Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Хүн алчихсан биш замын алдааг засаж болно

0

Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 18-нд хааж засварласан. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн. Албаныхан “Шөнийн цагаар зам засварлаж байхад цас орж замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн” гэх тайлбарыг өгсөн байна.

Татварын төлөгчдийн мөнгө уйлдаггүй гэж энэ. Дээрх замыг засварлахад 2.8 тэрбумыг засварласан гэх. Уг мөнгөөр хоёр ч цэцэрлэг өлхөн барьчихна.

2.8 тэрбумаар гүйцэтгэл дутуу ажил хийчхээд үүндээ гэмшсэн ч шинжгүй “Трүй рөүд” ХХК-ийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх “Бид шөнөөр ажилласан. Тэрүүхэн үедээ багахан хэмжээний түвшин алдсан асуудал байгаа. Засах шаардлагатай гэвэл дулааны улиралд засна” гэж ярьжээ.

Харин хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Инженер хүмүүс хариуцлагын алдаа гаргасан байна лээ. Гэхдээ тус компанийн инженер, техникийн ажилчид тийм аймар хүн алсан ч юм уу. Тийм хүндрэлтэй асуудал биш. Засагдаж болдог алдаа гэсэн үг” гэх тайлбарыг “Ийгл” телевизэд өгөөд зогсож байна.

Хамгийн сонирхолтой нь хотын нэгдүгээр орлогч Т.Даваадалай яриандаа хариуцлагын талаар огт дурдсангүй. Түүний яриагаар бол “Хүн үхээгүй учраас шинээр тавьсан, муруй сарий зам нь ингээд байж байх ёстой. Эсвэл засчих юм байна” байна. Энэ хугацаанд төсвөөс зарлагдсан мөнгө үр ашиггүй болох нь Хотын орлогчид түй ч хамаагүй аж. Энэ овон товон, долгионтой зам дээр нь зам тээврийн осол гарч жинхэнээсээ хүний амь үрэгдэж, иргэн эд хөрөнгөөрөө хохирвол яах вэ. Алдарт “буруугүй” инженерийнх нь тайлбарласнаар бол дулааны улирал эхэлтэл нийслэлийнхэн энэ зам дээрээ холхилдоно.

Зүй нь төсвийн мөнгөөр ийм хачин юм хийсэн компани, бариулсан хоёр хоёулаа шийтгэл хүлээх байтал “Дулаархаар засчихна, Ямар хүн алсан биш” гэх үгээр ам таглаад сууж байна.

Гүйцэтгэгч байгууллага буюу “Трүй рөүд” ХХК өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлэх аж. Хэдийгээр энэ удаад Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг засварласан компани улсыг хохиролгүй болгоно гэж байгаа ч татвар төлөгчдийн мөнгөөр цаашид балгас барьж “тогломооргүй” байна.

Энэ зам бол Ногоон автобусны жижигрүүлсэн өөр нэг хулгай, хариуцлагагүй байдлын тод жишээ мөнөөё мөн. Ийм замыг хүлээж авсан, ийм зам барьсан, “Хүн үхчээгүй шүү” гээд зогсож байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *