Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо гурав дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрчээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнгөрсөн сарын 24-ний өдрийн хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, салбарын үйл ажиллагааны тайлан мэдээллийг салбарын сайд С.Одонтуяа хийв.
Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.4 хэмээр дулаарч, өвлийн улиралд орох хур тунадасны хэмжээ ялимгүй нэмэгдэж, харин дулааны улирлын хур тунадасны хэмжээ зарим бүс нутагт багасаж, мөнх цас, мөсөн голын хэмжээ 29.9 хувиар буурч, цэвдэг хайлж байгааг судлаачид тогтоосон байна. 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо толгой гурав дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь цөлжилтийн үндсэн шалтгааны нэг болсон. Улмаар уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнтэй холбоотой эвдэрсэн газрын тоо хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Улаанбаатар хотын хөрсний бохирдол, экогеохимийн судалгаагаар 360 цэгээс сорьц авч шинжлэхэд 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн хэмээн сайд мэдээлэлдээ тодотгов.
Улаанбаатар хотод 2023 онд 697.626 автомашин тоологдсон ба өмнөх оноос 8.2 хувиар нэмэгдсэн байна. Энэ оны хүйтний улирал нэгдүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 5, хүхэрлэг хий нь 10 хувиар бага, харин PM2.5 тоосонцор 4, азотын давхар исэл нь 11 хувиар тус тус их. Түүнчлэн улс орны эдийн засгийн өсөлт, хотжилт, хүн амын төвлөрөл, иргэдийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын бүтэц өөрчлөгдөн, хэмжээ нь жилээс жилд өсөж 2.2 сая тоннд хүрсэн байна. Өнгөрсөн онд энгийн хатуу хог хаягдлын 63.7 хувийг өрхийн хог хаягдал, 36.3 хувийг аж ахуйн нэгж байгууллага, зам талбай, бусад газраас цуглуулсан хог хаягдал эзэлж байна. Аюултай хог хаягдлын хэмжээ 2023 онд 1089.4 мянган тонн болж, 281 хувиар өссөнийг онцолсон.
Монгол Улсад ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээнд өнгөрсөн оны байдлаар цаг уурын шинжилгээний 318 өртөө, харуул, агаар мандлын дээд давхаргыг судлах 4 станц, шар шороон шуурганы 9 станц, хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах 2 станц, цаг уурын Доплерын радарын 1 станц, ус судлалын шинжилгээний 155 өртөө, харуул, Орчны хяналт шинжилгээний 22 лаборатори агаарын чанарын хяналтын 36 станц, хүчиллэг тунадасны 1 харуул, усны чанарын хяналтыг 184 цэгт, хөрсний чанарын хяналтыг 1550 цэгт дээж авч шинжилгээ хийж байна. Энэ хүрээнд судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нэмэгдүүлж, уур амьсгалын сөрөг үр дагаврыг арилгах, бууруулах шинжлэх ухаанд суурилсан бодлогын оновчтой шийдвэр гаргах, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үндэсний сүлжээг өргөтгөх, орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлж автоматжуулах, албан хаагчдыг мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж, тэдний гүйцэтгэж байгаа ажил үүрэг, ур чадварт нийцсэн цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүний нөөц, нийгмийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг С.Одонтуяа сайд мэдээлэлдээ дурдлаа.
Олон улсын хэмжээнд санаачлан хэрэгжүүлж буй газар нутгийг тусгайлан хамгаалах “30 ба 30” санаачилгыг Монгол Улс 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид олон улсын чиг хандлагын дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, хамгаалалтын менежментийг сайжруулах хүрээнд улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хувийг хуулийн дагуу байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, хамгаалалтын менежментийг байгаль орчныг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг тодорхой болгохоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна гэв.
Монгол орны усны нийт нөөц олон жилийн дунджаар жилд 564.8 км3 бөгөөд үүний 90 гаруй хувийг гадаргын ус, 1.91 хувийг газрын доорх ус бүрдүүлдэг. Өнгөрсөн оны байдлаар 679.1 сая шоометр ус ашиглаж байгаагийн 50 гаруй хувийг газрын доорх усаар хангаж байна. Ус хэрэглэгчдийн хэтийн төлөвөөс харахад 2030 онд ус хэрэглээ 3-4 дахин нэмэгдэхээр төлөвтэй байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа. Түүнчлэн амьтны тархац нөөцийн судалгааг цаашид улсын хэмжээнд үе шаттай, тогтсон давтамжтайгаар хийж, нөөцийг зөв тогтоох, зохистой менежмент хэрэгжүүлэх, агнуур зохион байгуулалтын судалгааны явцад хяналт тавих, хэрэгжилтийг жил бүр хянах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Эхний хагас жилийн байдлаар 50.6 сая модыг тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж байна. Намрын мод тарих ажлын хүрээнд 60 сая дахь модыг тарихаар төлөвлөн мод тарих ажил үргэлжилж буй. 2021-2024 онд 120 сая мод тарихаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл нь 42.4 хувьтай байна гэлээ.