ИЦББХ: 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.10.23) хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформ, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төсөл тусгагдсаныг онцолж, 2025 он бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил учир төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлсэн болохыг танилцуулсан юм. Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлснээр төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, суурь зарлага 32.0 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай гарах ажээ.
Төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтэд Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан гэж үзсэнийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.93 их наяд төгрөгийн буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх алдагдалтай байхаар төлөвлөснийг дурдаад, тус Инноваци, цахим бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны болон Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын төсвийг нэг бүрчлэн танилцууллаа. Эдгээр сайд нарын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Эдийн засаг, хөгжлийн сайдын багцын төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.1 тэрбум төгрөгөөр бууруулан төлөвлөжээ. Мөн нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 170.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын урсгал зардлын төсвийг 19.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 90.1 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын төсвийг зургаан төсөл, арга хэмжээнд нийт 39.1 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, гурван төсөл, арга хэмжээнд 241.6 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар санхүүжүүлэхээр, Эдийн засаг, хөгжлийн сайдын урсгал зардлын төсвийг 19.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 109.7 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын төсвийг дөрвөн төсөл, арга хэмжээнд нийт 202.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, долоон төсөл, арга хэмжээнд 33.9 тэрбум төгрөгийг гадаад зээл тусламжаар санхүүжүүлэхээр тус тус төлөвлөсөн нь нөлөөлжээ.
Сангийн сайдын мэдээлэл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх сангийн төсвийн талаар асууж, мөн бусад сангуудын өмнөх онуудын төсвийн хэрэгжилт, түүний үр дүнг дүгнэсний үндсэн дээр төсөв хуваарилах нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Хур системд хувийн хэвшлийн байгууллагыг холбох талаар тодорхой ямар ажлууд хийгдэх, өндөр технологи, инновацын төвийг улсын төсвөөр байгуулах ажил хувийн хэвшлийн байгууллагууд, их, дээд сургуулиуд дээр байгуулагдаж буй төвүүдтэй ажил үүргийн хувьд давхцах эсэх, багийн үүрэн холбоог сайжруулах талаар шинэ төсөл, хөтөлбөр эхлүүлэх эсэх болон шинжлэх ухаан, технологийн үр дүн, оюун өмчийг эргэлтэнд оруулахад үзүүлэх дэмжлэг болон 10 тэрбум төгрөгөөр худалдан авах тоног төхөөрөмжийн талаар асууж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан болон Эдийн засаг, хөгжлийн яамны холбогдох албаны хүмүүсээс тодорхой хариулт авав.
Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар Монгол Улс шинжлэх ухаан, инновац, технологийн хөгжилд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг зарцуулж байгааг болон Шинжлэх ухаан технологийн сангийн зардлын зориулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн төсөв, уг сангаас багийн холбоог сайжруулах ажлыг санхүүжүүлэх, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа Үндэсний хиймэл дагуул хөөргөх асуудалд мэргэжилтнүүд ямар үнэлэлт дүгнэлт өгсөн болон 14 мега төслийг дагалдуулан хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар асууж, хариулт авсан юм.
Мөн Байнгын хорооны дарга Ж.Золжаргал цахим шилжилттэй холбоотойгоор салбар болгон дээр хийгдэж байгаа ажлууд, мэдээллийн систем хоорондын харилцан уялдаа, эдийн засгийн үр ашигтай байдлын талаар салбарын яамд болон Сангийн яамнаас зөвлөмж, дүгнэлт авсан эсэх талаар асууж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны болон Сангийн сайд нараас хариулт авлаа.
Үүний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гурван гишүүнээс Байнгын хорооны хуралдаанд ирүүлсэн зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураалт явуулав. Санал хураалтаар Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Б.Жаргалан нарын ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Золжаргалын гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжив. Ингээд Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.