Гадаадын тагнуултай хамтарсан гэх лам З.Санждорж болон Д.Бямбажав нарын хэргийг 15 жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, шүүхэд шилжүүлжээ
“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав нарыг өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд Тагнуулын байгууллагаас саатуулан цагдан, хорьсон.
Тэднийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.4-т заасан гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт дуусаж, яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн сард буюу 2024 оны 9-р сард шүүхэд шилжүүлсэн бөгөөд одоогоор гэм буруугийн шүүх хурлын товоо хүлээж байгаа аж.
Түүнийг буруутгаад буй үндэслэл нь тэднийг гаднын тагнуулд мэдээлэл өгч, Х Богдыг тодруулах үйл ажиллагааг удаашруулахад нөлөөлсөн хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, хяналт, шалгалтын явцад “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж нь “хуурамч” богдыг тодруулахаар бэлтгэж байсныг эд мөрийн баримттайгаар тогтоосон байна.
Уг хяналт шалгалтын үр дүнг тодруулбал, тэрбээр 2020 онд өөрийн нууц хүүг Х Богд болгон тодруулахаар зэхэж, түүнд тусгайлан зориулж гэгээнтний суудал захиалан хийлгэж, хувцас өмсгөл, шашны эд зүйлсийг бэлтгэсэн байсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байсан билээ.