Цөмийн эрчим хүч улс орнуудад шинэ үйлдвэрлэл, шинэ зах зээл, шинэ боломж болж байна
“Оросын Эрчим хүчний долоо хоног-2024” олон улсын форум ОХУ-ын нийслэл Москва хотноо есдүгээр сарын 26-29-нд боллоо.
“РЭН-2024” (Российская энергетическая неделя) форумыг ОХУ-ын Засгийн газар, тус улсын Эрчим хүчний яам, “Росконгресс”, Москва хотын Засгийн газар хамтран зохион байгуулж, “Газпром”, “Лукойль”, “Зарубежэнерго”, “РосАтом”, “Россети”, “Транснефть”, “Альфа” банк зэрэг ОХУ-ын эрчим хүчний томоохон компани, банкууд бизнесийн хамтрагчаар оролцов.
Мэдээллийн түншээр мөн тус улсын мэдээллийн ТАСС агентлаг, “Бизнес России”, “Энергетика России”, “RBG”, BIGPOWER“” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж, Индонез, Бахрейн, БНХАУ, Монгол Улс, Энэтхэг зэрэг гадаадын 20 гаруй орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид оролцож сурвалжиллаа.
“РЭН-2024” форумоор дэлхийн эрчим хүчний нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг хэлэлцэв
Чуулга уулзалтаар Бразил, ОХУ, Энэтхэг, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, БНХАУ-ыг эгнээндээ нэгтгэсэн БРИКС-ийн орнуудын эрчим хүчний сайд нарын уулзалт болж, эрчим хүчний шинэ эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээ өрнүүлсэн юм.
Гэхдээ “РЭН-2024” нь зөвхөн БРИКС-ийн гишүүн орнуудын дундах яриа хэлэлцээ байсангүй. Дэлхий нийтийн, олон улсын эрчим хүчний өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг хамтад нь авч үзлээ. Байгалийн хий, метан, нар, салхи, ус зэрэг байгалийн сэргээгдэх эрчим хүч нь улс орнуудын аюулгүй, тогтвортой байдлыг хангахаас гадна дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хамжээ, үйл ажиллагаа болно гэдгийг хөндсөн юм.
ОХУ эрчим хүчний эх үүсвэр, нөөц, ашиглалтаар Африк тивийг шинэ зах зээл хэмээн харж байгаагаа илэрхийлж байлаа. Энэтхэг улсад нарны, хямд төсөр эрчим хүчийг түлхүү ашиглаж буй талаар БРИКС-ийн Энэтхэгийн төлөөлөгч А.Кумар хэлсэн юм. Цөмийн эрчим хүчийг энхийн үйлсэд ашиглах нь дэлхийн улс орнуудад эрчим хүчний салбарын шинэ зах зээл, шинэ боломж, шинэ үйлдвэрлэл хэмээн үзэж буйгаа форумд оролцогч талууд илэрхийлж байлаа.
“Газпром” ойрын 10 жилийн хөгжлөө төлөвлөж байна
ОХУ-ын төрийн өмчит, эрчим хүчний томоохон компани “Газпром” ойрын 10 жилийн хөгжлөө төлөвлөж байгаа талаар форумын үеэр мэдээлсэн юм. Үүнд:
- БНХАУ-д нийлүүлэх хийн экпортоо нэмэгдүүлэх,
- дотоодын зах зээлийн хэрэглээг хийгээр бүрэн, хүртээмжтэй хангаж, тогтвортой хөгжих байдал орж байна.
ОХУ-ын төрийн тэргүүн Оросын хийн үйлдвэрлэлийн салбар шинэ өөрчлөлтийн үе шатанд гарах болсныг мэдэгдээд, гадаад зах зээлд Ази тивийг онцлон дурдсан юм. Энэ нь ОХУ-ын эрчим хүчний нэг гол стратеги чиглэлийн бодлого болж хэрэгжинэ гэдгийг мэдэгдсэн юм.
“Газпром” компани ойрын 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө Засгийн газартайгаа хамтран боловсруулж хэрэгжүүлэх талаар ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин “РЭН-2024” форумын эхний өдрийн нэгдсэн уулзалт дээр үг хэлэхдээ “Газпром” компанид даалгасан юм.
Тэрбээр, Оросын хийн үйлдвэрлэлийн салбар шинэ өөрчлөлтийн үе шатанд гарах болсныг мэдэгдээд, гадаад зах зээлд Ази тивийг онцлон дурдсан юм. Энэ нь ОХУ-ын эрчим хүчний нэг гол стратеги чиглэлийн бодлого болон хэрэгжинэ гэдгийг тэрбээр мэдэгдсэн юм.