Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт 2025 онд нэмэгджээ
“Эрүүл мэндийн салбарын 7 хоног” арга хэмжээний хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн бодлого тэргүүлэх чиглэл болох нь” уриан дор салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнд УИХ, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллагын төлөөлөл зэрэг нийт 1,000 гаруй удирдах ажилтан оролцлоо.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Удирдлагын манлайлал, байгууллагын соёл” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилт ирэх 2025 онд нэмэгдэж байгааг дуулгаад Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чиглэл барин ажиллаж буйгаа танилцууллаа.
Тодруулбал:
- “Эрүүл шүд” – ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын дунд нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн зохион байгуулах
- “Хорт хавдраас сэргийлэх, хянах” – Хавдар судлалын Үндэсний төвийн салбар эмнэлэг барих, хүний папиллома вирусний вакцинжуулалт, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт
- “Эрүүл монгол” – Архидан согтуурахтай тэмцэх хууль, Эрүүл мэндийг дэмжих сан
- “Эрүүл мэндийн боловсрол” – Эрүүл, аюулгүй сургууль хууль, сургуульд суурилсан эрүүл мэндийн тогтолцоог бий болгох зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж, зарим ажлууд нь хэрэгжиж эхэлснийг дуулгалаа.
Түүнчлэн салбарынхаа хүний нөөцийг чадавхжуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр иргэдээ бус эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ гадагш нь явуулдаг болох бодлого барин ажиллаж байгаагаа онцоллоо.
Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээг эх орондоо нутагшуулахад хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор Үндэсний 13 багийг тухайн чиглэлийн үйл ажиллагаагаар тэргүүлэгч өндөр хөгжилтэй улс орнуудад суралцуулах ажлыг эхлүүлээд байна. Аутизмын хүрээний эмгэг, Нярайн зүрхний хэм алдалт, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплазийн эмчилгээг эх орондоо нутагшуулахаар эмч нарын баг гадаад улсыг зориод байна.
Орон нутагт яаралтай тусламжийн тогтолцооны шинэчлэлийг хийж, тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд
- Хавдрын тусламж үйлчилгээ
- Гэмтлийн мэс засал
- Харвалт, шигдээсийн үеийн тусламж
- Хүүхдийн мэс засал
- Сэтгэцийн тусламж үйлчилгээ зэрэг чиглэлээр Үндэсний баг бүрдүүлж, орон нутагт сэлгэн ажиллуулж байна.
Дээрх багууд нь тухайн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүчний нөөцийг чадавхжуулах замаар тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах юм.