Зэсийн үнэ 2025 онд тонн нь дунджаар $10,500 болно гэж “UBS” тооцоолов
Суурь металлын эрэлт нэмэгдэж байгаа учраас ирэх 6-12 сарын хугацаанд зэсийн нийлүүлэлт хумигдах төлөвтэй
2025 болон 2026 онд Лондоны Металлын биржид зэсийн үнэ нэг тонн нь дунджаар 10,500-11,000 ам.доллар хүрэх төлөвтэй байгааг “UBS” банк тооцоолсон байна.
Мөн суурь металлын эрэлт нэмэгдэж байгаа учраас ирэх 6-12 сарын хугацаанд зэсийн нийлүүлэлт хумигдаж, 2025 онд 200 мянга гаруй тонны алдагдалд хүрч магадгүй гэж онцоллоо.
Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, нар салхины эрчим хүч, БНХАУ-ын цахилгаан сүлжээний хөрөнгө оруулалтаас үүдэн зэсийн эрэлт тогтвортой байх төлөвтэй байгааг “UBS” банк тодотгож байна.
Түүнчлэн дата төв, хиймэл оюун, батлан хамгаалах зэрэг эрчимтэй өсөж буй салбарууд зэсийн эрэлтийг өндөр байлгах магадлалтай байгаа юм.
Бодлогын хүү суларч, барилга, үйлдвэрлэл зэрэг уламжлалт салбаруудын санхүүжилт нэмэгдсэнээр Европ болон АНУ-д хэрэглэгчийн зарцуулалт өсөх төлөвтэй байгааг “UBS” банк мэдээллээ.