Ц.Туваан: “Хөрөнгө оруулагчид оролцоогүй, дайжсан” гэдэг нь ташаа мэдээлэл

0

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваантай цөөн хором ярилцлаа.

-Зэсийн салбарт дараагийн “Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой”-г олж нээх ажил Засгийн газрын үйл ажиллагаанд туссан

-Энэ жилийн “Уул уурхайн долоо хоног” хөтөлбөрт гадаадын хөрөнгө оруулагчид маш цөөхөн оролцсон, монголоос ихэнх нь дайжлаа гэдэг шүүмжлэл хөвөрлөө. Энэ хэр үндэслэлтэй юм бэ?

-Төрийн яам нь Уул уурхайн Үндэсний Ассоциацтайгаа хамтран зохион байгуулж байгаа. Хөрөнгө оруулагчид оролцоогүй, дайжсан гэдэг нь ташаа мэдээлэл.

-Тоон мэдээллийг нь дурдвал?

-Нийт 350 орчим компани оролцож байгаа. Гадаадын 30 гаруй орны төлөөлөл оролцлоо. Бүр алс холын, зэсийн орон гэгддэг Чили улсаас ч төлөөлөл хүрэлцэн ирсэн. Өмнөд хөрш БНХАУ-аас хамгийн өргөн бүрэлдэхүүн оролцлоо. 70 орчим компани ирж, төлөөлөгчөө нар нь тусдаа “бүтик” авч сууцгаасан. Ирээд, харвал хөрөнгө оруулагчид дайжсан гэдэг нь ташаа мэдээлэл гэдэг нь харагдана.

-Монгол Улс бол хөрөнгө оруулагчдыг татах нэн шаардлагатай улсуудын нэг. Гэтэл нөгөө талаар итгэлийг нь алдаж үргээхэд эргэж буцсан бодлого шийдвэр, хууль эрх зүйн орчны тогтвортой бус байдал хамгийн их нөлөөлдөг нь бодит үнэн шүү дээ?

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Mining week” арга хэмжээг нээж, үг хэлсэн. Энэ үгэндээ “Хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгоно” гэж онцолсон. Харин бид гадны хөрөнгө оруулагчдад “хууль эрхзүйн орчныг тогтвортой байлгах” талыг амлаж байгаа. Ингэж байж хөрөнгө оруулагчдаа татна. Жишээ нь, татвар дордуулсан шийдвэр гаргавал үргэдэг асуудал гарч ирнэ. Зэсийн салбарт дараагийн “Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой”-г олж нээх ажил Засгийн газрын үйл ажиллагаанд туссан.

-Зэсийн АМНАТ ийн асуудал манайд бас маргаантай хэвээр. Үүнийг хэрхэх вэ?

-Хөрөнгө оруулагчдын ярьж байгаа зүйл нь “Зэсийн АМНАТ чинь харилцан адилгүй байна” гэдэг. Олон Улсад 5-10 хувьтай байдаг. Оюутолгойд 5 хувьтай байна. Эрдэнэт үйлдвэрт 19 хувьтай. Тэгэхээр эхний ээлжинд хийх ажилд зэсийн роаялтыг олон улсын түвшинд аваачих юм. Хууль, эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн үг.

-Ашигт малтмалын лиценз олгох асуудлын тухай шинэ журмыг энэ онд багтаан батлана-

-Та Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын суудалд суугаад удаагүй байгаа хэдий ч, энэ салбарт ямар асуудлыг анхаарч ажиллана гэж төлөвлөж байна вэ?

-Энэ салбарт ирж ажилласанаас хойш 10 гаруй долоо хоног өнгөрч байна. Мэдээж хувийн хэвшлийнхэнд түлхүү анхаарч ажиллаж байна. Энэ салбарын ачааг нуруундаа үүрч яваа гол хүмүүс шүү дээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн гэж нэрийдсэн нь учиртай. Аж үйлдвэрийн салбартаа хууль эрх зүй, үйл ажиллагаа, бодлого чиглэлээ хандуулна. Энэ салбар хөгжиж байж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, ажлын байр нэмэгдэнэ.

-Харин эрдэс баялгийн салбартаа юуг анхаарах вэ?

-Эрдэс баялагаа минерал ресурс гэдэг олон улсын нэр томьёо руу оруулж байгаа. Эрдэс баялгийн салбараа дарааллын дагуу буюу геологи, хайгуулын чиглэлд нь анхаарна. Энэ хүрээндээ Ашигт малтмалын лиценз олгох асуудлын тухай шинэ журмыг энэ онд багтаан батлах төлөвтэй байна. Ингэхдээ олон нийтийн, аж ахуй нэгжүүдийн, гадна дотнын хөрөнгө оруулагчдын саналыг авна. Тухайн үед тодорхой хэлэлцүүлгүүд ч явагдана.

Хууль, журмуудаа цэгцэлж, шилэн байх учиртай салбар тийм үү?

-Манайх уул уурхайн хайгуул, геологийн салбарт алдаг оног бодлогууд явуулж ирсэн. Зогсооно, нээнэ, журмуудаа ойр ойрхон өөрчилнө. Харин одоо бол нэгдсэн нэг журам гаргана. Эцсийн мэдээллүүдээ Засгийн газрын хуралдаанаар оруулж, шилэн байлгах чиглэл гарчихсан.

Мэдээж олборлолт, ашиглалтын салбар явдгаараа явна. Үүнд гол ачааг компаниуд үүрч байгаа.

Боловсруулалтын ажлаа “Үйлдвэр технологийн паркийн тухай хууль”-ийн дагуу тодорхой салбарууд руу чиглэсэн паркуудын бүтээн байгуулалтаар төлөвлөсөн. Эхний ээлжинд зургаан төрлийн парк төрийн компаниудыг түшиглэж байгуулагдана.

“Алтан ширээт”, “Гэрэлт наран” гэхчлэн хувийн компаниуд ч нүүрс, төмрийн хүдэр баяжуулах парк барьж байгаа. Зэрэгцүүлээд л явна.

-Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн зургаа нь уул уурхайнх. Тэдгээрт улсын төсвөөс нэг ч мөнгө зарцуулагдахгүй-

-Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийн зургаа нь уул уурхайтай холбоотой. Төслийн ажлууд нь эхэлсэн үү, ямархуу явцтай байна вэ?

-Тийм ээ. Зургаан төсөл манай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд харьяалагдаж байгаа.

  1. Газрын тос боловсруулах үйлдвэр,
  2. Зэс хайлуулах үйлдвэр,
  3. Гангийн үйлдвэр,
  4. Нүүрс, кокс, нүүрс хими
  5. Орано майнингийн хөрөнгө оруулалтын гэрээ,
  6. Алт цэвэршүүлэх үйлдвэр гэхчлэн.

Эдгээрээс аль боломжтойгоос нь эхэлж ажлыг нь явуулж байна.

-Тухайлбал?

-Нэгдүгээрт, Газрын тос боловсруулах үйлдвэрийн Бүгд найрамдах Энэтхэг улстай 1.2 тэрбум ам.долларын зээлээ 1.6 болгож өсгөх хэлэлцээр ойрын хугацаанд хийгдэх юм. Мэдээж Үндэсний аюулгүй байдал талаасаа дотооддоо нефтийн бүтээгдэхүүнийхээ 55 хувийг хангах үйлдвэрээ заавал барих учиртай. Одоо бол нефтийн бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас авч байгаа шүү дээ.

Хоёрдугаарт, Орано майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг энэ онд багтаан байгуулахаар төлөвлөж байна. Ажлын хэсгүүд маш эрчтэй ажиллаж байгаа.

Гуравдугаарт, Зэс хайлуулах үйлдвэрийн асуудлаа Засгийн газрын хуралдаанаар оруулж, ажлыг нь эрчимжүүлнэ. Дэд бүтцийнх нь ажил 2024 онд 95 хувьтай гүйцэтгэгдэнэ. Авто болон төмөр зам, цэвэр бохир усны хоолой, эрчим хүчний үүсгэвэр гэхчлэн. Энэхүү дэд бүтэц дээрээ үйлдвэрээ барьж, гаргасан катодын зэсээ хувийн хэвшлийнхэнд өгнө. Цаашлаад хувийн хэвшлийнхэн кабель, халбага сэрээ гэхчлэн зэсээр хийж болох зүйлсийг үйлдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах юм.    

-2025 оны төсвийн төсөлд хөрөнгө нь туссан уу?

-Нэг зүйлийг тодорхой хэлье. Энэ төслүүд улсын төсвийн хөрөнгөөр баригдахгүй. “Эрдэнэс Монгол” нэгдэлд монголын 30 хуулийн этгээд бий. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Тавантолгой, Монголросцветмет, Багануур ХК гэхчлэн. Дэд бүтцээ барих буюу гарааны ажлын санхүүжилтийг “Эрдэнэс Монгол” нэгдэл дэхь компаниуд гаргаж байгаа. Жишээ нь, Зэс хайлуулах үйлдвэрийн дэд бүтцийн санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гаргаж байгаа.

Хайлуулах үйлдвэрт 900 орчим сая ам.долларын хөрөнгө шаардлагатай. Төр хэдийг нь, “Эрдэнэс Монгол” нэгдэл хэдийг нь, оюуны өмчийн патент эзэмшигч компани хэдийг нь, баяжмалаа өгөх тал хэдийг нь, гадны хөрөнгө оруулагч хэдийг нь гэхчлэн. Бүх талын оролцоог хангасан байдлаар шийдвэрлэх юм.  

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *