Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх талаар ярилцав
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар болон холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейтийн сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтыг манай улсын дэд бүтцийн салбар, тэр дундаа авто зам барих, орон нутгийн нисэх онгоцны буудлыг шинэчлэхэд зарцуулж байгааг онцлоод, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” зарлиг 2022 онд гарсны дагуу дэд бүтцийн салбарт хийхээр төлөвлөж буй зарим ажлыг танилцуулав.
Тодруулбал, Улаанбаатар Хархорум чиглэлд 382 км авто замыг шинэчлэхээр төлөвлөн, хамгийн эхэнд Улаанбаатар хот-Лүн чиглэлийн 101,7 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ. Энэ төсөлд урьдчилсан байдлаар 362 сая ам.доллар шаардлагатайг хэлсэн юм. Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг дөрөв бус зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэхээр туссаны дагуу төслийн ТЭЗҮ, санхүүжилтэд нэмэлт өөрчлөлт хийж байгааг тодотгоод, төслийн санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувэйтийн сантай хамтран шийдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг зургаан эгнээ, нэгдүгээр зэрэглэлийнх байхаар төлөвлөөд байна
Монгол Улс 1996 оноос хойш Кувейтийн сантай хамтран ажиллаж, өнгөрсөн хугацаанд Кувейтийн сангийн 76 сая ам.долларын санхүүжилтээр авто зам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Авто замын салбарт гэхэд 2002 онд Дархан-Эрдэнэт, 2010 онд Эрдэнэт-Булган-Уньт, 2015 онд Уньт-Тариалан чиглэлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, нийт 415 км авто зам барих төслийг 58 сая ам.доллароор санхүүжүүлсэн билээ. Харин энэ удаа хоёр улсын Засгийн газар Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх, шинэчлэх төслийг хамтран хэрэгжүүлж байна.