2030 он гэхэд 20 мянган га талбайд жимс тарихыг зорьж байна
Монгол оронд шинжлэх ухааны үндэслэлтэй жимс, жимсгэний салбар байгуулагдсаны 70 жилийн ой тохиож, “Азийн бүс нутагт чацаргана болон бусад таримлын зах зээлийг хөгжүүлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлийг бууруулах, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бие биенээсээ хамаарал бүхий харилцан уялдаатай “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг Төрийн тэргүүн У.Хүрэлсүх санаачилж тэдгээрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байгааг тодотгов. Тэрбээр, олон улсын эрдэмтэн судлаачид манай оронд алим, чавга, тоор, гүйлс, лийр зэрэг жимс нутагшин ургах боломжтойг тодорхойлж, бүс нутгийн уур амьсгалд тохирсон таримлын шинэ сорт гаргах, тариалалт, үржүүлгийн дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.
Монгол Улс 2030 он гэхэд жимсний тариалалтыг 20 мянган га талбайд, ургацын хэмжээг 30 мянган тонн-д хүргэхийг зорьж байгаа. Төрөөс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд зорилтдоо хүрэхийг тэмдэглэсэн юм.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 онд 9 аймагт “Жимс жимсгэний үржүүлгийн төв байгуулж, ЖДҮХС-гаас 2023-2024 онд 18 аж ахуйн нэгжид 2.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.
Монгол Улс хүн амын жимс, жимсгэний хэрэгцээний гурван хүрэхгүй хувийг дотоодоос хангаж, үлдсэн хувийг импортоор авч байгаа. Тиймээс салбарын хөгжлийг цаашид түргэтгэх, эрчимжүүлэх, хүн амын хүнс, эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг хангасан дотоодын жимс, жимсгэнийг тариалах шаардлага үүсэж байна. Цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, боловсон хүчнийг нэмэх зайлшгүй хэрэгцээ бий болоод байгааг ХХААХҮЯ мэдээлжээ.