Э.Золбоо: Хилээр орж ирэх будаг, эмульсийг шинжлэх лаборатори барьж байна
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх хяналтын сонсголын тайланг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хүүхдийг аюулгүй орчинд сургахад чиглэж юу хийж байгаа, ялангуяа хилээр орж ирж буй будаг, эмульсийн чанарыг хянахад юу хийсэн талаар тодрууллаа.
Энэ талаар БХБ-ын дэд сайд Э.Золбоо “Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн норм, дүрмийг шинэчлэн баталсан. Энэхүү шинэчлэлээр салхивчны системийг сайжруулсан. Өмнө нь байгалийн аргаар салхийг оруулж, гаргадаг байсан бол одоо автомат систем нэмж өгсөн. Ингэснээр салхи нэвтрүүлэлт, агааржуулалт 2-3 дахин нэмэгдсэн. Систем нь шинэ сургууль, эмнэлэг, цэцэрлэг дээр мөрдөгдөөд явж байна.
Мөн барилгын ажил эхлэхэд болон дуусахад хяналт шалгалт хийх, хүлээж авах стандартыг боловсруулж, Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлсэн. Одоо батлагдахыг нь хүлээж байна. Стандартыг гаргахдаа БНХАУ-ын сүүлийн 10 жил хэрэглэж буй стандартыг баримталсан.
Барилгын дотоод орчинд хэрэглэдэг будаг, эмульсийг шалгах шаардлагатай. Ялангуяа хилээр оруулж ирэхэд онцгой шалгах ёстой гэж үзээд хил дээр лаборатори барихаар болсон. Тиймээс хамгийн их бараа орж ирдэг Замын-Үүдэд лабораторийг барьж эхэлсэн. 2022 онд барилга угсралтын ажил 50 хувьтай явж байсан. Он гарсаар ажил үргэлжилж байна, энэ ондоо багтаж дуусна. Улсын төсвийн гурван тэрбум төгрөгөөр барьж байна. Барилга барьж дууссаны дараа шинжилгээ хийх тоног төхөөрөмж авах шаардлагатай. Үүний төсөвт өртөг нь 11 тэрбум төгрөг. Энэхүү төсвийг 2024 оны төсөвт суулгахаар ажиллаж байна. Мөн ОУ-ын байгууллагаас тусламж авна.
Хамгийн гол нь барилгын дотоод орчныг бохирдуулж, химийн бодис ялгаруулж байгаа будгийг шинжилж үзэхэд формальдегид, этилбензол зэрэг химийн бодис их гарсан гэж мэдээлсэн. Гэвч шинжилгээг авахдаа дөнгөж будаад дөрөв хонож байхад нь дээж авсан. Тийм болохоор их гарахаас өөр аргагүй юм” гэлээ.