Б.Түвшин: Гадаад томилолт 118 хувь, дотоод томилолт 132 хувиар гэх мэтчилэн өсгөж төсөвт тусгасан байна
УИХ-аар 2025 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэж байна. 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь байхаар тусган оруулж ирсэн. Зарлага нь хэт өндөр, замбараагүй төсөвлөлттэй төсөл гэх шүүмжлэлийг дагуулсаар байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Б.Түвшин томилолтын зардлыг нэмэгдүүлсэнийг шүүмжилж, хэмнэх боломжтой гэж онцлов.
Б.Түвшин: “Бууруулж болох зардлын хэдэн жишээ хэлье. Гадаад томилолт улсын хэмжээнд 35 тэрбум байсныг 41 тэрбум болгосон. 118 хувь буюу өссөн. Дотоод томилолт 132 хувь өссөн. Зочны зардал 137 хувь өссөн. Их засвар 186 хувь өссөн. Урсгал засвар 150 хувь өссөн. Бусдаар гүйцэтгүүлэх үйлчилгээ 1 их наяд байснаа 1,4 их наяд, бусдаар гүйцэтгүүлэх нийтлэг ажил үйлчилгээ 979 тэрбум байснаа 1,4 их наяд төгрөг гэх мэтчилэн цааш үргэлжилсэн байна. Энэ мэт хэд өсгөсөн зардлаа багасгаж, төсөвт хэмнэлт хийх боломжтой харагдаж байна” гэв.