Зуд гурван жил дараалахад эдийн засаг 20 хувиар буурна
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж энэ зууны дунд үе гэхэд зуд, үерийн эрсдэл улам бүр төвөгтэй болж цаг уурын эдгээр эрс тэс үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдэж болзошгүйг уур амьсгалын өөрчлөлтийн төлөв харуулж буй.
Үүнд Монгол Улс анхаарал хандуулж дасан зохицох дорвитой арга хэмжээ авахгүй явсаар байвал учирч болох эрсдэлүүдтэй нүүр тулах нь. Тодруулбал, зуд гурван жил дараалан тохиолдоход л Монгол Улсын эдийн засаг 20 хувиар буурч ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ гэдийг Дэлхийн банк сануулж байна. Өнгөрсөн өвлийн зудаас шалтгаалж манай хөдөө аж ахуйн салбарын өсөлт энэ онд буурсан.
Өнгөрсөн жил Монгол оронд олон жилийн дунджаас ахиу цас орсноор ялангуяа, зүүн аймгуудад зуд болж ихэнх мал, сүрэг нь хорогдсон. Өөрөөр хэлбэл, хүйтний эрч чангарч, их хэмжээний цас орж мал сүрэг бэлчээртээ хүрч чадахааргүй болтол хөлдсөн зудын уршгаар өмнөх жилд амссан хохирол дээр энэ оныхыг нэмээд манай улсын нийт мал сүргийн 6.6 сая мал буюу 10 хувь нь хорогдоод байна. Олон малчин өрх амьжиргаанаасаа салж амьдрал нь хүнд болсон.
Тухайлбал, Хэнтий аймгийн Баянхутаг сумынхан өнгөрсөн зуднаар ор сураггүй алга болсон 10 гаруй мянган малаа олоогүй байна. 330 мянган толгой малаас 112 мянга нь хорогдсон. Өвөлжөөндөө бууж амжаагүй байхад ойрхон хоёр удаа цас орж, хүчтэй цасан шуурга тавьж, мал нь уруудан туугдаж 200 гаруй км-ын цаана очсон гэдэг.
Мөн 300 гаруй үхрээс хоёр үнээ үлдсэн малчных Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Гомбосүрэнгийнх. Тус суманд зудын хүндрэлээс үүдэж 28 мянга гаруй толгой мал хорогджээ. Энэ нь нийт малынх нь 17.6 хувийг эзэлж буй.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, 92.6 хувь нь цагаан зудтай, 7.7 хувь нь төмөр буюу мөсөн зудтай, цасны зузаан 20-35 см хунгарлаж шуурсан газартаа 40-60 см-тэй байжээ. Эднийх 121 мянган толгой мал тоолуулснаас 27 орчим хувь буюу 31 мянган толгой мал хорогдсон тухай НҮБ-ын тайланд дурдсан байна. Энэ мэт олон жишээг дурдаж болохоор байна.
Тэгвэл энэ жилийн тухайд олон жилийн дунджаас илүү хүйтэн болж төв болон баруун хойд нутгаар ахиу цас орно гэдгийг УЦУОШТ мэдээлсэн. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийг дагаад 2024 онд болсон цаг агаарын эрс тэс үзэгдэл нь Монгол орны хувьд цаашид хэвийн, жил бүр тохиох үзэгдэл болж магадгүй юм. Зуд турхан тохиох давтамж нэмэгдэж Монгол орны илүү өргөн нутаг дэвсгэрийг хамрах төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар 10 малчин тутмын гурав нь ядуу амьдарч байгаа тул цаашдын төлөв байдал тэдний амьжиргаа, эрүүл мэнд, аж байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна. Ингэснээр малгүй болсон иргэд хот суурин газар руу шилжих хөдөлгөөнийг хурдасгах зэргээр нийгэмд томоохон сөрөг үр дагавар үүсгэхээр байгааг олон улсын байгууллагын судалгаа харуулсаар.
Хахир хатуу өвлийг эдийн засагтаа эерэг болгох боломжийг эрэлхийх хэрэгтэй
Энэ жил олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно гэдгийг мэргэжлийн байгууллага нь хэллээ. Монголд түгжрэл, утаа гээд олон асуудал өвлийг дагаад ирдэг. Тэгвэл бэрхшээл сорилтыг эдийн засагтаа эерэг болгох боломжийн талаар манай бодлого боловсруулагчид салбар бүрээр дорвитой арга хэмжээ авч ажиллах цаг болжээ.
Харин дэлхий даяар өвлийн улирал улс, орнуудын эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг онцолъё. Зургаан жилийн өмнө хүйтэн цаг агаараас болж Их Британийн эдийн засаг өдөрт нэг тэрбумын хохирол амсаж байсан түүхтэй. Тухайн үед 2010 оноос хойш үзэгдэж харагдаагүй шуурга тохиож, нислэгүүд цуцлагдаж хүмүүс гэртээ бүгэн кафе, ресторанууд эзгүйрч байсан буюу бараг л эдийн засгийн 0 зогсолт болж байв. Түүнчлэн 2012 онд Орост хэт хүйтэрч эрчим хүчний салбарын хямрал, хөлдөж, эвдэрсэн дамжуулах хоолойнуудыг засах ажлын зардлуудаас болж эдийн засаг нь 15 тэрбум ам.долларын хохирол амсаж байжээ.
Гэхдээ зарим газар энэ бэрхшээлийг давуу тал болгосон байна. Тухайлбал, хэт хүйтэн өвөл эдийн засагт томоохон цоорхой үүсгэдэг ч өвлийн аялал жуулчлал өндөр хөгжсөн улсуудын хувьд өвөл шиг гоё улирал байдаггүй аж. Өнгөрсөн жил Хятадын Харбин хотод болсон гурван өдрийн өвлийн наадмаар гурван сая гаруй жуулчид ирж 826 сая ам.долларын орлого олж байв. Илүү том зургаараа Норвеги, Швейцар, Австри гэхчлэн Скандинавын болон баруун европын орнууд өвөл хамгийн их жуулчин хүлээж авдаг.
Харин хахир өвлийг нөгөө талд хүйтнээс зугтсан хүмүүс Зүүн Азийн улсууд руу нүүдлийн шувуу шиг л нүүдэллэдэг ажээ. Тус бүс нутагт өвөл төдийгүй ер нь л аялахад хямд төсөр байдаг нь хүйтэн өвлийг өнтэй давах гэсэн хүмүүсийг татах хөшүүрэг болдог аж. Сонирхуулахад, Зүүн Азид арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл хур бороо төдийлөн их ордоггүй учир аялахад хамгийн таатай байдаг гэнэ.
Тэгвэл дэлхийн хамгийн сийрэг газар нутагтай хүйтэн хот болох эрс тэс уур амьсгалтай Монголын өвөл эдийн засгийн алдагдлаас гадна алдагдсан боломжийн өртгөө тооцож үзвэл нэлээн нүсэр тоо гарах биз. Утаа униар, түгжрэл гээд хот даяараа өвлийн улиралд хэд, хэдэн удаа 0 зогсолт хийдэг. Бусад орноос ялгаатай нь бид жинхэнэ утгаараа зам дээр 0 зогсолт хийж харуулдаг гэдгээрээ онцлог. Жил ирэх тусам л Монголын өвлийг давахад бэрх болж, монголчууд Тайланд, Вьетнам, Өвөрмонгол, Эрээн руу нүүдэллэж байна. Гэснээс Тайландын томоохон хотод нэг сар амьдрахад дунджаар 600-900 ам.доллар, 2-3 сар амьдрахад 1.200-2.0 мянга орчим ам.доллар зарцуулдаг юм байна.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин