Ж.Баярмааг С.Баярцогт “сумлаж”, МАН-ын дотоод зөрчлийг өдөөв
Ж.Баярмаа нь саяхан орон нутгийн сонгуулиар Х.Баттулгын санаачилсан хүүхэд бүрт 30 мянган төгрөг олгох агуулгыг дэмжсэн байдаг. Тийм атлаа Ч.Номингийн 30 мянгаар хүүхдүүдэд үзвэр үзүүлэхийн эсрэг боссон. Гэхдээ засах боломжгүй үед нь. Түүнийг дээрх логикоор дүгнэхэд, хүүхдэд 30 мянган төгрөг олгохыг дэмжээд байгаа юм шиг. Өнгөн дээрээ засах талаар дуугарч, эсэргүүцэж байгаа ч хуулийн боломж нь өнгөрчихсөн хойно орилж эхэлжээ.
Яагаад Ж.Баярмаа гишүүн ийм ил, далд хоёр өөр дүрийг үзүүлэх болов. Гуравдугаар хэлэлцүүлэг өнгөрчихсөн байхад гэнэт тэр хэн нэгнээр “сумлагдав” уу гэсэн хардлагыг үүсгэв. Хөшигний ард одоо өрнөж буй төсвийн бужигнааныг С.Баярцогтыг өдүүлсэн. Гол эсэргүүцэгчээр нь Ж.Баярмааг бэлдэж, гаргаж тавьсан гэгдэж байв.
Нөгөө талаас төсвийн эсэргүүцэл ганц УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн асуудал биш болов. Эрх баригч намаас төсвийн эсэргүүцэлд гишүүд нэмэгдсээр байна. Ингэхдээ Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар тэргүүтэй, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ойр хүмүүс байгааг онцлууштай.
Төсөв батлах үеэр гишүүдэд “будаатай хуурга”-ны урилга илгээж, тэндээ сайтар юм хумаа тохирч авдаг найрааны байдлыг Б.Жавхлан сайд маш сайн гүйцэтгэсээр ирсэн. Тэгж ажилладаг учраас өнгөрсөн жилүүдэд ханцуй хавиргандаа тохиролцож, хоол олж идэцгээсэн гишүүд энэ жилийнх нь шиг хүчтэй эсэргүүцэл үзүүлж байгаагүй юм.
Энэ удаа АН-аас Ж.Баярмааг парламентын гадна суугаа С.Баярцогт сумлаж, МАН дотроос Ерөнхий сайдыг эзгүй буйг далимдуулан, гомдогсод төсвөө хөөрөгдөцгөөв.
Зүй нь, төсөв өргөн баригдсанаас хойших сар гаруйн хугацаанд УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэйгөө хангалттай сайн танилцчих хугацаа өнгөрсөн. Гишүүдэд зургаан тэрбум хуваарилах асуудал зэргээрээ тохиролцоонд хүрч чадаагүй уураа ч МАН-ын гишүүд гаргаж буй нь энэ юм.
Жишээ нь, төсвөө чамбайруулах ёстой Ц.Даваасүрэн “Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах ёстой” гэхчлэн, өнөөх зургаан тэрбумыг суулгаж чадаагүй уураа Засгийн азарт хаяглан ярьж явна. Ёс зүйн хувьд УИх-ын гишүүд өнөөдөр орилох биш, өнгөрсөн 70 хоногт төсвөө унших л ёстой байв.
Энэ бүх парламент дахь бужигнаан эрүүл мэтгэлцээн бол биш. Эрх ашиг нь хангагдахгүй яваа ууртай хүмүүсийн байр суурь хийгээд парламентын гадна дотноос хэлд орж буй гишүүдээр дамжуулан, том эрх ашгаа хангах гэсэн давуу тархитуудынх нь шийдэл болж хувирлаа.
Одоо үүн дээр Засгийн газрын тэргүүн танхим дотроо ямар шийдэл хэлэх, батлагдсан хойно нь Төрийн тэргүүн хориг тавих эсэх. МАН-ын дотоод зодооны шинжтэй эдгээр үйлдлүүд С.Баярцогт тэргүүтэнд хөшигний ард хэрхэн ашигтай тусах тэргүүтэй том эрх ашгуудын сонирхол байгааг онцлууштай.