А.Ундраа: Ураны төслөөс Монгол Улс илүү үр ашиг олох ёстой
УИХ-д Үндэсний эвслээс сонгогдсон гишүүд Цөмийн энергийн тухай хууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой болон уг хуулийн төсөлтэй холбоотой бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна.
Монгол улс, Бүгд Найрамдах Франц улсын хооронд Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан цагаас хойш арав гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Монгол улсын хувьд БНФУ-тай байгуулсан Засгийн газрын хэлэлцээр нь Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах Засгийн газрын хоёр дахь хэлэлцээр юм. Үүнээс өмнө Монгол улс ОХУ-тай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр бий. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг болох Франц улстай байгуулсан энэхүү гэрээ нь Монгол улсын гадаад бодлого, гадаад худалдаа болон стратегийн түншлэлийн нэг чухал хэсэг гэдэг үүднээс энэхүү засгийн газар хоорондын хэлэлцээрийг үнэлж дүгнэх, энэ хэлэлцээрийн хооронд хийгдэх хэлэлцээрийг үр ашигтай байлгах нь Монголын стратегийн хөгжлийн зорилтот нийцэх юм.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа цөмийн циклийн зөвхөн нэг хэсгийг авч үзсэн. Түүнчлэн Монгол Улсын стратегийн нэг зорилт болсон Цөмийн цахилгаан станцыг барих асуудлыг хамт хэлэлцэхгүй байгаа нь зарчмын хувьд алдаатай гэж үзэж байна.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Үндэсний эвслийн зүгээс дэмжиж байгаа боловч Цөмийн эрчим хүчний холбоотой хэсгийг заавал нэмж оруулах, Монгол улс Франц улсын хоорондын засгийн газар хоорондын хэлэлцээрийг дүгнэх, түүний хүрээнд илүү үр ашигтай ажиллах боломж байгаа эсэхийг судлах шаардлагатай гэж Үндэсний эвслийн зүгээс үзэж байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-2025 оны төсөв, төсвийн төлөвлөлт, төсвийн тухай хуулийн өөрчлөлтүүд нь эрх барьж буй намуудад хэт үрэлгэн төсөв боловсруулах үндэс болсон. Хэмнэх боломжтой маш олон зардлыг хэмнэсэнгүй.
УИХ-ын гишүүн М.Сарнай:
-Аливаа улсын төсвийн зардлын 20-30 хувьд нь боловсролын салбарын төсөв байх нь зохимжтой гэх зөвлөмж бий. Энэ нь өөрөө тухайн улсын хувьд чухал хөрөнгө оруулалт болдог. Боловсролын зээлийн сан нь манай улсад байх ёстой ач холбогдолтой сангуудийн нэг. Харин хэрхэн үр дүнтэй, зорилтот хүмүүстээ хүртээмжтэй зарцуулах вэ гэдэг нь асуудал болж байна.
2008 оноос хойш Боловсролын зургаан сайдын 17 тушаалаар 87.6 тэрбум төгрөгөөр 800 гаруй суралцагсад гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Энэ сангаар сураад ирсэн хүмүүсийн зээл чөлөөлөх, хүчингүй болгох аливаа харилцааг УИХ-аас журмаар зохицуулна гэсэн ч энэ журам нь өнөөдрийг хүртэл гараагүй. Зориуд тодорхойгүй байдал бий болгосон уу гэдгийг харах хэрэгтэй.
Түүнчлэн, ямар хүмүүсийг яаж чөлөөлөх, хүчингүй болгох зохицуулалтаа УИХ-аас журам боловсруулж батлан шийдэх механизмыг нь тодорхой болгох хэрэгтэй. Иймд Үндэсний эвслийн зүгээс БЗС-гийн ажлын хэсэгт журам боловсруулах санал оруулахаар ажиллаж байна гэв.