КИРИЛ МОНГОЛ БИЧГИЙН ДАВУУ БА ДУТАГДАЛТАЙ ТАЛ

0

Юун түрүүн хүн амын дийлэнхийг эзэлдэг халх аялгуунд түшиглэсэн энэ бичиг нь БНМАУ-д амьдран суудаг олон ястны хэл аялагыг нэг хэл бичигт нэгтгэснээр Монголын хүн амыг нэг нэйшн стэйт болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Герман хэлний олон аялга хэллэгийг хох дойч аялга руу нэгтгэсэн ба үүнд нь ном зохиол, хэвлэл мэдээлэл, радио зурагт асар том үүрэг гүйцтгэсэн. Англи хэл ч мөн ялгаагүй ХХ зууны даяаршлын хүчээр квин инглиш аялага руу нийтийг түлхсэн. Бараг биенээ ойлголцдоггүй италийн олон аялагыг флорэнц аялагаар нэгдэн, итали хэл шинээр бий болгожээ. 1960-аад оноос Хятадад пининь аялага тэмдэгтийг албан ёсны болгосноор биенээ ойлголцох асар том дэвшил болсон. Яг үүнтэй адил кирил монгол бичиг ийм үүрэг гүйцэтгэсэн юм.


КИРИЛ МОНГОЛ БИЧГИЙН ДАВУУ БА ДУТАГДАЛТАЙ ТАЛ

УЙГАРЖИН МОНГОЛ БИЧИГ

Уйгаржин монгол бичиг нь финик > арамэй > согд > уйгар гэсэн дарааллаар дамжсаар монгол хэлэнд XIII зуунд орж ирэн үндэсний бичиг болжээ. Эхэндээ тамга тэмдэг, хадны бичиг зэрэгт хэрэглэгдэж байснаа XIV зууны эхээр өөрийн бичлэгийн бүрэн дүрэмтэй болсноор нийт монгол үндэстний нийтээр хэрэглэдэг үндэсний албан бичиг болсон. Хятад ханзаар зүүнээс баруун, баруунаас зүүн, дээрээс доош бичиж болдог ба хүмүүс түргэн гар бичлэгт дээрээс доош цувуулж бичихыг илүүтэйд үздэг. Энэ нь уйгаруудад нөлөөлж тэд дээрээс доош бичих болжээ. Гэхдээ ханзаас ялгаатай нь тэмдэгтүүд хоорондоо шууд залгагддаг ба, салгах аваас уншигдахгүй, утгаа алдана. 

Аль ч хэл, түүний дотор уйгар, монгол хэл нь олон авиатай боловч уйгаржин бичиг нь ердөө 14 тэмдэгттэй учир авиа давхцах бичлэг маш элбэг. Чойжи-Одсэр үүнийг янзлан монгол бичгийн дүрэм зохиохдоо тухайн үеийн монгол биш гадаад үгийг тэмдэглэх аргачлал оруулсныг өнөө ч “дүрмиын бус бичлэг” гэж нэрэлдэг. Энэ нь түрэг, согд, санскрит хэлний бичлэгийг цаад эхээр нь хэлж бичдэг хэлбэрт нь тааруулснаас харагдана.

Хөгжлийн явцад төвд хэл болон бичлэг хүчтэй түрж орж ирснээс болоод ялангуяа төвд авиаг тэмдэглэх үсэг дутсан тул XVI зуунд Аюуш дөхөм болгохын тулд нэлээд хэдэн тэмдэгт шинээр оруулж ирсэн. Мөн Намхайжанцан тод үсэг зохиохдоо өөр авиаг нэг тэмдэгтээр тэмдэглэдэгийг ялгамжилжээ. Гэвч тод үсгийг ойрдууд хэрэглэх болсон ч бусад нь хүлээж аваагүй нь магадгүй улс төрийн шалтгаантай ч байсан байж болох. ХХ зуунаас Монголд, ялангуяа буриад нарт Оросын нөлөө ихэссэн тул орос үгийг галигчлан буулгахын тулд 1905 онд буриад лам Агваан вигандра гэх уйгаржин монгол бичигт нэмэлт тэмдэгтүүд бүхий засвар оруулсан боловч огт хүлээн авагдсангүй.

КИРИЛ МОНГОЛ БИЧИГ

Монгол үндэстний 700 гаруй жил хэрэглэсэн уйгаржин монгол бичгийг 1950-иад оноос БНМАУ-д хэрэглээнээс гаргаж, орос кирил үсгийг нэвтрүүлснээр өөрийн давуу ба дутагдалтай тал зэрэг нэвтэрсэн. 

Юун түрүүн хүн амын дийлэнхийг эзэлдэг халх аялгуунд түшиглэсэн энэ бичиг нь БНМАУ-д амьдран суудаг олон ястны хэл аялагыг нэг хэл бичигт нэгтгэснээр Монголын хүн амыг нэг нэйшн стэйт болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Герман хэлний олон аялга хэллэгийг хох дойч аялга руу нэгтгэсэн ба үүнд нь ном зохиол, хэвлэл мэдээлэл, радио зурагт асар том үүрэг гүйцтгэсэн. Англи хэл ч мөн ялгаагүй ХХ зууны даяаршлын хүчээр квин инглиш аялага руу нийтийг түлхсэн. Бараг биенээ ойлголцдоггүй италийн олон аялагыг флорэнц аялагаар нэгдэн, итали хэл шинээр бий болгожээ. 1960-аад оноос Хятадад пининь аялага тэмдэгтийг албан ёсны болгосноор биенээ ойлголцох асар том дэвшил болсон. Яг үүнтэй адил кирил монгол бичиг ийм үүрэг гүйцэтгэсэн юм. 

Халх монгол аялга хэдэн авиатайг хэн ч тоолж гаргаж чадаагүй яваа ч, юутай ч тодорхой голлох авиаг олон тэмдэгтээр ялгах болсноор уйгаржин монгол тэмдэгтэй харьцуулахад авиан тэмдэглэгээ эрс дээшилсэн. Ялангуяа энэ нь ХХ зууны дэлхийн даяаршлын үед үй олноороо монгол хэлэнд нэвтрэх болсон олон газраас эх сурвалжтай шинжлэх ухаан техник технологи, шинэ ойлголт ухагдахууны нэр томъёог илэрхийлсэн гадаад зээлдмэл нэршлийг дуудлага бичлэгтэй нь дөхүүгээр монгол хэлээр ойлгогдохуйц тэмдэглэхэд маш том дэвшил авчирсан.

Гэвч нэгэнт хэдэн зууны турш хэлбэршин тогтсон бичгийн соёлыг нэвтээр нь үгүйсгээд, халх аялгын аман хэллэгийг хэтэрхий түшиглэснээр цоо шинээр зохиогдсон бичиг нь уламжлал төдийгүй ерөөс бичгийн соёл, уламжлал, хэлзүйн тогтсон ухаантай маш ихээр зөрчилдөв. Гээгдэх эгшиг, тэгсэн мөртөө хүний болон газар усны нэрийг гээхгүй гэх мэт хачин дүрэм оруулснаар үгийн үндсийг огт таних аргагүй болгожээ. 

Мөн үгийн дагаварыг тусад нь биш шууд залган бичдэгээс болж үгийн үндэс бүр танигдахаа больсон. Энэ нь ялангуяа өнөөгийн компютэр технологийн үед бүр тод ажиглагдан, нэг нэршил янз бүрийн дагавар авснаар зуу гаруй янзын өөр тэмдэглэглэгээ төрүүлэх нөхцөл бий болгожээ. 

Үүнээ дагаад утгын ч өөр илэрхийлэл үзүүлдэг. Энэ бүхнээс болоод орчин цагийн кирил монгол бичиг 240 орчим дүрэмтэй болсныг зарим мэргэжилтэн тоолж гаргасан байдаг. Хэл бичгийн ийм олон дүрмийг мэргэжлийн хүн ч тогтоож цээжлэх бололцоогүй. Өнөөгийн кирил монгол бичгээр бичихдээ ихэнх сэхээтнүүд дүрмийн дагуу гэхээсээ нүдэн тогтоомжийн баримжаагаар бичдэг нь хэнд ч ил. 

Зүгээр л зугаагаа гаргаж, өөрсдийгөө хэл шинжлэлд шинэчлэл хийгчид гэж харуулах гэж байгаа юм шиг кирил монгол бичгийн Дамдинсүрэнгийн үсгийн анхдагч дүрэмд дураараа өөрчлөлт хийгчид ч олширлоо. Бүр төрийн албадлага хүчээр. Дамдинсүрэнгийн үсгийн дүрэм хөдлөшгүй тогтсон зүйл гэсэндээ биш, ямар нэг логик учир шалтгаангүйгээр, өөрснөө гэнэт зохион 240 дүрмийг улам баяжуулан хэнээрхэж буйд. Энгийн жишээ авахад 1980 онд гэнэт “эрвээхэй” гэдгийг “эрвээхий” гэж бичдэг дүрэм санаачлаад, тэр жилийн элсэлтийн шалгалтаар маш олон хүүхдийг монгол хэл бичлэгт унагаж байв. Өөрснөө тайлбарлахдаа “мэлхий” гэдэг учраас “эрвээхий” гэх ёстой гэнэ. Тэгвэл яагаад мэлхий биш “мэлхэй” гэж бичиж болдоггүй юм? Халх аялгаар “гариг” гэдэг болохоос гараг гэдэггүй. Шоргоолж бөөнөөрөө шавж амьдардаг учраас шавьж биш шавж гэх ёстой гэнэ. Биолог, хэл шинжлэл хоёр тийм айхавтар холбоотой юм уу? 

КИРИЛ МОНГОЛ БИЧГИЙН ЗАРИМ ЗӨРЧИЛТЭЙ БИЧЛЭГ

Р үсэг.

Монгол хэлэнд Р авиа үг бүтээхэд идэвхтэй оролцдог авч үгийн толгойд заавал өмнөө эгшиг авч амилж байж дуудагддаг. Руль – үрүүл, рашаан – аршаан гэх мэт. Гэхдээ ялангуяа санскрит хэлний Р тэмдэгтээр эхэлсэн үгийг тэр хэвээр нь буулгадаг уламжлал бий.

.Л үсэг.

Монгол хэлэнд Л авиагаар эхэлсэн үг байдаггүй учир ийм үгсийг ямар ч эргэлзээгүй зээлдмэл үг гэж шууд тооцож болно. Мөн түрэг хэлэнд ч Л- ээр эхэлсэн үг байдаггүй. Орос, англи хэлний Л авиа нь жавьжны оролцоотойгоор маш хатуу хэлэгддэг, монгол дуудлаганд тийм авиа байхгүй. Тэд үүнийг зөөлрүүлэхдээ зөөлний тэмдэг, И тэмдэгт ашигладаг, тэгсэн ч монгол дуудлагын Л авианаас хатуу байдаг. Харин монгол авианд Л-ийгээ улам зөөлрүүлэхийн тулд “нал”, “наль” гэдгээс харагдана, тэгсэн ч тэдний зөөллөснөөс ч зөөлөн. Иймээс гадаад зээлдмэл үгд “Li”, “Ль” байвал тэрний зөөлрүүлэлтийг хасах нь зүйтэй санагдана. 

Е үсэг.

Монгол бичлэгээр Е үсэг нь Еэвэн гэхэд ордог авианы тэмдэгт юм. Орос бичлэгт үгийн эхэнд ба адагд Е гэж дуудагдах боловч, үгийн дунд Э авиаг оролдог. Үүнээс болоод орос болон оросоор дамжиж ирсэн үгийг орчин цагийн кирил бичигт Э гэж бичигдэх ёстой газар Е тэмдэгтээр бичих болжээ. Нэгэнт тэгэж бичээд дассан толгой үгэнд энд хэвээр хадгалсан боловч, ялангуяа шинээр орж ирж буй зээлдмэл үгэнд Э тэмдэгтээр бичлээ.

Ё үсэг.

Ё бол монгол кирил бичлэгээр Ёотон гэхэд ордог авианы тамдэгт юм. Орос бичлэгт энэ тэмдэгтийг зөвхөн толь бичигт хэрэглэдэг боловч, энгийн бичлэгт Ё тэмдэгтийн дээрх хоёр цэгийг орхигдуулдаг. Гэвч оросууд Е тэмдэгтээр орлуулсан ч үүнийг Ё авиагаар уншдаг. Горбачёв, Хрущёв гэж уншина. Харин монгол бичлэгт орхигдуулсан Ё тэмдэгтийг еэвэнгийн Е авиагаар уншдагаас болж буруу нэршил үүсдэгийн жишээ бол герман хэлний Freud нэрийг оросоор жинхэнэ бичлэгээр Фрёйд гэснйг Фрейд гэж бичдэгээс болж монголоор энэ эрдэмтний нэрийг Фрэйд гэж нэрлэх болжээ.

У, Ү үсэг.

Дамдинсүрэнгийн кирил бичгийн тэмдэглэгээнд Ургамал гэдгийн У тэмдэгт, Үсэг гэдгийн Ү тэмдэгт хоёрыг эндүүрлээс болоод зөрүүлжээ. Монгол У бол хоолойн гүнээс дуудагддаг, тун цөөн хэлэнд байдаг онцлогтой авиа билээ. Монгол хэлний У тэмдэгтээр бичсэн үгийг гадаад хүнээр уншуулбал шууд л Ү авиагаар хэлнэ, Ургамал гэвэл Үргамал гэх жишээнээс харж болно.“Клуб” гэдгийг монгол хүн “күлүүб” гэж уншдаг, клУб гэж хэлдэггүй. “уул, ул, үүл, үл” гэсэн дөрвөн үгийг монгол хэл мэдэхгүй гадаад хүнээр уншуулаад ямар ялгаа сонсогдож байгааг төвөггүй ажиглаж болно. Илэрхий ийм тохиолдолд энд У-г Ү-гээр сальж бичсэн болно. 

Б, В үсэг.

Уйгаржин монгол бичигт В авиаг тэмдэглэсэн тэмдэгт байдаггүй, хожим гадаад үгэнд хэрэглэдэг В авиа тэмдэглэх тэмдэгт бий болжээ. Орос болон, жишээ нь англи хэлэнд V тэмдэгт хэрэглэдэг авиа монгол хэлэнд байдаггүй, учир нь “варень” гэснийг тэд доод уруултай хамжин шүргэж хүчтэй тэсрэх авиагаар дууддаг. Гэтэл үүнийг монголоор доод уруул цорвойж зөөлөн дуудах ба, бүр ихэнх тохиолдолд Б авиагаар “барээнь” гэж хэлнэ. Монгол хэлний В тэмдэгт нь англи хэлний W тэмдэгтээр хэлэгддэг авиатай дүйнэ, харин ийм авиа орос хэлэнд байдаггүй. Үүнийг оросоор дөхүүлж дуудахын тулд Уи, Уа, Уо, Уэ гэх мэт тэмдэглэгээ ашигладаг. Watson-Уатсон, Wilson-Уилсон, Wels-Уэльс гэх мэт. Гай болтол мөнөөх хоолойн угаар дуудагддаг У энд ороод ирлээ. Уг нь W=В болохоор Ватсон, Вильсон, Вэльс байж зөв, эсвэл дөхүү дуудагдах учиртай. 

h, kh үсэг.

Уйгаржин монгол бичигт “энх”гэдгийн Х, “анх” гэдгийн Х хоёр шал өөр тэмдэгтээр бичигддэг, ерөөсөө ч тусдаа өөр авиа юм. Одоо кирил бичигт үүнийг ялгахын тулд “хоолойн Г”, “хэлний Г” хэмээн нэлээд болхидуу нэрлэх болжээ. Англи хэлний жишгээр ялгаж бичих бол Enhbayar, Ankhbayar гэмээр. Нэг үед адилхан кирил үсэгт шилжсэн хасаг хэлэнд үүнийг ялгахын тулд Г ба Ғ, К ба Қ , Х ба Һ гэж тусад нь тэмдэгт хэрэглэх болжээ. Хоолойн ГА авиа тэр болгон хэлэнд байдаггүй, магадгүй хамит сэмит ба алтай язгуурын хэлэнд байдаг байх. Орос хэлэнд байдаггүй ч хатуу хэлэгддэг “хуй”-г Х тэмдэгтээр, зөөлөн хэлэгддэг Хитлэр-ийг ялгахын тулд зөөлөн хэлэгддэг Х-г Г гэж тэмдэглэн Гитлер гэх болжээ. Энэ тольд зарим толгой үгэнд ийм ялгааг баримталсан боловч, нэгэнт хэрэглээд дассан газарт хэвээр хадгалав.

Х, Г үсэг.

Хэлний гэгдэг Г авиа зөвхөн эм үгэнд дуудагддаг учир заримдаа “гэ” гэж нэрэлдэг бол хоолойн Г-г “га” гэж нэрлэх явдал бий. Угаасаа уйгаржин монгол бичгээр тус тусдаа өөр тэмдэгтээр бичигддэг шүү дээ. Ингэхээр “гэ” авианы араас “а” авиа залгах ёс монгол хэлэнд бараг байхгүй учир гадаад зээлдмэл үгийн “гэ”-г “Ха” авиагаар сольж дууддагийн жишээ гэвэл “гааз” гэснийг “хааз” гэнэ. Энэ тохиолдол ганц “Гэ” – дээр төдийгүй “Хэ”, “Кэ” тохиолдолд ч мөн адил.

Ө үсэг.

Ийм авиа олон хэлэнд бий ч орос хэлэнд байдаггүй учир Ё тэмдэгтээр орлуулдаг. Гэтэл мөнөөх дээрх хоёр цэгийг нь орхигдуулдаг (залхуурдаг юм болов уу?) Е тэмдэгт болно, тэрийг нь монголоор Э авиагаар уншдаг. Энэ нь үгийн үндсэн дуудлагыг шал өөр болгодог. 

Я-ын төрлийн үсэгнүүд.

Дангаараа ямар ч авиа гаргадаггүй мөртөө араас нь эгшиг залгахаар амилдаг тэмдэгт уйгаржин монгол бичигт бий. Ийм тэмдэг олон хэлэнд байдгийг “J” тэмдэгтээр илэрхийлдэг бол англи хэлэнд “Y” тэмдэгт хэрэглэдэг. Харин кирил бичигт эднийг салган тус бүрд нь Я, Е, Ё, Ы, Ю гэсэн тэмдэгтүүд зохиожээ. Гэтэл орос хэлэнд “Ө”, “Ү” тэмдэглэгээ байдаггүй учир монголоор “ер бусын” гэдгийн ЕР, 90 гэсэн тооны “ЕР” хоёр адил бичигдэнэ. Жаран нэгийн И гэгддэг тэмдэгт уг нь “Ji, Yi” юм, харин орос дуудлага нь монгол хэлэнд огт байхгүй. 

Й үсэг.

Хагас И гэж нэрэлдэг энэ тэмдэгт монгол хэлээр эгшигийн ард орохоороо И-ээс өөр өвөрмөц дуудлагатай боловч уйгаржин монгол бичигт ч өөрийн тэмдэгт үгүй. Й-г дуудахад И-гээс арай ондоо буюу хоолойны оролцоотой дуудагддаг. Жишээлбэл ИзраИл гэхэд (зөв бичлэг нь) И авиа чөлөөтэй дуудагдаж байхад ИзраЙл болгож (заримдаа ингэж бичдэг төдийгүй, дууддаг) дуудахад үл мэдэг хоолойн оролцоо нэмэгдэж, Хэ авиа ч оролцоод байгаа юм шиг дуудагдаж байна. Харин орос бичлэгт үүнийг Я-ын төрлийн тэмдэгтийн нэг хэлбэр болгон ашиглаж Йа, Йо гэх мэтээр Йорк, Йод гэж бичдэг. Уг нь монголоор Ёорк, Ёод гэх ёстой баймаар. 

Ь үсэг.

Уйгаржин монгол бичлэгт гийгүүлэгчийн зөөлрүүлэхдээ И тэмдэгт хэрэглэдэг, одоо ч шинэ үсгийн бүрмээр гарди, банди, архи, тамхи гэх мэтээр бичдэг.

Ъ үсэг.

Монгол хэлэнд ямар ч эгшиг, гийгүүлэгчийг хатууруулан дууддаг тохиолдол байхгүй. Зөвлөлтийн мэргэжилтний шахалтаар энэ сонин тэмдэгт кирил үсэг дагалдан орж ирсэн тул далд оруулах газар олдохгүй арга ядан, адъяа, сумъяа гэж бичих болжээ. Тэрбайтугай Дамдинсүрэн өөрөө үүнийг Оюунъэрдэнэ, Говьъалтай гэх маягаар ашиглах гэж оролдож байв. Энэ тольд уйгаржин монгол бичгийн бичлэгийг дуурайн адяа (ади-а), сумяа (суми-а) гэж тэмдэглэв.

Н ба НЬ үсгийн ялгаа. 

Уйгаржин бичигт шал өөр дуудлагатай хоёр өөр Н авиа байдгийг одоо кирил бичгээр нэгтгэчихээд “хэлний үзүүрийн Н”, “хэлний угийн Н” хэмээн арга ядсан болхиор нэрлэх болжээ. Хэл болгон үүнийг ялгахын тулд өөрийн өвөрмөц өөр тэмдэгт юмуу, нийлэмж тэмдэглэгээтэй. Жишээ хасаг бичлэгт Ң, испани бичлэгт Ñ гэсэн тусгай тэмдэгт хэрэглэдэг бол, англи зэрэг олон хэлний бичлэгт Ng гэж тэмдэглэдэг. Орос хэлний угийн Н дуудлага байдаггүй (магадгүй тэд баНк гэхэд дуудагддаг байх) боловч гадаад зээлдмэл үгэнд “нг” бичдэг ч тэрийгээ хэлний үзүүрйин Н-ээр биш, шууд үсэгчлэн “нг” гэж дууддаг. Гэтэл монгол хэлэнд эдгээр хоёр дуудлага аль алин нь чухал үүрэгтэй, ялгамж нь утга учиртай. Хэлний угийн Н-ыг уйгаржин бичгээр “энхлэгтэй Н” гэж нэрлэх нь бий. “Хан үндэстэн” гэж их бичсэн байдаг, гэтэл энэ нь “хан” биш “хань” юм. Англи зэрэг хэлний “king” гэж бичсэнийг “кинг” гэж бичдэг төдийгүй дууддаг, гэтэл энэ нь “кинГ” биш “кин” гэж хэлний угийн Н-ээр дуудагдах ёстой. Хэлний угийн Н-ийн дараа дагавар залгахад өнөөх нуугдмал Г илэрдэгийг “хун” нэршил харъяалахын дагавар авахаараа “хунгийн” болдгоос ажиглаж болно. Харин “хүн” гэхдээ халх аялгаар хүн гэж хэлний угийн Н -ээр хэлэх мөртөө дагавар авахаараа хүнгийн гэдэггүй “хүний” гэдэг. Нарийн ярьвал уг нь дөрвөд баяд нар “күнь” гэж хэлдэг нь зөв байгаа биз? Энэ толины толгой үгийн нэршилд үүнийг нэлээд анхаарсан.

Ци, Ги төгсгөл.

Латин бичлэг “-tion” гэсэн төгсгөлтэй үг элбэг бий. Энэ нь алив нэршлийн төлөв байдлыг илэрхийлсэн нэр үг. Монголоор үүнийг заримдаа “-члал” гэж орчуулдаг ч илүү тохирсон нь “-шил” байж магадгүй, даяаршил, нэршил, оршил гэх маягтай. Энэ төгсгөл хэсгийг англиар “-шн”, францаар “-сион”, германаар “-цион”, польшоор “-цяа”, харин оросоор “-ция” гэж дуудна. Одоо хэрэглэж байгаа кирил монгол бичлэгийн дүрмээр гадаад зээлдмэл үг А, Я-аар төгссөн бол энэ тэмдэгтийг хасна гэж байгаа. Иймээс “амрика” гэдгийг “америк” болгох жишээтэй (яагаад ч юм, “К” тэмдэгтээр төгсвөл уг үг эр, эм нь хамаагүй эм үгийн дагавар залгана гэжээ? Уг нь ямар ч үгийн араас “-аас”, “-ээс” залган дуудаж үзээд “америкээс гэдэггүй, америкаас гэдэг” тул эр, эмийг нь амархан таньж болмоор!). Гэтэл акция гэсэн орос бичлэгтэй үгийг монголоор аакц гэж дууддаг болохоос, зөвхөн “я”- г хасаад акций гэж хэн ч хэлдэггүй. Зүй нь ийм тохиолдолд “–ия” тэр чигээр нь хасна гэж дүрэмлэх ёстой байж л дээ. Атракц, организац, цивилизац гэж энэ толины толгой үгэнд тэмдэглэсэн нь ийм учиртай. Гэхдээ толгой үгээс бусад бүх тохиолдолд одоо хэрэглэж буй кирил монгол бичлэгийн дүрмийг огт гажуудуулалгүй тэр хэвийг нь баримтлав. Үүнтэй төстэй бас нэг төгсгөл бол “Ги”. Биология, геология гэх мэтээс ганц “Я” тэмдэгтийг хасаад геологи гэсэн “монгол үг” болчиж байгаа. Энэ И тэмдэгт илүүдэл гэдгийг хэн ч зөвшөөрөх байх. Зарим мэргэжилтний тайлбарласнаар “геолог” гэвэл энийг эзэмшсэн мэргэжилтэн болчихоно гэх. Гэтэл энэ нь орос дүрэм, монголоор мэргэжлийн хүнийг “-ч“, “-чин” гэж залгадаг. Өөрөөр хэлбэл “геологч”.

Урт эгшиг.

Монгол хэлний дуудлагаар өргөлттэй эгшигийг давхарлан хослуулж бичдэг. Олон тохиолдолд өргөлтгүй балархай эгшигийг бараг дуудалгүй, эсвэл бараг сонсогдохгүй хэлдэг. Тиймээс ч халимаг монгол кирил бичлэгт балархай эгшигийг хасаж бичихээр дүрэмчилжээ. Монгол кирил бичгээр ч “гээгдэх эгшиг” нэрийн дор өргөлтгүй балархай эгшигийг хасахаар дүрэмчилсэн нь үгийн язгуурыг үл танигдах болгон “алаад” хаясан билээ. Энэ толинд гадаад зээлдмэл зарим үгийн дан эгшиг бичсэн газрыг монгол дуудлагаар уртаар дуудан өргөлт өгдгийг ялгамжлав: уран биш, ураан, урал биш ураал гэх мэт. Далимд хэлэхэд уранум гэх химийн элементийг уран ч биш ураан ч биш ураань юм л даа, дахиад л өнөө хэлний үзүүрийн Н!

Адил тэмдэгт гийгүүлэгч давхарлах.

Баттарей, кларнетт, аттестат адресс, ассистент диссэртац мэссэж касс гэх мэт цаад хэл нь ижил гийгүүлэгч давхарлан бичдэг үг нэлээд буй ч монгол дуудлагаар тэр нь давхралсан авиагаар дуудагддаггүй учир хоёр давхарласан гийгүүлэгчийн нэгийг толгой үгэнд хасаж тэмдэглэв. Гэвч вассал классик комиссар масс мисс мэссэж гэх мэт үгэнд үнэхээр тухайн шүргэгч гийгүүлэгч давхарлан хэлэгддэг газар хэвээр үлдээлээ.

Нэр үг, үйл үг.

 Монгол хэлэнд ямар ч нэр үг үйл үг болон хувирч болдог ба, эсрэгээр  үйл үг ч нэр үг болон хувирах чадвартай. Нисэх буудал гэсэн нэр үг байна, гэтэл автобусны буудал асуухдаа “нисэх үү?” гэж буй нь “тэнгэрт нисэх гэж байна уу?” гэсэн асуулт биш нь ойлгомжтой. Энд “нисэх” гэсэн үг харсаар байтал нэр үгийн үүрэг гүйцэтгэж байна. “Хорихын хулгайч”, “Анагаахын нэгдүгээр курс” гээд зөндөө бий. Мандах, Бадрах гэх мэтчилэн хүний нэр болоод газар усны нэршил нэр үг ч мундахгүй. Энэ толины толгой үгийг тухайн үйл үгийн дагавар авахаасаа өмнөх ардаа зураастай хэлбэрээр биш, “хэмнэх”, “эвдэх”, “шүглэх”, “шоглох”, “чимхэх”, “хяргах” гэсэн хэлбэрээр толгойлов.

2024.10. 7.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *