Монгол улстай хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад эрчим хүчний хомсдол бий болжээ

0

Баасан гарагт ОХУ-ын Эрхүү мужийн эрх баригчид эрчим хүчний хомсдолын улмаас “өндөржүүлсэн бэлэн байдалд” шилжих захирамж гаргажээ.

Мужийн захирагч Игорь Кобзевын гарын үсэгтэй захирамжид эрчим хүчний хангамж өргөн хүрээнд тасалдсан тохиолдолд ажиллах нөөц эх үүсвэрүүдийг бүрдүүлж, бүрэн бэлтгэлтэй байхыг орон нутгийн онцгой байдлын албанд даалгасан байна.

Энэ долоо хоногийн эхээр Эрхүү мужийн хөрш Бүгд Найрамдах Буриад Улсын эрх баригчид бас Улаан-Үд хот болон түүний захын дүүргийн 30,000 орчим оршин суугчийн эрчим хүчний хангамж тасалдаж болзошгүй болсон тул хязгаарлалтын арга хэмжээ авч байгаагаа зарласан юм.

Түлээ түлшний үнэ өссөний улмаас иргэд цахилгаан халаалт түлхүү хэрэглэх болсон нь эрчим хүчний дэд бүтцийн ачааллыг эрс нэмэгдүүлсэнтэй холбоотой ийм арга хэмжээ авч байгаагаа Буриадын эрх баригчид тайлбарлажээ.

Оросын хамгийн ядуу бүс нутгуудын нэгд тооцогддог Буриадын эрчим хүчний хуучирсан дэд бүтцийг шинэчлэхэд 17 тэрбум рубль ($178 сая) шаардлагатайг “Говорит Не Москва” суваг мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *