татварын ухаалаг, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс хүүхэд залуучуудад тамхины хор хөнөөлийг таниулахад ДЭМБ-аас гаргасан судалгаа, тайлан чухал байна хэмээн онцлов.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч, хатагтай Др Сокорро Эскаланте, Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь манай байгууллагын тэргүүлэх зорилт хэмээгээд, УИХ-аас Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, тамхины хэрэглээг бууруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаад талархал илэрхийлсэн. Хатагтай Др Сокорро Эскаланте, Бид та бүхний энэ бодлого, үйл ажиллагааг дэмжиж, бүх талаар хамтран ажиллах болно. Тухайлбал, Женев дэх ДЭМБ-аас төвөөс туршлагатай мэргэжилтнүүдийг урин авчирч хамтран ажиллах боломжтой. 2030 он гэхэд тамхины хэрэглээг 30 хувиар бууруулах зорилтыг тамхины хяналтын цогц бодлогоор хэрэгжүүлэхийг дэмжиж байна. Монгол Улсад электрон тамхины хэрэглээг зохицуулах хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлага бий. Өнөөдрийн байдлаар дэлхийн 34 улс электрон тамхийг хорьсон. Тамхины хяналтын бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой ДЭМБ-аас судалгаа, нотолгоонд тулгуурласан зөвлөмжөөр хангаж ажилладаг. Эдгээр судалгааны үр дүнгээ УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй хуваалцахад бэлэн байна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.