БАРИМТ: Аварга Б.Бат-Эрдэнийн хариуцаж байсан Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооноос 42 тэрбумын зөрчил илэрчээ
Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн байна. Тодруулбал, энэ хүрээнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ.
-110 ТЭРБУМЫН ТӨСӨВТ ӨРТӨГТЭЙ БАЙТАЛ 50 ХУВЬ БУЮУ 42 ТЭРБУМД НЬ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ. УГ АСУУДЛААР ССАЖЗ-ЫН ЯАМАНД АСУУЛГА ТАВЬЖЭЭ-
Аудитын шалгалтаар 42,861,29 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Мөн 974,9 сая төгрөгийн ерөнхий тогтоосон материаллаг байдлын түвшнээс давсан, санхүүгийн тайлагналын нийцсэн бөгөөд зохистой байх, оршин байх, иж бүрэн байх, эрх ба үүрэг батламж мэдэгдлүүдийг хангаагүй байна.
Тухайлбал,
- Тухайн жилийн төсвийн тухай хуулиар тус ерөнхийлөн захирагчийн багцад баталсан, аймгуудын Засаг даргын Тамгын газарт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 12 барилгыг 12,325,1 сая төгрөгийн төсвийн санхүүжилтийг Сангийн яамнаас шууд шилжүүлснээс Төсвийн ерөнхийлөн захирагч хуулиар хүлээсэн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж ажиллаагүй
- Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2022, 2023 онд санхүүжүүлэх батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч байгууллага нь цаашид хэрэгжүүлэх боломжгүй болж, бүрэн зогссон зэрэг барьцаа хөрөнгийн дансанд байршиж байгаа нийт 1,172.5 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээгүй
- Биеийн тамир, спортын улсын хороо нь “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын бэлтгэл ажлын хүрээнд байгуулсан гэрээний дагуу олгосон нийт 2,620, 8 сая төгрөгийн санхүүжилтийн гүйцэтгэлийг хянаагүй, хугацаанд нь хүлээн аваагүй
- Нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох өртгийн дээд хязгаараас хэтэрсэн, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд батлагдаагүй нийт 1,005,2 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан
- Анхан шатны баримтын бүрдэл дутуу баримтаар гүйлгээ хийсэн, ангилал буруу бүртгэсэн, эд хөрөнгөийн тооллого хийгээгүй, батлагдсан төсвийг зориулалт бусаар шилжүүлэн төсөв хооронд гүйлгэн зарцуулсан зэрэг нийт 2,522,9 сая төгрөгийн зөрчил тус, тус илэрчээ.
Мөн “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цаг гаргая” биеийн тамирын арга хэмжээ , “Эрүүл Монгол хүн” үндэсний фестиваль, “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам, “ Улаанбаатар их дуулга 2023” жүдо бөхийн Олимпын эрх олгох дэлхийн зэрэглэлийн тэмцээн, Олимпын дэлхийн зуны наадам зэргийг төсвийн 19,2 тэрбум төгрөгөөр зохион байгуулсан байна.
Энэ талаар УИХ-ын Д.Батбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ ажлаа өгсөн. Тус яам одоо Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд шилжсэн. Гэтэл Биеийн тамир, спортын улсын хороо нь 110 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бөгөөд 2023 оны төгсгөлд аудитын байгууллагаас шалгалт хийгээд 42.8 тэрбум төгрөгийн торгууль тавигдсан. Өөрөөр хэлбэл нийт төсөвт өртөгийн талтай нь тэнцэх хэмжээний зөрчлийн акт тавигдсан асуудлыг хэн ч ярихгүй байна. Тиймээс Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамд асуулга тавьсан” гэсэн байна.
Б.Наранчимэг
Эх сурвалж: isee.mn