Г.Ёндонгомбо: Эрчим хүчний салбарыг хүнд байдалд оруулсан гол буруутан нь үе, үеийн Ерөнхий сайд

0

Эрчим хүчний зөвлөх инженер Г.Ёндонгомботой ярилцлаа.-Өнөө, маргаашгүй цахилгаан, дулааны үнийг хэдээр нэмэхээ зарлах нь. Гэхдээ аль алийг нь 50-аас дээш хувиар нэмэх бололтой. Ингэж эрчим хүчний үнийг огцом нэмэх нь хэр зөв бэ?-Эрчим хүчний тариф зардлаа нөхөхүйц байхыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрчим хүчний тухай хуульд заасан байдаг. Гэвч энэ заалтыг биелүүлэх ёстой Эрчим хүчний зохицуулах хороонд (ЭХЗХ) хамгийн чухал энэ үүргийг биелүүлэх боломж олгодоггүй байснаас өнөөдөр таны хэлснээр огцом нэмэх нөхцөлийг бүрдүүлсэн. Буруутан нь эрчмийн салбарынхан ч биш, яам ч биш, Эрчим хүчний зохицуулах хороо ч биш. Зохицуулагчдыг томилдог албан тушаалтан буюу үе, үеийн Ерөнхий сайд буруутай.

Эрчим хүчний салбарыг бодлогын хувьд нэг гарт зангидаж чадахгүй бол реформ яриад хэрэггүй-Хамтарсан Засгийн газар эрчим хүчний реформ хийнэ гэж мэдэгдсэн. Ер нь эрчим хүчний реформыг ямар байдлаар хийвэл зөв гэж Та бодож байна?-Энергийн буюу эрчим хүчний салбар бодлогын хувьд нэг гарт зангидагдаж байх ёстой. Энэ бол дэлхийн зарчим. Харамсалтай нь, энэ зарчим Монголд огт хэрэгжээгүй. Газрын тос, хий, цахилгаан, дулаан, сэргээгдэх эрчим хүч, хатуу малтмал түлшийг хэлж байна. Үүнийг засахгүй бол ямар юмных нь реформ байх вэ дээ. Эрчмийн салбар бол улс орны тусгаар тогтнол, хараат бус байдлын үндэс учир энергийн бодлого нэг гарт байх ёстой. Яам байна уу, хороо байна уу, Ерөнхий сайдын мэдэлд байна уу гэдэг нь өөр асуудал. Хамгийн гол нь нэг гарт л байх ёстой. Бодлого нь энергийн балансад тулгуурласан, алс хэтийн болон өнөөдрийн гадаад, дотоод нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн, хөрөнгө оруулалт татахад чиглэгдсэн байх ёстой. Энергийн баланс гэдэг нь бид энергийн ямар нөөцтэй, алийг нь хэзээ яаж хэрэглэх вэ гэдэг нарийн судалгааны үр дүнг хэлдэг.-Эрчим хүчний салбар стратегийн ач холбогдол бүхий, төрийн оролцоо заавал байх ёстой салбар шүү дээ. Төр ямар байдлаар оролцоогоо хангаж явбал зөв бэ?-Үндсэн сүлжээ буюу дамжуулах сүлжээ төрийн мэдэлд байх ёстойг ҮАБЗ-ийн 2000 оны 5 тоот зөвлөмжид заасан. Өмчийн хувьд ердөө л энэ. Дээр нь үнэ тарифыг хараат бус зохицуулах газар эрчим хүчний салбар болон хэрэглэгчдийн эрх ашгийг тэнцүүлэн хангаж байх ёстой байдаг.-Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ их наядаар тооцогдох боллоо. Энэ их алдагдлаас яаж үе шаттайгаар гарах вэ?-Үнэ тарифыг зохих түвшинд барих, өртөг багасгах гэсэн үндсэн хоёр арга бий. Цахилгаан станцын үр ашгийг жишмэл түлшний хувийн зарцуулалт гэдэг үзүүлэлтээр хэмждэг. Өндөр параметрийн (Зуухнаас гарч буй уурын даралт, температур) дээр нь Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар шинэтгэл хийсэн ДЦС-4, арай бага параметрийн шинэчлэлт бага хийгдсэн ДЦС-3-ыг зөвхөн энэ үзүүлэлтээр харьцуулахад ялгаа нь харагдана. Дархан, Эрдэнэтийн ДЦС гээд яривал бүр л муудна. Нүүрсээр ажилладаг станцуудын нэгжийн чадал бага байх тусам эдийн засгийн үр ашиг багасдаг номтой. Тийм учраас шинэ станц баривал том чадлынхыг хувийн хөрөнгө оруулалтаар гэдэг зарчмыг баримтлах хэрэгтэй. Хулгай төрийн өмч дээр гардаг гэдгийг хангалттай л харлаа шүү дээ.-Төрийн буруу шийдвэр, ТӨК-иудын авлига, албан тушаалын байдлыг хэрхэн шийдвэл зөв юм бол?-Аливаа бүтээгдэхүүний үнийг өртгөөс нь доогуур байлгахыг демпинг гэдэг. Сайн, муу хоёр талтай ч муу тал нь манай салбарт жишиг болж ямар үр дүнд хүрснийг бүгдээрээ л харж байна шүү дээ. Авлигаас салах ганц арга бол салбарын компаниудыг олон нийтийн эзэмшилтэй болгох. Үнэ тарифаа зохих түвшинд хүргэхгүй бол энэ арга хэрэгжихгүй.-Одоо үнэ нэмсэн ч энэ Засгийн газар реформоо хийж чадахгүй, эрчим хүчний салбар энэ хэвээрээ байгаад байвал яах вэ?-Лаа, чүдэнзэндээ л орно. Өөр ямар ч аргагүй.-Дулаан, цахилгааны үнэ нэмэх нь бүх юмны үнэ нэмэгдэх суурь болно. Үнийн зохицуулалтыг хэрхэн хийвэл зөв бол?-Аливаа бүтээгдэхүүний өртөгт цахилгаан, дулаан хэдэн хувийг эзэлдэг вэ гэдгийг тооцдог байх хэрэгтэй. Манайд үнийг сургаар нэмдэг нь демпингийн бас нэг хэлбэр. Демпингийн маш сайн хуультай болох хэрэгтэй. Антидемпингийн татвар гэх мэт механизмыг бий болгох хэрэгтэй.-Эрчим хүчний реформын зорилтод ЭХЗХ-ны хараат бус байдлыг нэмэгдүүлэхээр тусгасан. Уг нь Засгийн газар, төрийн шийдвэрээр л ЭХЗХ ажиллаж байгаа. Хараат бус байдлыг нь ямар байдлаар хангавал зүгээр вэ?-Бидний боловсруулсан Эрчим хүчний тухай хуулийн анхны хувилбарт эрчим хүчний зохицуулах байгууллага нь УИХ-ын мэдэлд байх ёстой гэж заасан байсан. 2001 онд батлагдсан хуульд Засгийн газрын байгууллага болгочихсон. Саяхан Ийгл телевизээр Т.Очирхүү, Л.Сүхбаатар, Д.Байлыхүү нар энэ хуулийн авторууд гээд л баахан ярьсан. Харамсалтай нь хөтлөгч энэ асуудлыг хөндөөгүй л дээ. Хөндсөн бол өнөөгийн хүнд байдлын буруутнууд тодрох байлаа. Эрчим хүчний реформын үндэсний хорооны төлөвлөгөөнд энэ сэдэв байгаад их олзуурхаж байгаа.-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *