Г.Энхбат: ААН, иргэд нүүрсний үнээс хамаарч ажил амьдралаа төлөвлөх нь чухал боллоо

0

Нүүрсний арилжаа тойрсон асуудлаар “Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Энхбаттай ярилцлаа.

———————-

– Манай улс нүүрсээ биржээр арилжаалаад жил тойрч байна. Гэхдээ экспортын орлогоо нэмэгдүүлэх, эцсийн хэрэглэгчээ татахын тулд бид уян хатан бодлого гаргаж чадаж байна уу. Өнөөдөр ямар асуудал тулгарч байна?

 Уул уурхайн брокерын зөвшөөрлийг манай компани авч байхад тулгарсан бэрхшээл нь энэ байсан. Эцсийн худалдан авагч биржийн арилжаанд оролцох сонирхолтой байна. Зөвхөн Хятад биш.

Японоос Монголын нүүрсийг сонирхоод байна. Тэд төлбөр тооцооны актив нөхцөл ашиглах саналтай байгаа юм. Энэ утгаараа эхэлж бараагаа авч, дараа нь мөнгөө өгөхийг л илэрхийлж байгаа юм. Хэрэв энэ нөхцлөөр төлбөр тооцоог шийдвэл эцсийн том худалдан авагчид Монголд орж ирнэ.

Харин Монголын “Эрдэнэс Тавантолгой” болон төрийн өмчийн оролцоотой зарим хувийн хэвшлийн компаниуд төлбөр тооцоогоо 100 хувь бэлэн мөнгөөр хийдэг. Энэ нь актив нөхцөл ашиглахгүй, эхэлж мөнгөө авч дараа нь нүүрсийг нь нийлүүлдэг. Тэгэхээр том худалдан авагчид өөр улс орныг сонгож байгаа юм. Бидний хувьд тодорхой хэмжээний уян хатан нөхцөл ашиглах хэрэгтэй.

– Биржээр түүхий эдээ арилжаалж эхэлсний давуу тал нь гадаадын том компаниуд худалдан авах нь нээлттэй гэдэг. Тэгвэл манай улс биржээр дамжуулан гуравдагч хөршийн зах зээл рүү гарах боломж ямар байна?

 Амаргүй юм билээ. Хоёр улсын хоорондын гэрээ байдаг. Гэтэл Энэтхэг Монголоос нүүрс экспортлохын тулд Хятадаар дамжих зэрэг олон асуудал үүсэх байх. Гуравдагч хөршийн тухайд хамгийн боломжтой нь Япон гэж харсан. Бас Европууд манай улсаас зэс авч байна, Солонгосчууд манай улсын зэсийг сонирхдог.

– Хөрөнгийн биржээр зэсийг арилжаалснаас хойш ердөө хоёр удаа л дуудлага худалдаа явуулсан гэж сонслоо?

-Тийм, зэсийг арилжаалах хамгийн доод үнээ өндөр тавьсантай холбоотой.

– Өнөөдөр манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь нүүрс. Тиймээс энэ түүхий эдийн үнэ ханш ямар байхаас шалтгаалж аж ахуйн нэгж, иргэд ч бас орлого, зарлагаа төлөвлөх нь чухал болохыг та ярьж байсан нь анхаарал татлаа. Нүүрсний үнэ өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг гэсэн үг үү?

– Биржийн арилжааг хүн бүр харах албагүй ч бүгд ойлголттой байх ёстой. Бидний хоолоо олж идэж буй салбар бол уул уурхай. Түүхий эдээ урд хөршид л зарж байна шүү дээ. Тэгэхээр ханш нь хэд байна вэ гэдгийг бид мэдэх хэрэгтэй байхгүй юу. Төсвийг цөөн хэсэг хүмүүс яриад л мартдаг. Гэтэл цаана нь маш олон ньюанс байгаа шүү дээ.

Нүүрсний ханшийг хэдээр тооцож төсвийг төсөвлөснийг иргэд ойлгож байх хэрэгтэй. Магадгүй төсвийн төсөлд тусгасан ханш хөрөнгийн бирж дээр тогтдог болбол бид ирээдүйгээ төлөвлөх чадвартай болох байхгүй юу.

Өөрөөр хэлбэл, би нүүрсний үнэ ханш ямар байхаас шалтгаалж ирэх жил орлого, зарлагаа төлөвлөнө гэсэн үг. Жишээ нь, энэ жил нүүрсний үнэ буурсан, экспорт тааруу байвал эдийн засаг хүндрэх эрсдэл байгааг таамаглах учраас машин худалдаж авахгүй. Эндээс л иргэдэд эдийн засагт нь сайнаар нөлөө үзүүлэх байхгүй юу. Иргэд санхүүгийн хувьд чадвартай болбол ажил, амьдралаа төлөвлөж чаддаг болно. Өнөөдөр бид чадахгүй байгааг нефть боловсруулах үйлдвэрээс харлаа.

Төгрөгийн эсрэг гадаад валют чангарч буй өнөөдрийн нөхцөлд ханшийн савлагаа чухал. Гэвч тодорхой төсөөлөл байхгүй учраас ажил амьдралаа төлөвлөхөд бэрхшээлтэй биш үү?

– Яг одоо аж ахуйн нэгжүүд ирэх оны төсөөллөө гаргаж байгаа үе. Гэвч ханшийг таамаглаж чаддаггүй. Ялангуяа манай улс үйлдвэрлэгч бус хэрэглээ суурьтай учраас ус, ундаа, саван воканаас авхуулаад бүх зүйлээ импортолж байна. Тэгэхээр валютын ханш чухал нөлөөтэй байгаа юм.

Өнөөдөр арилжааны банкууд болон бусад санхүүгийн байгууллагууд валютын ханшийн таамаглалыг дэвшүүлдэг болмоор байна. Ханшийн таамаглал гаргадаг ганц ч банк алга. Жишээ нь, ирэх онд төгрөгийн эсрэг ам.доллар 3400 байна гэсэн тодорхой зүйл байхгүй.

Уг нь судалгаагаа хийж л байгаа юм. Гэвч яагаад энэ таамаглалыг хэлэхгүй байна вэ гэхээр олон нийтээс болгоомжилж байгаа байхгүй юу.

– Нүүрсний үнийн өсөлт, бууралт иргэдэд шууд нөлөөлж чадаж байна уу. Иргэдийн хувьд өнөөдөр нүүрсний үнэ ханшаас илүү цалин тэтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг өнөө, маргаашийнхаа асуудалд л санаа зовж байгаа шүү дээ. Магадгүй таны хэлсэнчлэн нүүрсний үнэ ханшийг харж ажил амьдралаа төлөвлөдөг болбол ямар өөрчлөлт гарах вэ?

– Нүүрсний үнэ өсөхийн хэрээр улсын төсөв тэлнэ. Үүгээр дамжих худалдан авалтууд хийгдэж, энэ нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалтыг нэмэгдүүлнэ. Эргээд иргэдийн цалин нэмэгдэнэ. Ингэснээр худалдан авалт нэмэгдэж, эдийн засаг өснө. Хүн бүр тойрог эдийн засагт төсөөллөө авах боломжтой.

Манай улс нүүрсэнд тулгуурласан эдийн засагтай учраас иргэд нүүрс тойрсон улс төрийн шийдвэрүүдэд сайтар хяналт тавьж зөв бодлогууд дээр нь улс нийтээрээ ажиллах ёстой. Илүү нээлттэй ил тод болох тусам валютын өгөөж нэмэгдэнэ.

Сайн жишээ дурдахад, нүүрсийг биржээр худалдаалснаас хойш даргын үүд сахихаа больсон. Эндээс л өөрчлөлт гарч байгаа гэсэн үг.

– Гэхдээ хяналтыг яаж сайжруулах юм. Нэг хэсэг нүүрсний хулгай гэж нийтээрээ шуурсан, одоо мартагдаж байна шүү дээ?

– Нүүрсний тухай бид цахим орчинд маш сайн бичиж байх ёстой. Гэвч олон нийт “надад ямар хамаатай юм” гэсэн хандлагатай, асуудлыг орхиод байх шиг санагддаг. Өнөөдөр чамд хамаагүй ч ирээдүйн хүүхдэд чинь тэр асуудал хамаатай болж байгаа байхгүй юу. Тиймээс хүн бүр өөрийнхөө санааг хэлж байх хэрэгтэй байх. Ялангуяа УИХ-ын шинэ гишүүд.

– Ирэх онд 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, ирэх оны төсвийг мөн л өөдрөгөөр төсөөлж түүхэнд байгаагүй өндөр тусгалаа. Сүүлийн үед төсвийн үр ашиггүй зарцуулалтыг УИХ-ын гишүүд ч дуугарч байна. Магадгүй нүүрсний үнэ буурч байгаа энэ үед эдийн засагт ямар нөлөө үзүүлж эхлэх бол?

– Нүүрсний үнэ ханш бидний амьдралд шууд нөлөөлж байна. Одоо нүүрсний үнэ буурч байна. Энэ нөлөө автомашинаас эхэлнэ. Нүүрсний үнэ экспорт өссөн үед автомашины импорт нэмэгдсэн.

Хувь хүн, аж ахуйн нэгжүүд аливаа бизнес төлөвлөлтөө хийхдээ орлогоо өсгөж чадахгүй бол зардлаа танадаг. Энэ процесс төрд ажиглагдахгүй байна гэж харж байна. Бид яагаад жил бүр алдагдалтай төсөв батлах ёстой юм.

Алдагдалтай төсөв батална гэдэг тэр хэмжээний зарцуулалт хийхийг л хуульчилж байгаа юм. Бид яагаад зардлаа хэмнэж болохгүй юм.

Хятадын эдийн засгаас хамаарч манай улсын нүүрсний экспорт, үнэ ханш шалтгаална. Харин ирэх оны төсөвт эдийн засгийг 8 хувийн өсөлттэй байхаар тусгаж байна. Хэрэв нүүрсний үнэ унахад шууд нөлөө нь биржийн арилжаа, үнэт цаасны зах зээл дээр яаж мэдрэгдэх вэ?

– Манай улс том том төслүүд хөдөлгөхөөр төлөвлөж байна. Гэхдээ гадны хөрөнгө оруулалт байхгүй, энэ нь манай улсад мөнгө байхгүй гэсэн үг. Тиймээс банкуудын зээлийн хүү буурахгүй, өрсөлдөөн байхгүй. Энэ талаасаа эдийн засгийн найман хувийн өсөлт нь бидний амьдрал 8 хувиар сайжирна гэх баталгаа байхгүй. Хэдий эдийн засаг 8 хувиар өснө гэж тусгаж байгаа ч бидний амьдрал сайжрахгүй. Яагаад гэвэл, энэ 8 хувийн өсөлт гадаадын хөрөнгө оруулалтаар биш төсвөөр дамжиж зарцуулалт хэлбэрээр бий болж байгаа юм. Гадаад валютаар биш гэсэн үг. Уул уурхай, аялал жуулчлал ч юм уу, бусад салбарт гадаадын хөрөнгө оруулалтаар орж буй нэг долларын өсөлт маш ондоо, бодит өсөлт байдаг. Үүний тод жишээ нь, Оюутолгой төсөл байлаа шүү дээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *