Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцав

0

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.10.23) Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд санал солилцлоо. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, У.Отгонбаяр нар оролцож, саналаа илэрхийлэв.

Уулзалтын эхэнд, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танилцуулга хийхдээ “АТГ анх байгуулагдсан өдрөөс хойш нийт 12079 эрүүгийн хэрэг шалгаж, 3 их наяд 232 тэрбум 407 сая 259 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ. 2021, 2022 онд гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын хөрөнгө буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон” хэмээлээ.

Түүнчлэн авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хууль” болон “Гэмт хэргийн улмаас хураасан, битүүмжилсэн хөрөнгийг захиран зарцуулах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулан батлуулах шаардлагатай байгааг онцлов.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ-аас парламентын тогтолцоог улам бүр бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж эхэлсэн гэлээ. Өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглэгдэж буй 318 хуулийн зүйл, заалт тус бүрд судалгаа хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 гаруй заалт байгааг тогтоосон учраас энэ парламент тэдгээр зүйл заалтыг засахаар ажиллаж эхэлсэн талаар дурдав. Мөн нийгмийн харилцааны 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь авлига үүсэх, албан тушаалаа урвуулан ашиглах үндэс суурь болж буйг тодотголоо. Тиймээс хуулиас давсан журмуудыг цэгцэлж, нийгмийн хэм хэмжээг хуулиар зохицуулахад УИХ анхааран ажиллана гэсэн юм. УИХ-аас  2023 онд батлагдсан 2023-2030 онд хэрэгжих “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, 2024 онд батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа УИХ-д, олон нийтэд мэдээлж ажиллахыг УИХ-ын дарга үүрэг болголоо.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд АТГ-ын бодлого, үйл ажиллагааны талаар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар УИХ-ын дарга, УИХ-аас хууль дээдлэх ёсыг шат ахиулахаар ажиллаж эхэлснийг тодотгоод, авлигатай тэмцэх ажил тунхаг төдий бус бодит үр дүнд заавал хүрэх шаардлагатай гэв. Авлигын асуудал бол улс орны оршихуйтай холбогддог учир АТГ урьдчилан сэргийлэх ажилд анхаарлаа хандуулан ажиллах талаар саналаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *