БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОЛОМЖИТ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ХУВИЙН ХЭВШЛЭЭР ГҮЙЦЭТГҮҮЛЖ ЛИБЕРАЛЧИЛНА
Боловсролын үйлчилгээ үзүүлдэг цахим системүүдийг хооронд нь уялдуулах, мэдээлэл солилцоог сайжруулах, нэгдсэн интерфэйс архитектурыг боловсруулахаар Боловсролын яам, харьяа байгууллагууд болон EdTech компанийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгээс Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмын төслийг боловсруулж, өнөөдөр эцэслэн баталж байна. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын цахим үйлчилгээ үзүүлдэг компаниуд зах зээлд өрсөлдөх тоглоомын дүрмээ өөрсдөө боловсруулаад, баталж байгаа юм.
Журмын төсөлд дараах онцлох өөрчлөлтүүдийг тусгав. Үүнд:
• Сургалтын байгууллага, Edtech компани хоорондын харилцаанд төрийн шаардлагагүй оролцоог багасгаж, шаардлагатай тохиолдолд Боловсролын яам хяналт тавьдаг байх;
• Мэдээлэл солилцох боломжтой эсэхэд заавал Боловсролын яам болон Боловсролын ерөнхий газар оролцолгүйгээр технологийн мэргэжилтнүүд нь шийдвэрлэх боломжтой байх;
• Сургалтын байгууллага, Edtech компани хоорондоо гэрээ байгуулахдаа системийн ерөнхий болон тусгай шаардлага хангаж байгаа эсэхийг Удирдах зөвлөл ба бусад зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэдэг болох;
• Гэрээ байгуулахдаа цахим систем ашиглах, аливаа субъектээс хамааралгүйгээр мэдээлэл солилцох үйл явц хэвийн үргэлжлэх;
• Систем ашиглалтын зардлыг эцэг, эх асран хамгаалагчдад сайн дурын үндсэн дээр хариуцуулдаг болох юм.
Боловсролын яамны зүгээс сургалтын зориулалтаар ашиглагдаж байгаа программ хангамж, систем, цахим шилжилттэй холбоотой боломжит ажил үйлчилгээнүүдийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж либералчлах, компаниуд төсөл хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагыг зорьдог биш, сургууль, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгцээ шаардлагыг хангах байдлаараа өрсөлддөг зах зээлийн зарчмыг бий болгох бодлого баримталж байна.