“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргана
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр” XVII жарны Модон луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу ирэх сарын 2-нд тохионо.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан энэ бямба гарагт жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Их эзэн Чингис хааны алтан сургааль, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүлнэ. Мөн энэ өдөр Монголын түүх судлалыг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурах, гардуулах ёслол болох юм.
Ерөнхийлөгчийн зарлигт Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг дэмжих, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг эмхэтгэн хэвлүүлэх, олон нийтийн түүхийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх цогц арга хэмжээг тусгана гэдгийг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал тэмдэглэв. Мөн өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол болж, төр засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолд уригдсан хүндэт зочид, иргэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
Түүнчлэн “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулж, түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг анх удаа гардуулах юм. Мөн Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ирэх сарын 4-нд Богд хааны Ордон музейд тууль хайлна.