Ш.Ширнэн: Цахим толь бичгээс хэвлэмэл толь бичгийг хэрэглэх нь илүү үр дүнтэй
Багш нарын баярын өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг уламжлалтай. Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан байдаг. Монгол Улсын хувьд, Багш нарын баярыг 1966 оноос 2 дугаар сард тэмдэглэж ирсэн ч Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчилсөн билээ. Өнөө жил Монголын багш нарын 58 дахь удаагийн баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Монгол билиг оюун” цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Ш.Ширнэнтэй ярилцсан юм.
-Багш нарын баярын мэнд хүргэе. Юуны түрүүнд, манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Шагжийн Ширнэн гэдэг. Би 2017 онд Увс аймгийн Улаангом сумын улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийг төгссөн. 2021 онд МУИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр сурч төгссөн. Одоо нийслэлийн ХУД-ийн “Монгол билиг оюун” сургуульд ажиллаж байна.
-Шинэхэн төгсөгчдийн хувьд хаана ажиллах, хэрхэн багшилж эхлэх вэ гээд шийдэх зүйл их байдаг шүү дээ. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Би 2021 онд их сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн магистрт суралцъя гэж бодож байсан ч төгссөн сургуульдаа очиж ажиллахаар шийдсэн. Сургуульдаа очоод, надад эрдэм ном зааж байсан багш нартайгаа зэрэгцэн ажиллахад сүрдмээр мэдрэмж төрж байлаа. Мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан ч багш нар, сургуулийн удирдлагууд маань их тусалж, дэмжиж ажилласан. Тиймдээ ч анхны жил надад ажлын маш их туршлага өгсөн жил байсан.
-Төрийн өмчийн болон хувийн өмчийн сургуульд ажиллахад ямар ялгаа байдаг вэ?
-Сурагчдын тооны хувьдаа ялгаатай байдаг. Төрийн өмчийн сургуульд нэг ангид 30-аас дээш хүүхэд суралцдаг бол, хувийн өмчийн сургуульд 25-аас доош сурагч байх жишээтэй. Иймээс багш хүүхэд нэг бүрд хүрч ажиллахад чанарын ялгаа гардаг.
Ялангуяа, монгол хэлний хичээл дээр ялгаа их гардаг юм уу даа гэж би бодсон. Нийслэлийн төрийн өмчит сургуулиудын монгол хэлний мэдлэгийн түвшин хэр байдгийг сайн мэдэхгүй байна. Хөдөө орон нутагт бол ерөнхий суурь мэдлэг, өөрийгөө илэрхийлэх, зохион бичих чадвар ерөнхийдөө сайн байдаг. Харин нийслэлийн хувийн өмчит сургуулиудын сурагчид энэ чадварууд жаахан сул юм уу даа гэж ажигласан. Энэ бол гэхдээ зөвхөн миний ажилласан хоёр сургуулийн хувьд шүү дээ.
Хувийн өмчийн сургуулийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан үеэсээ эхлээд л англи хэл болон бусад гадаад хэлийг заалгачихсан байдаг тул монгол хэлний хичээлийг заахад бага зэрэг хүндрэлтэй байдаг. Би англи хэлтэй хүүхдэд яаж монгол хэлийг заах вэ гэдэг шинэ арга дадал, төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болчхоод байгаа юм л даа.
-Дунд сургуульд үндэсний бичгийн хичээлийг 7 хоногт хэдэн цаг ордог вэ? Ер нь хэдэн цагаар орвол тохиромжтой вэ?
-Дунд ангид бол үндэсний бичгийн хичээл хоёр цагаар ордог. Үүнийг бид тохиромжтой гэж үздэг. Хажуугаар нь нэмэлт хэлний хичээлүүд ороод ирэхээр хүүхдүүд төөрөх талтай юм билээ. Ялангуяа, хятад хэл үздэг хүүхдүүд олон зурлага, ханз тогтоох хэрэгтэй байдаг шүү дээ. Үүн дээр үндэсний бичгийн махбод, зурлагыг цээжлэх гээд ачаалал нь ихсэж байгаа гэсэн үг.
-Мэргэжлээ хэрхэн сонгосон бэ?
-Анх багш болно гэж бодож байгаагүй. Олон улсын харилцаа юм уу, аялал жуулчлалын чиглэлээр сурна даа гэж боддог байлаа. Би ахлах ангидаа өөр сургууль руу шилжсэн юм. Тэр үеэс л монгол хэл ямар чухал болохыг мэдэрч эхэлсэн. Сүүлийн үед хүмүүс гадаад хэл тэр дундаа англи хэлийг л сурах, хэрэглэх дуртай болж байх шиг байна. Харин монгол хэлийг өвлүүлэх, хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх тухайд залуучуудын оролцоо их дутмаг байгаа юм байна даа гэж бодогдох болсон. Тэгээд л монгол хэлний чиглэлээр суралцахаар сэтгэл шулуудсан. 12 дугаар ангидаа монгол хэл, бичгийн олимпиадад бэлдээд энэ бодол минь бүр ч нэмэгдсэн.
-Таны сурагч байсан үе, одоо үеийн сурган хүмүүжүүлэх арга барилд хэр өөрчлөлт гарсан бэ?
-Саяхан л сурагч байсан санагдаж байна. Монгол бичгийн цэнхэр толио өмнө хойноос нь тольдоод л, үгийн үндэс язгуурыг хооронд нь өнгөөр ялгаж цээжлээд толь их ашигладаг байсан. Харин өнөө үед тольтой ажилладаг, ном уншдаг хүүхдүүд цөөрсөн шиг санагддаг. Бүгд л цахим орчинд цагийг өнгөрүүлж байна. Үүнээсээ болоод цаасан хэвлэмэл зүйлийг уншихаа бараг больчихсон. Толь бичгүүд цахим болсон нь нэг талдаа дэвшилт ч, нөгөө талаараа хэтэрхий хялбарчлах сэтгэлгээтэй болгох сул талтай.
-Сурагчдын монгол хэл, бичгийн хичээлийг сурах сонирхол ямар байна гэж та үздэг вэ?
-Би өөрөө багаасаа хэлний хичээлүүдэд дуртай хүүхэд байсан. Одоо өөрөө монгол хэлний багшаар ажиллаад харж байхад нийтээрээ биш ч гэлээ ангийн дийлэнх хувь нь монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлдээ дуртай байдаг. Харин гадаад хэл эрт эзэмшсэн хүүхдүүд яаж сурах вэ гэдэг аргаа олохгүй байх шиг санагддаг юм.
-Сүүлийн үед, аав ээж нар хүүхэддээ аль нэг гадаад хэлийг бүр багаас нь эзэмшүүлэхийг чухалчилдаг болсон байна. Гадаад хэлийг сайн сурахад эх хэлний мэдлэг хэрхэн нөлөөлдөг гэж та үздэг вэ?
-Гадаад хэлээр л ярьдаг бол сайн боловсролтой гэж үзэх хандлага ажиглаад байгаа л даа. Гэхдээ зарим ээж, аав “багш аа, манай хүүхэд монгол хэлээрээ муу яриад байна. Монгол хэлийг нь түлхүү сургамаар байна” хэмээсэн санал хүсэлт ч бас их ирдэг. Англи хэлийг зааж байгаа шиг монгол хэлний хичээлийг ч ижил түвшинд үнэлж, заах нь чухал. Түүнээс биш англи хэл сурч болохгүй гэсэн үг биш л дээ. Англи хэл сурахынхаа хажуугаар эх хэлээ ч сайн сурах ёстой. Ер нь, монгол хэлээ сайн эзэмшсэн хүн гадаад хэлийг тэр чинээгээрээ сайн эзэмшинэ шүү дээ.
-Шавийн эрдэм багшаас гэдэг. Өөрийн тань багш ямар хүн байдаг вэ?
-Манай багшийг Нарангэрэл гэдэг. Увс аймгийн Улаангом сумын улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш. Анх намайг монгол хэлний хичээлд, ялангуяа уран зохиолын хичээлд дурлуулж байсан багш минь. Уран зохиолын хичээлийг маш сайхан заадаг. Тэр зохиолыг бүтнээр нь унших юмсан гэх бодлыг оргилтол заадаг багш даа. Үндэсний бичгийн хичээлийг ч чадварлаг заадаг. Би анх монгол бичгээр гоё хичээнгүй бичдэг хүүхэд байсангүй. Үсгээ мэддэг, уншчихдаг л сурагч байсан. Багш маань “чиний зохион бичих чадвар чинь сайн юм байна, чамайг үндэсний бичигтээ сайжирчихвал олимпиадад бэлдье” гэж байсан. Тэгээд л би урам аваад үндэсний бичгийн хичээлдээ илүү их цаг зарцуулж, сайжирсан. Энэ маань багшийн минь л ач. Ямар ч цаг үед надад тусалж, дэмжиж, зөвлөдөг ээж шиг минь хүн байдаг юм.
-Багшаараа бахархаж, талархаж буй сэтгэлд чинь би ч мөн баярлаж байна. Ийм сайхан багш нар олон байгаасай гэж хүсэж байна. Тэгвэл өөрийн тань сурган хүмүүжүүлэхдээ баримталдаг зарчим юу вэ?
-Цагийн юмыг цагт нь гэдэг дүрмийг л баримтлуулахыг боддог. Хүүхдүүдийг хариуцлагатай байдалд сургахыг хичээдэг. Өөрөө ч тийм байхыг хичээж ажилладаг.
-Залуу багш нар мэргэжлээрээ ажиллахад юу нь сайхан, юу нь бэрхшээлтэй байна вэ?
-Залуу багш нарын хувьд эцэг, эхчүүдийн харилцаа хандлага л байдаг даа. Би дөрөв дэх жилдээ анги дааж ажиллаж байгаа юм. Зарим эцэг эхчүүд хэлсэн шаардлагыг хүлээж авахдаа жаахан дутмаг байх нь олонтаа. Ажлын хувьд, хүүхдийн ертөнц хамгийн сайхан нь. Тэдэнтэй ажиллах нь, тэднээсээ урам авах нь хамгийн сайхан нь.
-Төрөөс багш нарыгаа дэмжсэн ямар бодлого гаргаасай гэж хүсдэг вэ?
-Багшаа дэмжсэн бодлого яалт ч үгүй хамгийн чухал. Энэ жилийн хувьд 450-иас дээш оноотой хүүхдийг үнэгүй сургана, мөн 45 хоногийн хугацаанд сургалтад хамруулаад багш мэргэжлээр ажиллуулна гээд хоёр журам гарсан. Энэхүү хоёр журмыг хэрэгжүүлэхээсээ өмнө багшийн үнэлэмжийг дээшлүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй л дээ. Тухайн мэргэжлээр дөрвөн жил сурах, 45 хоног сураад төгсөхөд цалин үнэлэмж ямар байгаа билээ. Тиймээс түүний өмнө үнэлэмжээ дээшлүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт багшийн хөгжил гэх зүйл хоцрогдож байна уу даа гэж бодож байгаа. Багш ажлын байран дээрээ хөгжих бодлого дутмаг юм уу даа гэж бодогддог.
-Өөрөө монгол бичгээр их сайхан бичдэг. Монгол бичгээр цэвэр, сайхан бичиж суръя гэвэл юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Би 12 дугаар ангиасаа эхлээд “Хүмүүн бичиг” сониныг захиалж уншсан. Түүнээс хичээнгүй бичгийн буланг алгасалгүй дуурайлган бичиж дадсан. Хичээнгүй сайхан бичиж сурахын тулд маш олон удаа бичих л хэрэгтэй.
-Сурагчид уран бичлэгээр бичиж сурах хэр сонирхолтой байна?
-Маш их байдаг. Би анх ажлын байран дээр гараад Увс аймагтаа “Шидэт бийр” гээд уран бичлэгийн клуб ажиллуулж байсан. Дөч шахам сурагчтай байв. Хүүхдүүд сурах маш сонирхолтой байсан. Мөн “Монгол оюун билиг” сургуульдаа “Бийрийн хөгжүүлэх хөтөлбөр”–ийг МУИС-ийн “Хос Уянга” клубийн харьяа клуб болгон өргөжүүлэн ажиллаж байна. Одоо хамрах хүрээ нь ч өргөжиж олон хүн уран бичлэгээр бичиж сурахаар хамрагдаж байна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.