Газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт 431 сая доллараар нэмэгджээ
Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг анх 2017 онд соёрхон баталсан байдаг. Гэвч түүнээс хойш үйлдвэр барих хөрөнгө оруулалт баригдаж эхлснээс хойш хөрөнгө оруулалтын хэмжээ 431.0 сая ам.доллараар нэмэгджээ.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.АЛТАНЦЭЦЭГ:
-БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын хөгжилд зориулж 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсны дагуу манай улсын Засгийн газар тус улсын Экспорт-Импортын банктай 2016 оны дөрөвдүгээр сард Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэснээр Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сард соёрхон баталжээ. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас сонгон шалгаруулсан БНЭУ-ын Engineers India limited компани 2017-2018 онд үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулахдаа нийт зардлыг 1.236,0 сая ам.доллар байхаар тооцоолсон байна. Энэтхэгийн тал энэхүү хэтэрсэн 236.0 сая ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсний дагуу хоёр тал нэмэлт “Зээлийн хэлэлцээр”-ийг 2019 оны аравдугаар сард байгуулжээ. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд одоогийн байдлаар нийт 992.2 сая ам.долларын гэрээ гэрээ байгуулагдаад байгаа бөгөөд гэрээний санхүүжилт 256.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй явж буй. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутат хэрэгжиж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг дэд бүтцийн дараалал, барилга байгууламжийн төвөгшил болон инженерчлэлийн ажилд зарцуулах хугацаа зэргийг харгалзан дөрвөн хэсэгт хуваан явуулж байгаа юм. Үйлдвэрийн угтах байр, эмнэлэг, хоолны газар, оффис сургалтын төв, агуулах, лаборатори, цэвэр усны систем, гал унтраах анги, засварын цех зэрэг технологийн бус барилга байгууламжийг барих ЕРС1 ажлын явц 99 хувьтай, энгийн болон вакум нэрлэгийн байгууламж, хий ялгах байгууламж, завсрын болон бэлэн бүтээгдэхүүний сав, шингэрүүлсэн шатамхай хий хадгалах сав, бүтээгдэхүүний ачих буулгах байгууламж, шугам хоолойн тулгуурууд зэрэг анхдагч процессын болон дагалдах байгууламжуудын барилгын ЕРС2 ажил 17 хувьтай байна. Харин Үйлдвэрийн цахилгаан станцыг барьж байгуулах ЕРС3 ажил 14 хувьтай яваа бол гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын ЕРС4 ажил 8 хувьтай байна.
ЕРС2, ЕРС3 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн “Megha Engineering and Infrastructure Limited” компанитай 2022 оны аравдугаар сард гэрээ байгуулж, 2023 оны дөрөвдүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна.
ЕРС2 багц ажлын хүрээнд өнөөгийн байдлаар агуулах сав резервуар, дэд станцууд, шугам хоолойн эстакадын суурийн барилга угсралтын ажил дууссан бөгөөд агуулах савны хавтангийн угсралтын ажил хийгдэж байгаа аж. Мөн дагалдах, тслах, хангамжийн байгууламжуудын суурийн бетон цутгалт дуусч, давхруудын арматур угсралт хийгдэж байна. Түүнчлэн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Энэтхэг, Франц, АНУ, Австрали улсуудад үйлдвэрлэж байна. Харин ЕРС3 багц ажил буюу үйлдвэрийн дулааны цахилгаан станцын уурын зуухыг Их Британи, ХБНГУ-ын технологийн компаниудад захиалан үйлдвэрлүүлж байгаа ажээ. ЕРС4 багц ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад хамгийн бага буюу 648 сая ам.долларын үнийн саналыг ЕРС2, ЕРС3 ажлын гүйцэтгэгч “Megha Engineering and Infrastructure Limited” компани ирүүлсэн бөгөөд энэ үнээр гэрээ байгуулахад төслийн нийт хөрөнгө оруулалт Зээлийн ерөнхий болон нэмэлт хэлэлцээрээр тооцоолсон дүнгээс 34 орчим хувиар өсч 1.656,8 сая ам.доллар болохоор гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны есдүгээр сард хэлэлцэн баталгаажуулжээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ ийнхүү 431.0 сая ам.доллараар нэмэгдэхэд дэлхийн зах зээлийн хямралт байдал, үнийн өсөлт, төслийн үр ашгийг дээшлүүлэх шаардлага зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ. Дээрх багц ажлуудыг тус бүрд нь тендер зарлаж, ерөнхий гүйцэтгэгчдийг сонгосон бөгөөд хэт өндөр үнийн саналыг бууруулах, дахин сонгон шалгаруулалт зарлах зэргээр хугацаа алдсан.
Хамгийн эмзэг байгаа асуудал бол гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын ЕРС4 ажилд нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээгээр хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлж шийдвэрлүүлэх хүсэлтийг БНЭУ-ын Монгол Улсын Засгийн газарт хүргүүлээд байгаа бөгөөд одоогоор хариу ирээгүй ббөгөөд энэ асуудал үйлдвэрийг ашиглалтад орох хугацааг тэр хэрээр хойшлуулж болзошгүй байгаа юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд тус үйлдвэрийг түүхий эдээр хангах 530 км урт дамжуулах хоолойн ажлыг БНХАУ-ын “Norinco International Cooperation” компани гүйцэтгэж байна.
Энэ ажлын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нүүрс урьдчилан борлуулсан орлогын эх үүсвэрээр шийдвэрлэхээр Засгийн газар 2022 онд шийдвэрлэсэн бөгөөд төслийн гүйцэтгэл эдүгээ 65 хувьтай байна.
Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр болж, 2018 онд 250 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байна. Уг зээлийн санхүүжилтээр Сайншанд-Газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, мөн үйлдвэрийн хашаа, талбайн ажлыг 100 хувь, 550 ажилчны хотхон барих ажлын зардлын 61 хувийг санхүүжүүлсэн байна. Уг зээл 2022 оны арваннэгдүгээр сард зогссон бөгөөд барьцаа хөрөнгийн үнэлгээний хэмжээг 5.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр 2023 оны долдугаар сараас дахин олгож эхэлжээ.