С.Шаарийбуу: Надаар наадсан 20-иод жил
Одоогоос 19 жилийн өмнө Малайз улсад монгол охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Улмаар хэргийн үнэн мөнийг олохын төлөө тууштай тэмцэж явсан талийгаачийн аав С.Шаарийбуу эцэст нь зарим гэмт этгээдүүдэд ял сонсгож чадсан.
Гэхдээ аллагыг захиалсан Малайзын өндөр албан тушаалтнууд шийтгэгдээгүй. Мөн хэргийг гардан үйлдсэн цаазын яалтай хоёр цагдаагийн нэг нь Австрали руу оргон гарч, нөгөөх нь Малайзын шоронд хоригдож байгаа.
Харин саяхан олон улсын хэвлэлд монгол эмэгтэйг хөнөөсөн Малайз цагдаа цаазын ялаас мултарлаа гэх нийтлэл гарсан. Мэдээллийг ЭНД дарж харна уу. Түүнчлэн талийгаачийн аав С.Шаарийбуу эл хэрэгт холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайдад захидал илгээгээд байгаа. Захидлыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. Уг захидалд хэргийг зориудаар дарахаар Малайзын өндөр албан тушаалтнуудтай сүлбэлдсэн байж болзошгүй Монгол Улсын төрийн байгууллагын томоохон алба хаагчдын тухай дурдагджээ.
Иймд бид эл асуудлаар болон он удаан жил үргэлжилж буй шийдвэрлэгдээгүй Монгол эмэгтэйн аллагын хэргийн явцын талаар Гавьяат багш С.Шаарийбуутай ярилцлаа.
-Зул, зураг хоёроо харж суугаад үлдэх юм гэж үү-
-Охины тань амийг авч одсон аймшигт хэрэг гарснаас хойш 19 жил болж. Энэ хугацаанд та тасралтгүй зүтгэлээ. Гэтэл хэргийг захиалсан өндөр албан тушаалтууд нь сул явж байна. Бараг 20 жилийн зүтгэлд хэтэрхий чамлам үр дүн юм.
-Үр хүүхдийнхээ төлөө үлдээлгүй үүрэх ачаа гэж байдаг юм байна. Би Малайзын эрх мэдэлтнүүдэд хүчин мөхөстөж, Монголын төрөөс хүсэмжилж шударга шүүх, хүний эрхийг эрэн хайж, хэлж, бичиж, уулзаж, хэрэн тэнэсээр 20-иод жил явлаа. Олигтой үр дүнд одоогоор хүрээгүй л байна. Хэмжээлшгүй эрх мэдэлтнүүд, хязгааргүй хөрөнгө чинээ, хэлэлцэж хуйвалдсан луйварчид хэргээс мултрах арга саам эрсэн хүн дүрстэй сүгүүдтэй олон таарлаа. Миний бодлыг сонссон болж, хурдхан салж, шилийг минь хараад мартдаг сайд дарга нар гайхамшигтай. Горьдлого тээж хүргүүлсэн захидлын хоног нь дөхөхөөр өчүүхэн үйлдэл хийлгүй үзэгний үзүүрээр хэдэн үг бичиж хүргүүлдэг ажилтнуудыг биширмээр.
Өрөвдөхийн эрхэнд хорвоо гэгчээр зул, зураг хоёроо л харж суух гэж үү. Үгүй “шударга үнэн” гэж байх л ёстой гэж эргэлт буцалтгүй эцэж цуцалгүй зүтгэсээр хаана хүрч болдгийн хариуг би олох болно.
Шинээр сонгогдсон УИХ хүн төвтэй хуулийг батлан хэрэгжүүлж, иргэдийнхээ эрхийг бүхнээс дээдлэн дэвшүүлсэн “ишлэл” биелэгдэнэ гэж анхаарч сууна.
-Би саяхан гаднын хэвлэлээс хэргийн явцын талаар харлаа. Хариулж болох бол надад асуумаар байгаа хэдэн зүйл байна. Та яагаад хэргийг гардан үйлдсэн хэрэгтэнд оноосон цаазын ялыг биеэр эдлүүлэх ял болгох хүсэлт гаргасан юм. Хүсэлтийн дагуу Малайзын шүүх 2024 оны аравдугаар сарын 10-нд Азилах Хадригын цаазын ялыг 40 жил хорих болгож, 12 удаа банздах ялаар шийдүүллээ.
-Чи надаас үүнийг их аяархан асууж байна. Аяархан асууна гэдэг нь болгоомж илэрч байгаа явдал. Түүгээр эхэлсэн зовлонг үүгээр дууддаг чи хэн бэ гэж сэтгүүлч охин чамайг айлган ичээж, чимхэж магадгүй болохоор айгүйгээрээ ах нь ярьж, чамд харин асуудал болохооргүй зүйлсийг л болгоомжлон дурдъя. Миний үг хүнд хүрч, хүч олох болтугай. Хүмүүс үнэнийг мэдэж байж шударга ёс тогтох жамтай.
Тиймээ. Хэдэн үеэрээ Малайзын төрд ноёрхсон гэгддэг Ерөнхий сайд асан Нажиб Разак монгол эмэгтэйг тагнуул гэж ойлгуулан устгах тушаалыг өөрийн бие хамгаалах албаны итгэмжлэгдсэн офицер Азила Хадрид өгсөн. Мөн түүний улс төрийн зөвлөх Разах Багинда нь энэ аллагыг захиалан, зэвсэг авах зөвшөөрлийг Батлан хамгаалахынхаа өндөр албан тушаалтан Мусса Сафрад өгсөн байдаг. Одоо эл үйлдэл, хэргээс мултрахын тулд хэргийг гардан гүйцэтгэсэн хоёр офицерын цаазын ялыг хэрэгжүүлж, гэрчгүй болгон асуудлыг өөрсдөдөө ашигтай байдлаар эргүүлэхээр нөлөөлөх боломжтой гэдгийг мэргэжилтэн хуульчид зөвлөснөөр би одоо хоригдож байгаа хэрэгтний цаазын ялыг болиулж, хорих ял болгох шийдэлд хүрсэн юм.
- Асуудал ийм байдалд хүрсэн тул шүүхийн шийдвэрээ хэрэгжүүлэхийг Малайзын төрд хүсэмжлэх,
- Ижил нөхцөлөөр ял эдлүүлэх асуудлыг Малайз болон Австралийн талд тавьж Сирул гэгчийг эх оронд нь хүргүүлэх асуудлыг шаардах,
- Малайзын төр, шүүх болон Ерөнхий сайд асан Нажибтай найрсагаар нөхөрлөж хариуцлагагүй байдал гаргаж ирсэн Гадаад харилцааны яамны албан хаагч болон хэрэгт холбогдсон сайд, дарга нарын талаар тайлбар гаргуулахаар Монгол Улсынхаа Ерөнхий сайдад хандаад байгаа юм.
-Монгол эмэгтэйг хөнөөсөн этгээдийг цагаатгахыг МУ-ын ГХЯ Малайзын шүүхээр хүссэн байсан-
-Хэргийг захиалагч Малайзын Ерөнхий сайд асны зөвлөх байсан Разак Багинда эцсийн гэрчүүдээ устгахаар зэхэж байгаа байх нь. Түүнийг ер нь шүүсэн үү. Яагаад сул чөлөөтэй яваад байдаг юм бэ?
-2008 онд түүнийг шүүх хурал болсон. Гэвч хэргийг захиалагч Разак Багиндаг Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан хүсэлтээр цагаатгаж уг этгээд өнөөг хүртэл эрх чөлөөтэй надтай заргалдаад явж байна.
-Гадаад харилцааны яамны албан хүсэлтийг нь хэн илээв. Малайзын шүүх танд тайлбар хэлсэн үү?
-Би тэр шүүх хурал дээрх биечлэн очсон байсан. Гэтэл шүүх Багиндаг цагаатгасан. Шийдвэр гаргахдаа Малайзын шүүх Монгол Улсын Гадаад харилцааны яамны хүсэлтийг харгалзан үзсэн гэдгээ надад тайлбарлаж, тэдэнд илгээсэн албан бичгийг харуулсан. Би ирээд Гадаад хэргийн сайдтай энэ асуудлаар уулзсан. Гэтэл тухайн үеийн сайд нь өөрөө ийм бичиг Малайзын шүүхэд илгээгдсэнийг мэдээгүй байсан. Надад бичгийг илгээсэн хүний нэр, гарын үсэгтэй албан бичгийг харуулсан учир би хэн гэдгийг нь мэднэ л дээ. Сонирхолтой нь Гадаад харилцааны яам ч үүнийг мэднэ.
Эдгээр үйлдлийг нь мэдсээр байж Гадаад харилцааны яам, Монголын төр тухайн хүнийг гадаад орнуудад элчин сайдаар томилсоор ирсэн.
Ингэж болдог юм уу. Тэрний хийсэн үйлдлийг шагнаж олон жил дараалан элчингээр томилсоор байгаа юу гэж асуумаар. Энэ үйлдлүүдэд албан тайлбар гаргах болсныг сануулъя.
-Дараагийн хэрэгтэн. Таны Ерөнхий сайдад илгээсэн захидалд тодорхой бичигдсэн хэргийг гардан гүйцэтгэсэн хоёр хүний нэг болох Сирул Умар уг нь хоригдсон. Гэтэл яаж байгаад Австрали руу зугтаад гарчхав.
-2014 онд Гадаад харилцааны яамны сайд асан Малайзад очиж, “Монгол хүний амь насыг хөнөөсөн Малайз хүмүүст цаазын ял оноох хэрэггүй. Хэргийг нь хөнгөлж байхыг” албан ёсоор мэдэгдсэн. Улмаар хэргийг үйлдэгчид хэдхэн сарын дараа суллагдаж, Сирул Умар гэгч Австрали руу оргон гарч өнгөрсөн онд эрх чөлөөт иргэн болсон.
2011-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Малайзын Ерөнхий сайд одоо хэрэгтэн болоод байгаа Нажиб Разакаас агуулга зорилго нь тодорхойгүй их хэмжээний мөнгө авсныг Малайзын шүүх тогтоогоод байна.
Энэ нь Нажибын шоронд хоригдох шалгаан болоод буй “Малайзын баялаг”-ийн санг хоосолсон хэрэгт хамтарсан үйлдэл болсон гэмээр. Эл шилжүүлэг цаг хугацаа хамтарсан үйлдлээрээ уг хэрэгтэй давхцаж байна гэж Малайзын шүүх сэжиглэж байна.
-Бас нэг зүйл. 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд Малайзын шүүхээс Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азилах Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэн нэрсийг зарлаж таван сая ринггит буюу монгол мөнгөөр 3.76 тэрбум орчим төгрөг олгуулахаар болсон. Энэ мөнгө танд олгогдсон уу?
-Шүүхээс шийдвэр нь гарсан ч олгогдоогүй. Энэ асуудлаар Малайзын Засгийн газар болон Разак Багинда нар давж заалдахаар заргалдаж байгаа.
-Монгол Улсын бүх байгууллага миний хүсэлтэд “боломжгүй” гэх хариу өгдөг-
-Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам болон төрөөс иргэнийхээ эрхийг дээдэлж, хууль ёсны ганц л албан бичиг явуулчихсан бол эрт шийдэгдэх хэрэг байж. Харамсалтай нь тус бололгүй ус болсны гороор 19 жил сунжирчээ. Энэ хугацаанд уг нь та холбогдох албаныханд хүсэлт илгээж л байсан байх. Өнгөрсөн олон жилийн турш манайхан танд юу гэсэн хариулт өгөөд хэрэгт оролцоогүй юм бэ?
-2012 онд Хууль зүй, дотоод хэргийг яаманд Малайзын ижил төстэй яаманд хандаад өгөөч гэж хүслээ. “Боломжгүй” гэх хариу өгсөн. 2023 онд дахин хандлаа. Давиад л “боломжгүй” гэсэн. 2016 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хандлаа. Бас “боломжгүй” гэв. 2024 онд дахин Австралийн прокурорын газар хандаад өгөөч гэж гуйлаа. Бас “боломжгүй” гэсэн албан хариу ирүүллээ.
“Боломжгүй” гэдэг үг аливаа асуудлын таглаа юм уу. Аль эсвэл хуулийнхны жинхэнэ санаа нь юм уу. Жижүүрийн үгэн хариулт юм уу. Бүгд адилхан үгээр жиргэж байдаг нь сонин бөгөөд содон харагдана. Эсвэл өөр олон орц, гарц байтал эрх мэдэлтнүүд эс хүсэн цагийг үрж, цалингаа авч байгаад харамсахын сацуу уурыг чинь хүргэхээр үнэнийг ярьсан угийн ухаан мулгуу намайг өршөөгөөсэй.
-Малайзын тал тантай яаж хамтран ажиллаж ирэв.
-Малайзад Монголын элчин, консул байдаггүй болохоор монголын тал алсаас ажиглаж, миний өмгөөлөгчдийн уйгагүй хөөцөлдөж үр дүнд хүрснийгээ хүргүүлсэн захидлыг дамжуулах байдлаар хандаж олон жилийг өнгөрөөлөө.
-Малайзад хууль бусаар ашиглагддаг, амь үрэгддэг монголчуудын талаар баггүй сонсогддог. Хоёр орны харилцаа ч тийм таатай биш гэж харагддаг. Энэ асуудал бас таны хэрэг явдалд саад учруулдаг байх.
-Малайз улс, Монголд итгэмжлэх жуух бичиг барилгүй 14 жил боллоо. Дипломат ёс хэм хэмжээ байдаг гэж мөхөс бий боддог. Ганцхан надад гэхээсээ илүү цөөнгүй монгол хүн Малайзад амь насаа алдаж, хүний наймаа, хар тамхины золиос болж ирсэн нь асуудал гэж ойлгоод Гадаад харилцааны яам, УИХ-д Малайз руу “визгүй зорчдог байдлыг түдгэлзүүлэх” санал тавивал бага ч гэсэн шахалт болно гэж үзсэн боловч сайн найзыгаа гомдоож болохгүй гэдэг бодлого явсаар…
Монголчуудыг “чимээгүй” байлгах Малайзын төрийн хүсэлтийг манайхан “хүлээцтэй” гэдэг байдлаар хүлээн тэвчиж ирлээ. Хариуд нь Малайз манай иргэдийг “боломжийн байдлуудаар” ашиглаж цаг хожин ихийг амжууллаа. Хүлээн тэвчихэд хэмжээ гэж баймаар санагдана.
Эх сурвалж: Eguur.mn