Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлаар зөрчилдөв
Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг 3 их наяд 500 тэрбум төгрөг гэснийг 2 их наяд 500 тэрбум төгрөг болгох боломжтой гэх саналыг Г.Тэмүүлэн гаргажээ. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрынхаа үйл ажиллагааг доголдуулж, хоёрын хооронд дэгээ тавих шаардлагагүй. Өөр санаа байгаа бол түүнийгээ хэлэх хэрэгтэй” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Засгийн газрын өрийн баталгаа 3.5 их наяд байгааг 1 их наяд төгрөгөөр бууруулъя гэж байгаа. Нэг талдаа бонд гаргах нь өр зээл. Улсын төсвийн нэг эрсдэл нь зээл. 2.5 их наяд төгрөг бол бодит хэрэгцээ шаардлага. Үүнээс илүү бонд гаргах, Засгийн газрын баталгаа гаргах шаардлагагүй л гэж харж байна. УИХ өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг тухай бүрт нь шийдээд явах боломжтой гэж харж байгаа.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газрын дөрвөн жилийн хөтөлбөрийг УИХ сарын өмнө баталсан. 14 мега төсөл, 14 реформ гээд. Тэдгээр ажлын дийлэнх нь одоо зураг төслийнхөө шатанд явж байна. Хэдэн их наяд төгрөгийн зардал гарахыг ч мэдэхгүй байна. Одоо бид дундаас нь ухраад, хоёрын хооронд дэгээ тавих шаардлагагүй. Засгийн газрынхаа үйл ажиллагааг доголдуулах санаа гаргамааргүй байна. Хэрвээ хасъя гэвэл бүр тэг болгох хэрэгтэй. Санаагаа илэрхий хэлэх хэрэгтэй. 3.5 их наяд 2.5 их наядын ялгаа бараг байхгүй. Мега төслүүдийн дүн тодорхой болоод ирэхээр Засгийн газраас баталгаа гаргах ийм төслүүд гарч ирэхийг үгүйсгэхгүй. 3.5 их наяд төгрөг гэдэг чинь гадаад зээлийн өр 42.6 хувь дээрээ байна гэдэг дээрээ орчихсон явж байгаа. Би Г.Тэмүүлэн гишүүнд ийм саналуудаа татаад аваач гэдгээ хэлсэн. Өөр санаа байгаа бол түүнийгээ хэлэх хэрэгтэй гэв.