Авлига, албан тушаалын 8 хэргийг шүүхэд шилжүүлжээ

0

Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43252, мөрдөн байцаалтын 4170 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 94, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 68, Өмчлөх эрхийн эсрэг 59, Авлига, албан тушаалын 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6,  Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 5, Эдийн засгийн эсрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2,  Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг, Хүүхдийн эсрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг тус бүр нэг хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Ц.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний тендерт шалгарч, гэрээ байгуулсан нэр бүхий компаниар эд материал, бараа бүтээгдэхүүний төлбөр төлүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Нэр бүхий компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Э нь эдийн засгийн давуу байдал үүсгэж, ашиг хонжоо олох зорилгоор гадаадаас бараа материал импортоор оруулж ирсэн мэтээр баримт бүрдүүлж, үнийн дүнг зохиомлоор өсгөж, өөрийн үүсгэн байгуулсан компаниар дамжуулан 58 сая төгрөг завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,  

-Н.Д нарын 6 хүн ашиг олох зорилгоор мэдээллийн технологи ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж, нийт 587 сая төгрөг олсон хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан А.С нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 636 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 63 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *