Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт яллах дүгнэлт үйлдүүлнэ
УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаярт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Түүнийг нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр тэргүүтэй хүмүүсийн хамт 2023 оны аравдугаар сарын 31-ний шөнө АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулж байсан билээ.
“Ногоон автобус”-ны гэх дуулианаас үүдэлтэйгээр нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн хөрөнгө оруулалт, парк шинэчлэл, автобус компаниудад олгодог татаас, ухаалаг төлбөрийн систем зэрэг төсвөөс, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулдаг олон зүйлийг АТГ-т шалгаж эхэлсэн байдаг. Үүний хүрээнд Ц.Батбаяр эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй “Улаанбаатар капитал санхүүгийн групп” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Сити бааз консалтинг” компанийн нийслэлийн нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр төдийлөн үр дүнтэй бус гэж дүгнэж байсан ч төсвөөс их хэмжээгээр мөнгө авдаг нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах гол үндэслэл болсон юм.
“Сити бааз консалтинг” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн нэг үүрэг нь нийтийн тээврийн үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх байсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш эл орлого жил бүр буурсан. Тухайлбал, 2017 онд буюу тус компани байгуулагдаж НТГ-тай гэрээ байгуулах үед нийслэлийн эл салбарын орлого 50 тэрбум төгрөг байж. Үүнээс хойш тогтмол буурч 2018 онд 43, 2019 онд 36, 2020 онд 27, 2021 онд 25 тэрбум болж багассан гэдэг. Ийм байхад нийслэлийн төсвөөс гардаг мөнгөн дүн нэмэгдсээр байсан аж. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 50 тэрбум төгрөг олгосон бол 2021 онд 105 тэрбум болж өссөн байв. Энэ мэтээр “Сити баз консалтинг” компани 2017-2021 онд 17.1 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс авсан гэдэг. Өөрөөр хэлбэл, жил бүр 3-4 тэрбум төгрөг авдаг ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хэрэгт шалгах гол үндэслэл болжээ.
Тэгвэл ингэж хамаарал бүхий аж ахуйн нэгждээ давуу байдал олгуулахын тулд НТГ-ын албан тушаалтнуудад хахууль өгсөн хэмээн буруутгаж буй аж. Тодруулбал, “Сити баз консалтинг” ХХК-ийн нягтлан бодогчоор дамжуулж, НТГ-ын дарга, санхүүгийн албаны эрх бүхий албан тушаалтанд удаа дараагийн үйлдлээр 500 гаруй сая төгрөгийн хахууль өгсөн хэмээн шалгаж дууссан байна.