Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа

0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярын үйл ажиллагаанд оролцсоныхоо дараа Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинэ байранд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэрээ яамны удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн бодлого төлөвлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал буюу “Хүнсний хувьсгал” болон “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр яам Дархан-Уул аймагт шилжсэнээр салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг төвийн бүс рүү чиглүүлж, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн кластерууд, бусад төрлийн үйлдвэрлэлийг төвийн бүсэд хөгжүүлэхээс гадна тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэх зорилгоор Монгол Улсын Их Хурал 36 дугаар тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.

Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг буюу төвийн бүс нутгийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгохоор төлөвлөсөн.

Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр гарсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймагт шилжүүлэн байршуулах шийдвэр үе шаттайгаар хэрэгжиж, яамны бүрэлдэхүүний эхний ээлж, Хөдөө аж ахуйн корпорац, Хөдөө аж ахуйн бирж Дархан хотноо шилжин ирсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *