Ш.Мягмар: Говь руу ус татах “Хэрлэн тооно” төслийг Оюу толгой ХХК санхүүжүүлнэ. Хэрэгжих нь тодорхой болсон
“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн “Хэрлэн тооно” төслийн зөвлөх Ш.Мягмараас тодрууллаа.
-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зорилгоор Хэрлэн гол дээр олон зориулалттай усан цогцолбор байгуулах, Хэрлэн тооно төсөл 2021 оноос л идэвхтэй яригдаж эхэлсэн. Одоо яг ажлын эхлэл хэдэн хувьтай явж байна вэ?
-“Хэрлэн тооно” төслийн судалгаа бүр 1980-аад оноос эхэлж байсан түүхтэй. 2000 оны эхээр Японы Жетра байгууллагын, 2006-2007 онд Пристиж компанийн, 2013-2014 онд Мон Хидро компанийн судалгаанууд хийгдсэн. Ингээд 2020 оноос “Хөх морь” төслийн хүрээнд хийгдэх шийдвэр нь гарч байв. Хууль эрх зүйн орчин нь харьцангуй сайхан бүрдчихсэн гэж хэлж болно. Одоо Хэрлэн гол дээр усны нөөцийг хуримтлуулах, усан сан барих боломжит хувилбарыг сонгоно. Гурван байршил бий. Хамгийн боломжтой нь нэгдүгээр сонголт.
–Судалгааны ажилд хэр урт цаг хугацаа зарцуулах төлөвтэй байна вэ?
-Услаг ихтэй жил усны нөөцийг нь хуримтуулах судалгаа гэж бий. Техникийн хувьд ямар шийдвэр гаргах вэ. Эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй байх вэ. Байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлэх вэ. Сөрөг нөлөөлөл бий юу. Түүнийг нь хэрхэн бууруулах вэ гэдэг судалгаанууд хийгдээд явж байна. Судалгаа, шинжилгээний ажил 1.6 жил үргэлжилнэ.
-Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгт орсоноор хэрэгжих нь лавтай гэдэг итгэл төрүүлсэн төсөл болчихлоо?
-ТЭЗҮ боловсруулах шийдвэр гарсан л үйл явцтай байна. Энэ бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсөл. 14 мега төслийн нэг. Хэрэгжих нь тодорхой. Харин тодорхой хугацаа шаардлагатай.
–2025 оны төсвөөс санхүүжилт авч чадах уу, хөрөнгө мөнгөний асуудал нь хэрхэн шийдвэрлэгдсэн юм бэ?
-2022 онд УИХ-аас 103-р тогтоол баталсан. Оюу толгой төслөөс монголчууд хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай. Энэ төслийг Оюу толгойгоос санхүүжүүлэх юм.
-Судалгааны ажил дуусаагүй тул байгальд ямар сөрөг нөлөөлөлтэй нь тодорхойгүй байгаа гэсэн үг үү. Ер нь сөрөг нөлөөлөл бий юу?
-Судалгаа гараагүй учир эерэг, сөрөг нөлөөллийн талаар хэлэхэд эрт байна. Бурхан багшийн сургааль байдаг шүү дээ. “Хүнд тус болъё гэвэл толгойд нь мэдлэг өг. Газар дэлхийд тус болъё гэвэл ус хураа” гэдэг. Усны нөөцийг хуримтлуулсанаар тухайн бүс нутагт ямар ч байсан эерэг нөлөө үзүүлнэ гэдэг нь тодорхой.
Нэмэлт мэдээлэл: “Хэрлэн тооно” төсөл хэрэгжснээр говийн бүс рүү шугам хоолойгоор татсан усны тодорхой хувийг ашиглан уул уурхайд ашиглагдаж байгаа гүний усыг нөхөн сэргээх, газар доорх усны хуримтлал үүсгэх зорилгоор ашиглана. Улмаар шинээр үүсэх газар доорх усны хуримтлал нь говийн газар доорх усны эрдсийг саармагжуулж хөрс болон говийн эко системд сайнаар нөлөөлнө. Мөн цэвэр усны хангалтын нөөц бүрдсэнээр Тэрбум мод үндэсний хөтөлбөр говийн бүсэд хэрэгжих үндэс болж усалгааны асуудал давхар шийдэгдэх боломжтой болно. Ингэснээр говийн хөрсний ургамлын бүрхэвч нэмэгдэж хөрс чийглэх үржил шимтэй болж шар шороон шуурга багасах боломж бүрдэнэ. Мөн хавар зуны хэт хуурай халуун салхинд агуулагдах чийгшлийг нэмэгдүүлнэ.