Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу ” Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа
Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байгаа юм. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Харин шинэ эмнэлгийн барилгын ажил 2022 оны аравдугаар сарын 7-нд эхэлсэн билээ.
“Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлэгт эмнэлгийн зориулалттай барилгын норм, дүрмийн дагуу халаалт, агаар сэлгэлт, хийн системийг цогцоор нь шийджээ. Цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлэх нэгдсэн тасаг, гэр бүлийн төрөх өрөө, вакум хагалгааны өрөөнүүд болон зоорьтой.
Амаржих газрын стандартад нийцсэн үйлчлүүлэгч болон эх нярайн өрөөнүүдээс бүрдсэн эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангаж, ажиллах таатай орчныг бүрдүүлсэн эмнэлэг болжээ.
Шинэ эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээр үйлчилгээний тусламж, чанар, хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ. 80 мянга орчим эмэгтэйчүүдэд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болох юм.
Тодруулбал тусламж, үйлчилгээний хувьд:
– Эрсдэлтэй жирэмсний хяналтыг цогцоор нь үзүүлэх,
– Эмгэг нярайн тасагтай,
– Олон улсын стандартад нийцсэн гэр бүлийн төрөх өрөөтэй,
– Вакум мэс заслын өрөөнд тусламж, үйлчилгээ үзүүлэх,
– Эмэгтэйчүүдийн хавдрын эрт илрүүлэгт иргэдийг хамруулах,
– Эмэгтэйчүүдийн болон хөхний хавдартай эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээг үзүүлэх,
-Стандартын шаардлагад нийцсэн ариутгал, угаалга, лаборатори, дүрс оношлогооны тасгуудтай болж өргөжсөн байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС