Б.Батхуяг: Монголд хар тамхитай холбоотойгоор 24 хүн амиа алдсан
Энэ оны наймдугаар сарын 14-ны өдөр реппер Ginjin-ийн тоглолт болсон байдаг. Гэтэл тухайн тоглолтод ирсэн хэд хэдэн артист хар тамхи хэрэглэсний улмаас цагдаагийн байгууллагад баригдаж, түр хугацаанд хоригдсон байна.
Тухайн өдөр хар тамхины улмаас баригдсан хүмүүс дунд залуу артист Baatarfly байсан бөгөөд түр хугацааны хорих ял эдэлсэн тухай эх сурвалж бидэнд мэдээллээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад ” Энэ оны наймдугаар сарын 14-ны өдөр реппер Ginjin-ийн тоглолтын үеэр хар тамхитай холбоотой хэргээр хэсэг олны танил хүмүүс холбогдсон нь үнэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээсэн юм.
Үүнээс гадна хар тамхины хэрэгт олны танил, тэр дундаа залуу уран бүтээлчид нэр холбогддог, шүүхээс ял сонсдог байдал олширсон. Цахим сүлжээнд хар тамхитай холбоотой хэргийн талаар хайлт хийхэд дараах уран бүтээлчид жагсаж байна.
- “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгт хоёр удаа холбогдож байсан. Улмаар гэм буруугаа ухаарч, нөлөөллийн аяныг 2017 онд зохион байгуулж байсан.
- Icetop” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр: 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэрэгт гэм буруутайг тогтоож, нэг жил нээлттэй хорих ял эдэлж байсан.
- “Мотив” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбаяр: 2018 онд хар тамхи хэрэглэж, зургаан сарын хорих ялаар шийтгүүлсэн гэсэн хорихоос суллагдаад удаагүй байхдаа дахин хэрэглэж баригдсан гэгддэг.
- Дуучин Б.Амархүү: 2019 онд машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлэн баривчилсан. Улмаар хоёр жилийн хорих ял авсан байдаг.
- Реппэр Roockie буюу У.Мөнхбагана автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригдаж арван сарын хорих ял эдэлж 2021 онд суллагдсан.
- Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс нэг жилийн хорих ял авсан.
- Morningstar буюу Б.Аззаяад 2023 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьдчилсан байдлаар илэрч нэг жилийн хорих ял авсан.
- 2024 оны зургаан сард Wolfizm буюу Гэсэр, Epoch буюу Э.Гомбосүрэн нар хар тамхины хэрэгт холбогдсон байдаг.
Бидэнд ил харагддаг хар тамхины хэрэгтэй холбоотой дүрүүд ерөөс эдгээр олны танилууд болчихсон. Гэтэл энэ хүмүүсээр халхавч хийн ард үлдэж буй хүмүүс олон. Бүр насанд хүрээгүй буюу 16-аас доош насны хүүхдийн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох байдал газар авсан тухай мэргэжилтнүүд ярьж буй. Иймд хар тамхи гэх хэрэг манай Монгол улсад хэрхээд буй талаар ярилцахаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуягтай ярилцлаа.
-Баян ядуу ялгаагүй л хар тамхи хэрэглэж байна, эхлээд өөрт буй зүйлсээ зарж дараагаар нь хулгай дээрэм хийж хар тамхины мөнгөө олох тохиолдол бий-
-Сайн байна уу. Он гарснаас хойш хар тамхитай холбоотой хэчнээн хэрэг зөрчил бүртгэгдэв?
-Сайн. Эхний есөн сарын байдлаар хар тамхитай холбоотой 301 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ тоо бол өмнөх оны мөн үеэс 3 хувиар өссөн үзүүлэлт юм. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 72.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
-Хар тамхины хэрэгт холбогдоод буй хүмүүсийн байршил, нас, боловсрол, хүйсийн тухайд?
–Ер баян хүн л энэ төрлийн гэмт хэрэгт өртдөг юм шиг хүмүүс хараад байдаг. Гэтэл энэ хэрэгт холбогдсон 1945 хүний 58 хувь нь бүрэн болон бүрэн бус дунд боловсролтой, 68 хувь нь ажилгүй хүмүүс багтаж байна.
Байгаль дээр ургаж байгаа ургамлыг түүгээд хэрэглэхэд их мөнгө орохгүй учир хүмүүсийн амьдралыг түвшин хамаарахгүй байгааг харж болно.
Харин хүчтэй мансуурах бодист ороод ирэхээрээ үнэтэй зүйлийг олж авах хэрэгцээ үүсэх үед өөрт байгаа бүхнээ худалдаж мансууруулах тунгаа авч, хоосроод ирэхийн цагт гэмт хэрэг үйлдэж мөнгө олж эхэлдэг.
Гэмт хэрэгт холбогдогчид насны хувьд 17-34 насны хүмүүс 90 орчим хувийг эзэлж байна. Хүйсийн хувьд 80.7 хувь нь эрэгтэй, 19.3 хувь нь эмэгтэй. Зөрчилд холбогдогчдын хувьд 85 хувь нь эрэгтэй, 15 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Байршлын хувьд, нийслэлд 84, орон нутагт 16 хувь буюу 47 гэмт хэрэг бүртгэгдсэн.
-Хэрхэн шийдвэрлэв, мөн зүйл ангийг тодруулбал?
-Зөрчилд холбогдогчдыг захиргааны журмаар баривчлах шийтгэл оноосон. Ингэхэд 156 хүнийг захиргааны журмаар баривчилж, 32 хүнийг торгосон, мөн насанд хүрээгүй 11 хүнийг албадан сургалтад хамруулсан байна.
Зүйл ангиар авч үзвэл мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 99.2 хувь, мансууруулах бодис хэрэглэхийг орон байраар хангах болон эрүүл мэндийн болон бусад чиг үүргийн ажилтан болон өөрийн мэдэлд байгаа эм бодисыг завших гэмт хэрэг болон ургамлыг хууль бусаар тариалах гэмт хэргүүд бүртгэгдээгүй.
-Хар тамхи дотроо нөлөөллийн хувьд өөр өөр байдаг. Манай улсад илрээд буй хэргүүдийн хувьд аль төрөлд хамаарч байна?
-Нийт гэмт хэргийн 70 хувь нь манай улсын 11 аймагт 5 мянган га орчимд ургадаг мансууруулах төрлийн ургамлыг хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулахтай холбоотой гэмт хэрэг эзэлж байна. Үлдсэн 30 хувь нь синтетик төрлийн хүчтэй эм бодисуудтай холбоотой гэмт хэрэг эзэлж байна.
Энэ нь монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар дотооддоо хууль бусаар зарж борлуулж байгаа ийм гэмт хэргүүд эзэлж байгаа юм
-70 хувь нь дотоодоос гэвэл хориг тавих, устгах боломж бий юу, хэрхэн ажиллаж байна?
-70 хувийг эзэлж буй тус төрлийн гэмт хэрэг яагаад ийм элбэг тохиолдож байна вэ гэхээр тухайн ургамлыг устгах төрлийн ажиллагаа хангалтгүй хийж байгаатай холбоотой. Устгах ажлыг тархац бүхий аймгууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санхүүжиж тус устгах ажил явагдах ёстой. Гэтэл 1 га орчим талбайг 400 мянга орчим төгрөгийн зардалтайгаар устгах тооцоолол гарсан байдаг. Гэвч нийт тархац бүхий аймгууд тухайн төсвийг гаргах ёстой боловч нийт төсвийн 10 орчим хувьд хүрэхгүй мөнгө гаргадаг. Иймд тухайн ургамлыг устгаж чаддаггүй.
Устгаж чадаагүйгээс үүдэж иргэд түүж бэлтгэх явдал их гардаг гэсэн үг. Угтаа тухайн 5 мянган га орчим талбайг бид устгаж чадах юм бол дотоодод нийлүүлэлт хийгдэж буй энэ байдал таслан зогсоогдож энэ төрлийн гэмт хэрэг 70 хувиар буурах боломж харагдаж байна.
Манай цагдаагийн алба хаагчид тухайн ургамлыг устгах ажилд гар бий оролцдог. Гэтэл бид энэ төрлийн мэргэжилтнүүд биш учраас шаардлагатай техник хэрэгсэл ч байдаггүй. Уг нь Хөдөө аж ахуйн газар, Байгаль орчны газар, Ботаник зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцох ёстой боловч ер анхаардаггүй.
Зарим тохиолдолд хүмүүсийн трактор техникийг гуйж, техник олдохгүй үед өөрсдөө гар хадуур барьж тус ургамлыг хаддаг байдалтайгаар устгал явагдаж байна. Ийм байдлаар яваад байгаа учир хангалттай хэмжээнд устгал явагдахгүй байна.
-Анхнаасаа гаалийн байгууллага болон шуудан илгээмжтэй холбоотой газруудад хяналт шалгалтаа хийж байж хилээр нэвтрүүлдэг бол асуудал үүсэхгүй-
-Манай улсад ургаад буй ургамлаас гадна гадаадаас орж ирж буй химийн өндөр найрлага бүхий синтетик бодистой хар тамхи нийт гэмт хэргийн 30 хувийг эзэлдэг гэлээ. Энэ төрлийн хар тамхи ямар замаар манай хилийг нэвтэрч, хүмүүст хүрээд байна. Хяналт шалгалт сул байгаа юм биш үү?
–Таны асууж буй синтетик төрлийн химийн гаралтай энэ төрлийн хар тамхи хууль бусаар манай улсад нэвтэрч буй гэмт хэргүүд эзэлж байгаа юм. Яаж орж ирж байна вэ гэхээр дийлэнхдээ шуудан илгээмж, ачаа тээшинд нууж оруулж ирж байна.
Манай улсад 110 төрлийн шуудан илгээмж гаднаас оруулах зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж бий. Тэдэнд Харилцаа холбоо зохицуулах хорооноос зөвшөөрөл олгож буй.
Гэтэл олон тооны хяналтгүй ачааг үзэж шалгаж тээвэрлэлт хийдэггүй, илрүүлэх тоног төхөөрөмж хангалтгүй, гаалийн байгууллага “Бузрыг бүү оруул, буяныг бүү гарга” гэдэг уриатай байгууллага атал хяналт шалгалт муу хийж байгаатай холбоотойгоор шуудан илгээмжээс энэ төрлийн хар тамхи гарч ирж байна.
Манай Хар тамхитай тэмцэх газрын хувьд орж ирээд зарж борлуулагдаж буй дотоодын нийлүүлэлт хийгдэж буй үед нь хадгалах тээвэрлэх явцад нь илрүүлдэг. Харин хилээр нэвтэрч буй гаалийн хяналттай бүсэд хяналт тавих үүрэг хүлээдэггүй. Анхнаасаа гаалийн байгууллага болон шуудан илгээмжтэй холбоотой газруудад хяналт шалгалтаа хийж байж хилээр нэвтрүүлдэг бол асуудал үүсэхгүй байх боломж харагдаж байгаа биз.
Хууль бусаар мансууруулах бодис Улсын хилээр нэвтрүүлсэнтэй холбоотой хэргийг таслан зогсоосон гэх долоон тохиолдол л бүртгэгдсэн.гэтэл дотоодод зарж борлуулах, тээвэрлэх гэмт хэргүүд гарсаар буй. Энэ нь гаалийн хяналт, шалгалт сул байгааг гэрчлэх тод жишээ. 301 хэрэг бүртгэгдсэн хэргээс 30 хувь буюу 90 орчим хэрэг гадаадаас гаралтай хар тамхитай холбоотой хэрэг. Энэ бол гаалийнхан илрүүлээгүй хэргийн тоо. Заавал энэ төрлийн бодис орж ирэх албагүй шүү дээ.
Хэрэв энэ байдлаараа гаалийн байгууллага хяналт шалгалтаа сул байлгаа энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагад шилжвэл цагдаагийн байгууллага гаалийн бүсэд хамтарсан байдлаар хяналт шалгалт хийх хууль зүйн орчин бүрдүүлэхийг шаардах эрх зүй үүсэх байх. Энд тоологдоод буй гаалийн бүсэд илрүүлсэн долоон хэргийн тухайд манай байгууллагын оролцоотой илрүүлсэн хэрэг. “Мансууруулах бодис тээвэрлэж байж болзошгүй хүмүүс хилээр нэвтрэх гэж буйг урьдаар мэдэж, мэдээлэл дамжуулснаар илэрсэн байдаг.
-Насны бүлгээс харахад хар тамхины хэрэгт залуучууд ихэвчлэн өртөөд байна шүү дээ. Яагаад энэ насныхан тухайн хэрэгт өртөх болов, нөлөөлж буй хүчин зүйлийн тухайд?
–Эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч гээд хүүхдэд хараа хяналт тавих ёстой бүлэг байдаг. Гэтэл эдгээр хүмүүс өөрсдөө мансууруулах бодис гэж юуг нэрлэх, манай улсад байгаа эсэх, ямар төрлийн бодисууд байдаг, хүүхэд болон түүнтэй ойр дотно байдаг хүмүүс дунд энэ төрлийн мансууруулах бодис хэрэглэдэг, хадгалдаг хүн байдаг бол хэрхэн таних, хүний эрүүл мэнд, амь насанд ямар хор нөлөөтэй, ямар хуулийн хариуцлага хүлээдэг гэх зэрэг мэдээлэлгүй байна.
Хар тамхины хэрэгт холбогдсон хүн гадаадад сургуульд эдсэх, төрийн албанд орох гэх мэт олон эрхээ хязгаарлуулдаг талаар хүүхдүүддээ хэлж ойлгуулдаггүй. Нэг үгээр хэлбэл хэрэглэхээс нь өмнө болон хэрэглэж байх үед нь мэддэггүй хэдийн цагдаад баригдаад ирэхэд нь л хүүхдээ энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болсныг мэддэг.
Олны танил хүмүүс буруу ташаа мэдээлэл өгч байгаагаас үүдэлтэй гарч буй хэрэг цөөнгүй. Артист гэж нэрлээд буй олны танил хүмүүс тухайн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тухай мэдээд даган дуурайх явдал гарч байна.
Хэрэгт холбогдогч хүүхдүүд манай байгууллагад ирээд мэдүүлэг өгөхдөө “Анх миний шүтэн биширдэг хүн хэрэглэдэг учир сонирхоод хэрэглэж эхэлсэн” гэх тохиолдол цөөнгүй гарч байсан.
10 хүүхэд тутмын долоо нь бусдыг даган дуурайж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна гэсэн судалгаа бий. Дээрээс нь буруу эх сурвалжаас мэдээлэл авсан, асран хамгаалагч сэргийлэх арга хэмжээ аваагүйн улмаас хоёр хүүхэд тутмын нэг нь тус гэмт хэрэгт өртдөг гэсэн судалгаа ч бий. Мөн 10 хүүхэд тутмын дөрөв нь чөлөөт цагаа өнгөрөөх газаргүй, урлаг спортоор хичээллэх нөхцөл бүрдээгүйн улмаас тухайн төрлийн гэмт хэрэгт өртдөг гэсэн тоо ч бий. Найз нөхөд танилын хүрээнд энэ гэмт хэрэгт өртөх магадлал элбэг харагддаг. Танихгүй хүний саналыг хүлээж авахгүй.
Үүнээс гадна олны танил, уран бүтээлчид хар тамхийг сурталчилсан, хэрэглэх аргыг түгээн таниулсан агуулга бүхий дуунууд гаргадаг. Үүнийг олж илрүүлэн устгах ажлыг ч мөн Харилцаа холбоо зохицуулах хороо хийхгүй байна.
2014, 2023 онд манай байгууллага “Илэрц” гэх арга хэмжээ зохиосон. Тухайн арга хэмжээний үр дүнд хүүхдүүдэд мансууруулах бодистой холбоотой буруу сэдэл өгөхүйц 59 контент байгааг олж тогтоогоод устгуулах арга хэмжээ авахыг хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар нэг нь ч устаагүй байна.
-Сошиалд дан ганц олны танил хүмүүс энэ хэрэгт холбогдоод байгаа мэтээр харагддаг.
-Сүүлийн жилүүдэд нийт 1524 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1945 хүн холбогдон шалгагдсан. Үүний цөөнх нь л олны танилууд. Гэтэл хэвлэлүүд хандалт авах зорилгоор ч юм уу олны танил хүмүүсийн хар тамхины хэрэгт анхаарлаа хандуулаад байдаг байдлаа болих хэрэгтэй. Адилхан л хувь хүн шүү дээ.
-Хар тамхинд мансуурсан үедээ бусдад халдах эсхүл амь нас хохироосон тохиолдол бий юу?
-Мансуурсан, нэг талаараа өөрийгөө алдаж араатан болон тэдгээр хүмүүс ямар ч хүнийг хайрлах, энэрэх сэтгэл байдаггүй. Үүнтэй холбоотойгоор хэрцгий байдлаар хүн амины гэмт хэрэг үйлдэж байна. Үүнийг тод гэрчлэх жишээ бол, Олон улсын хяналтад ороогүй мансууруулах бодис гэж бий. Үүнд газ, цавуу, будаг шингэлэгч зэрэг багтдаг. Ийм зүйл хэрэглэдэг 13 настай хүүхэд 14 настай хүүхдийг олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан байдаг.
Мөн манай улсад ургадаг мансууруулах төрлийн ургамлыг хэрэглэсэн үедээ эмэгтэй хүнийг хүчиндэж амь насыг хөнөөсөн хэрэг гарсан байдаг. Гэх мэт олон тооны гэмт хэргүүд мансууруулах бодис хэрэглэснээс үүдэлтэйгээр гарсан байдаг.
Сүүлийн үед хулгай, дээрэм, залилан, хүн амины гэмт хэрэг үйлддэг этгээдүүд мансууруулах бодистой холбоотой хэрэгт өртөх нь нэмэгдэж байна. Энэ байдал нэмэгдэх юм бол маш аюултай. Энгийн хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох, гэмт хэрэгтэн хүн энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдоод ирэхээрээ гэмт бүлэглэл үүсэх, илүү далд байдлаар зохион байгуулалтад орох зэрэг эрсдэл нийгэмд учирна.
Мөн хэрэглэгч, борлуулагчийн сүлжээгээ нэмэхийн тулд мансууруулах бодисыг гар аргаар үйлдвэрлэхийг завдах тохиолдол нэмэгдэж байна. Манай улс бол хэрэглэгч орон гэгддэг. Гэтэл гар аргаар үйлдвэрлэх тохиолдол ихээр гарч байна. Магадгүй үйлдвэрийн зохион байгуулалтад орж байж болохыг үгүйсгэхгүй. Яг бий болчихсон гэж хэлээгүй шүү. Хэрэв ийм байдал тогтоогдвол үндэсний аюулгүй байдалд яах аргагүй нөлөөлнө.
-Манай улсад хар тамхитай холбоотойгоор хэчнээн хүн амь эрсэдсэн бэ?
-Сүүлийн 10 жилийн хугацаанд хар тамхитай холбоотойгоор 24 хүн амиа алдсан байна.Тодруулбал тухайн хүмүүс хар тамхиныхаа тунг хэтрүүлсний улмаас амь насаа алдсан байдаг.
Эдгээрээс гурав нь насанд хүрээгүй хүүхэд, зургаа нь эмэгтэй хүн байна. Мөн яг манай улсад ургадаг мансууруулах төрлийн ургамлыг хэрэглэсний улмаас хоёр хүн нас барсан байна.
Гэтэл олны танил хүмүүс ямар мэдээлэл тараагаад байна вэ гэхээр “Манай өвөг дээдэс эртнээс цай, хоолондоо тухайн ургамлыг хэрэглэдэг байсан” гэх. Энэ асуудлаар бид судалгаа хийж үзэхэд, ерөөс цай хоолондоо хийж хэрэглэдэг асуудал байгаагүй, тус ургамал нь манай нутагт ургадаг үндсэн ургамал биш гэдэг нь тогтоогдоод буй.
Мөн хэрэглэгч донтогчид мансууруулах төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн эхэн үедээ донтолтод ороод ирэхээрээ шууд айдаст автдаг. Хэдийн донтчихсон үедээ “одоо болъё” гэж бодсон ч нэгэнт оройтсон байдаг. Өөрөө гаръя гэж хүссэн ч бие махбодын болон сэтгэл санааны бүрэн хараат буюу ус агаар шиг хэрэгтэй нөхцөлд орчихсон байдаг. Энэ байдалтайгаа эвлэрч чадахгүйд хүрэхээрээ сэтгэл гутралд орж, амиа хорлох байдал гарч байна.
Нэгэн кейс дурдъя, Мансууруулах бодист автсан 10 дугаар ангийн хүү амиа хорлохдоо аав ээждээ хандаж “Мансууруулах бодис хэрэглэж болохгүй, ийм зүйл байдаг гэдгийг анхааруулж байхгүй дээ. Тийм мэдээлэл байхгүйгээс үүдэж, мансууруулах бодисын хараат байдалд орсон учир гарч чадсангүй. Надад амиа хорлохоос өөр сонголт байсангүй” хэмээн гэрээслээд амиа егүүтгэсэн тохиолдол гарсан. Одоо ч тэр гэрээс бичиг манай байгууллагад хадгалаастай бий. Үүнээс гадна энэ төрлийн бодис хэрэглэсэн хүмүүс орон зайн хувьд баримжаагүй болдог. Жолоо барьж байх үедээ осол аваар гаргах, өндрөөс унах тохиолдол гарч болох эрсдэлтэй.
-Насанд хүрээгүй хүүхдүүд өртөөд байгаа нь анхаарал татаж байна. Тэдэнд ургамлаас гадна өөр байдлаар мансуурах төрлийн бүтээгдэхүүн байдаг уу. Үүнээс сэргийлэх боломж?
-Мансууруулах эмийн жороор олгодог 13, сэтгэцэд нөлөөт бодисын жороор олгодог 33 төрлийн бодис байдаг. Үүнийг Эрүүл мэндийн сайдын тушаалд хавсаргасан байдаг. Энэ 46 бодист багтдаггүй эмчийн энгийн жороор олгодог эмийг хүүхдүүд олныг хэрэглэвэл мансуурч болох юм байна гэсэн туршилт хийн хэрэглэх тохиолдол маш ихээр бүртгэгдэж байна.
Үүний улмаас сүүлийн гурван жилийн хугацаанд найман хүүхэд нас барсан хэрэг гарсан. Амиа алдахаас гадна гар хуруугаа алдах, өөрчлөлт орсноор хуруугаа тайруулах тохиолдол гарсаар байна. Тоон мэдээллээс харахад жилд дунджаар 4-5 хүүхэд гар хуруугаа тухайн гэмт үйлдлийн улмаас тайруулсан тохиолдол бүртгэгдэж байна.
Манай байгууллагын зүгээс тухайн эм бэлдмэлийг манай улсад оруулж ирэх, зарж борлуулах байдлыг зогсоохыг үе үеийн Эрүүл мэндийн сайд нарт хүргүүлж буй. Гэтэл өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр. Энэ төрлийн эм бэлдмэлээс үүдэлтэйгээр маш олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч байна шүү дээ. Одоо дахиад хэчнээн хүн энэ төрлийн гэмт үйлдлийг хийж, амиа алдаж, гар хуруугаа тайруулсны дараа Эрүүл мэндийн сайд нар хяналтдаа авах юм бэ. Мөн хэзээ эдгээр эмүүдийн жор цахим болох вэ. Хэрэв цахим байдлаар олгодог болчихвол нэг жороороо олон дахин авах, хуурамч жор гаргах, тоо ширхэгт засвар оруулан худалдан авах байдал буурна шүү дээ.
Ядаж л үр зулбуулах эм хууль бусаар дамлан зардаг шиг энэ төрлийн эмийг зарах сүлжээ, хувь хүмүүс гарч ирж байгааг цахим жор гарч ирэн үгүй хийх боломж харагдаж байна. Мөн дээрх байдлаар эм хууль бусаар зарж байгаа байгууллага, онлайн хаягуудад “Харилцаа холбоо зохицуулах хороо” хориг тавихгүй байна. Ер нь хэр олон хүн эрсдэхийг харж суугаа бол.
-Монгол Улсын 43 иргэн гадаад улсуудад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна-
-Гадаадын орнуудад хар тамхитай холбоотой хэргээр баригдсан Монгол хүмүүс хэр олон байна. Ялтан солилцох байдлаар эх орондоо ирэх боломж бий юу?
–Монгол Улсын 43 иргэн гадаад улсуудад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна. БНХАУ-д 37, Туркэд 3, Солонгост 1, Герман улсад 2 иргэн хоригдож байна.
БНХАУ хамгийн өндөр ялтай буюу синтетик бодис 50 мл-ээс дээш тунгаар тээвэрлэсэн тохиолдолд 15 жилээс дээш буюу цаазлах ял хүртэл сонсох нь бий. Манай улсын иргэдийн хувьд тээвэрлэлтэд өртөж баригдсаны улмаас 37 иргэн тухайн улсад ял эдэлж байна.
Үүнээс хугацаагүй жилээр шийтгэгдсэн зургаа, 15-20 жил авсан 13 хүн бий. Тохиолдлын тухайд санаатай байдлаар хар тамхи тээвэрлэсэн нь дийлэнх хувийг эзэлж байна. Харин цөөн хэд нь санамсаргүй буюу бусад хүмүүсийн залиланд өртөж гэмт хэрэгт холбогдсон.
63.6 хувь нь тээвэрлэж яваад, 22.7 хувь нь хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн байна. Иймд бусдын дайвар ачааг сайн шалгаж авах, болбол эрсдэлээс өөрийгөө хамгаалж ачаа тээш авахгүй байхад анхаарах хэрэгтэй байна.
Ашиг сонирхлоороо, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хийхээ зогсоох хэрэгтэй. Гадаадыг орнуудын хилийн шалгалт чанга учир баригдах нь тодорхой.
Манай улсад өөр орны хүн тус хэргээр ял эдлэхгүй байгаа учир улсынхаа иргэдээ ялтан солилцоогоор авах боломжгүй болчхоод байна.
-УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэн мансууруулах бодис хэрэглэсэн үедээ хэд хэдэн хүмүүсийн нэрсийг дурдаж хар тамхи хэрэглэдэг гэх мэдээллийг ил тод болгож байсан. Тухайн үед тэдгээр хүмүүсийг шалгах ажиллагааг эхлүүлсэн гэж цагдаагийн байгууллага мэдэгдэж байсан Одоо тэдгээр хүмүүсийн хэрэг хэрхэж байгаа бол?
–Манай байгууллагаас хар тамхитай холбоотой гурван бүлэг этгээдийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг хэвлэлийн бага хурлаараа мэдэгдсэн.
Үүнд, Өмнөговь аймагт БНХАУ-ын хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлдэг хэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар үргэлжлүүлж явуулж байна. Мөн Дархан-Уул аймагт эмнэлгийн байгууллагын ажилтан жороор олгодог мансууруулах төрлийн эмийг Улаанбаатар хот руу зарж борлуулдаг сүлжээнүүд байгаа тухай хэргүүдийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй хариулах боломжгүй байна.
Харин Ц.Тэмүүлэн гэх хүний зарласан болон цахимд мэдээлээд буй олны танил хүмүүсийн тухайд зөрчлийн тухай зохих шийтгэлээ авсан.
-Хар тамхитай холбоотой хэрэгт холбогдогч хүмүүсийн нийтлэг нь бага насандаа сэтгэл зүйн хямралд өртсөн байдаг-
-Хар тамхи хэрэглээд буй хүмүүст нийтлэг шинж бий юу?
-Хар тамхитай холбоотой хэрэгт холбогдогч хүмүүсийн дунд нийтлэг ажиглагдаж байгаа дүр зургийн хувьд бага насандаа сэтгэл зүйн хямралд өртсөн байдаг. Тодруулбал, ар гэрт нь архины хамаарал, хорт зуршилтай хүн байсан, хүчирхийлэлд автаж байсан, хойд эцэг, эх нь хүүхдийг гадуурхах, хүчирхийлэл гэх зэрэгт өртөж байсан явдлаа мартах, таагүй дурсамжаас зайлсхийхийн тулд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Магадгүй хэцүү санагдаад гэрээсээ гараад явахад нь нэг танил нь наад асуудлыг чинь мартахад энэ тус болно гэх байдлаар хар тамхи хэрэглүүлсэн байдаг.
Гэтэл тухайн этгээдийн цаад зорилго бол тухайн бараа бүтээгдэхүүний хэрэглэгчийг өсгөх, зарж борлуулаад мөнгө олох зорилго өвөртөлж буй.
-Донтох нөхцөлийн тухайд?
-Архины шарталтын өвдөлтөөс 60 дахин илүү байдлаар биеийн болон сэтгэл санааны зовуурь авдаг. Үүнийг даван туулж чадахгүй болоод ирэхээрээ нөгөө мансууруулах бодисоо хэрэглэж түр хугацаанд өвдөлтөөс ангижрах хүслээр дахин хэрэглэдэг.
Хар тамхи хэрэглэдэг хүмүүс “хумсны үзүүр, үсний угаас эхлүүлээд өвдөхгүй зүйл байхгүй. Хөлийн шилбийг хөрөөдөж буй мэт өвдөлт мэдрэгддэг. Үүнийг даван туулж чадаагүй учраас л дахин хэрэглээд байсан. Ингэхдээ өмнө нь хэрэглэсэн тунгаасаа илүү байдлаар хэрэглэхгүй бол өвчин намддаггүй” гэх тайлбар мэдүүлдэг. Энэ байдлаар тунгаа ахиулж явсаар л тэд донтогч болж хувирдаг гэсэн үг. Мөн хар тамхины шарталт нь 14-30 хоног үргэлжилдэг.
-Хор нөлөөг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй.
-Хүүхдүүд зугаа цэнгэл хөөцөлдөж байгаатай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байна. Хэсэг хугацааны эрч хүч авч амьдралын идэвх мэдэрч байна хэмээн ташаардаг. Гэтэл тухайн бодисын хор нөлөө асар их.
Тухайлбал, Анхаарал төвлөрөлт, ой тогтоолтод нөлөөлнө, гоо сайханд өөрчлөлт орно. Үс, шүд унах, элэгний хатуурал, элэгний хорт хавдар, дутагдал зэргээс үүдэж нас барах. Мөн уушгины өвчлөл, сүрьеэ, уушгины хорт хавдар, амьсгалын дутагдалд орж нас барах. Тархины цусан хангамж, цусан хангамжийн дутагдалд орсноос үүдэлтэй цус харвалтын улмаас нас барах. Мансууруулах бодис хэрэглэдэг хүний хүүхэд энэ төрлийн донтолттой төрөх, хүүхэд хугацаанаасаа өмнө зулбах, ураг бүрэлдэхгүй байх, үр тогтоох чадваргүй болох зэрэг.
Хууль зүйн хариуцлагыг хүүхдүүд ойлгохгүй тохиолдол ажиглагдаж байна. Жишээлбэл, “би өөрийнхөө мөнгөөр авч өөрөө хэрэглэсэн байхад яагаад ял эдлэх ёстой юм бэ” гэсэн хандлага гаргах нь бий. Гэтэл хүүхэд залуучууд мансууралд өртөөд, тухайн мансууруулах бодисоо олж авахаас өөр зорилгогүй болоод ирвэл энэ улс орныг хэн авч явах вэ гэдэг үүднээс үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байдаг.
Үүнээс гадна нийгмийн хор хөнөөл байна. Тодруулбал, тухайн мансууруулах бодис, бэлдмэлийг олж авч хэрэглэхийн тулд мөнгө хэрэг болж улмаар хулгай, залилан хийж байна. Гэтэл нөгөө талд мансууруулах бодис олж авахын төлөөх гэмт хэрэгт иргэд золиослогдож буй.
-Тухайн бодисыг хэрэглэдэг хэчнээн хүн Монголд байна вэ, судалгаа бий юу?
-Хэрэглэгчийн тоо санаа зовоох асуудлуудын нэг боллоо. Дэлхий нийтээр авч үзвэл жилд дунджаар 500 мянга орчим хүн энэ төрлийн гэмт хэргийн улмаас амиа алддаг гэсэн тоон судалгаа бий.
ДЭМБ-ын гаргасан олон улсад мансууруулах бодис хэрэглэсэн хэрэглэгчийн тоог тооцдог аргачлал бадаг. Энэ аргачлалаар 100 мянган хүн тутамд 2.7 хувьд нь хэрэглэгч болох санал ирж, хэрэглэгч байж болзошгүй гэсэн судалгаа бий. Манай улсад 15-64 насны 2.2 сая хүн байдаг гэж үзэж дээрх аргачлалаар тооцож үзэхэд 60 мянга орчим далд хэрэглэгч байж болзошгүй гэсэн тоон судалгаа гарч ирж байна.
Харин тархалтын хурдаар тооцож үзвэл нэг мансуурагчийн ард зургаан далд хэрэглэгч байж болзошгүй гэдэг тооцоолол бий. Тэгвэл манай улсын хувь энэ тооцооллыг хийж үзэхэд 36 мянган хэрэглэгч байж болзошгүй байна. Мөн ДЭМБ-ын 2022 онд хийсэн судалгаагаар “Бага буурай орлоготой, хөгжиж буй улсууд 2030 он гэхэд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 43 хувиар өснө гэсэн тооцоолол бий. Иймд энэ төрлийн гэмт хэрэгтэй хурдацтайгаар тэмцэх хэрэгцээ бидэнд үүссэн гэсэн үг.
Нөгөө талд орлоготой өндөр орлоготой, хөгжилтэй орнуудын хувьд донтолттой холбоотой урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлуудад их төсөв зарцуулдаг. Бид ч ялгаагүй энэ хэрэгтэй тэмцэх өртгөө нэмэгдүүлж байж л эрсдэлээ бууруулах боломж бүрдэнэ.
-Хар тамхитай холбоотой хэргийн нөхцөл байдал нэлээд хүндэрсэн харагдаж байна. Танай байгууллага урьдчилсан сэргийлэх байдлаар ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллаж байна?
–ДЭМБ-аас гэр бүл болон сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх хөтөлбөр хийхийг бид бүхэнд зөвлөдөг. Энэ нь хүүхэд бол сургуулийн орчинд багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч гэх хүмүүсийн хараа хяналтад байх ёстой. Харин гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт дор байх ёстой хэмээсэн байдаг. Иймд тухайн хүмүүсийн чадавхжуулж мэдлэг олгох, ойлголт өгөх зэрэг хөтөлбөрийн хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд сургалт зохион байгуулаад явж буй.
Тухайлбал, “Анзаар” гэх арга хэмжээг улсын хэмжээнд 2022-2023 онд хийсэн. Ингэхдээ 100 гаруй мянган хүнд танхимаар мэдлэг ойлголт өгсөн.
Энэ онд 206 удаагийн сургалтаар 22.8 мянган хүнд мансууруулах бодисын хор уршиг, шинж тэмдэг, хэрхэн сэргийлэх талаар сургалт, нөлөөллийн ажил хийсэн. Мөн цахим нөлөөллийн ажил хийж буй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 147 сэрэмжлүүлэг видео, 598 зурагт мэдээлэл, 81 постер бэлтгэж цахим хаягууддаа байршуулсан. Давхардсан тоогоор 16 сая орчим хүнд хүрсэн байна. Эндээс харахад зорилтот бүлэгтээ хүрсэн байх гэж дүгнэж болохоор байна. Бид энэ нөлөөллийн ажлаа цаашид улам сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Алба хаагчдын ажлын ачааллын тухайд, хэдэн цаг ажиллаж байна?
-Хар тамхитай тэмцэх ажилд хүний хүчин зүйл их чухал нөлөөтэй. Мэргэшсэн тогтвортой алба хаагчид байж л энэ хэрэгтэй тэмцэнэ. Гэтэл манай улсад хар тамхитай холбоотой чиглэлээр мэргэшүүлдэг газар байдаггүй. Туршлагатай алба хаагчид шинэ алба хаагчдадаа зааварлах журмаар ажилладаг.
Ажлын онцлогийн хувьд, мансууруулах бодистой холбоотой хэргийг хүмүүс дийлэнхдээ шөнийн цагаар олж авах, зарж борлуулах байдлаар үйлддэг. Үүнийг дагаад алба хаагчид шөнийн цагаар ажил үүргээ гүйцэтгэдэг. Мөн өдөр нь ч ялгаагүй ажилладаг. 24 цагаар л ажиллаад байна гэсэн үг.
Манай алба хаагчид жилийн 365 хоногийн 45 хувьд нь гэртээ хариагүй ажил дээрээ хонож ажилласан гэх тооцоолол гарсан.
Энэ ачааллаас үүдэн тогтвортой ажиллах хүчгүйдээд байна. Богинохон хугацаанд ажиллаад халшрах тохиолдол гарч байна. Иймд тогтвортой ажиллуулах үүднээс цалин, хангамж, ажиллах нөхцөл байдалд нь анхаарахгүй бол боловсон хүчний хомсдолд орох нь.