“Голомт”-ын Д.Баясгаланд ашигтай цахилгааны үнийн нэмэгдэл тохиолдол уу, тохироо юу

0

“Арваннэгдүгээр сарын 1-ээс эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ” гэж Шадар сайд зарласан. Улмаар өнгөрсөн хугацаанд уг асуудлыг тойрсон маргаан тасарсангүй. Эрчим хүчний салбарынхан ч дотроо эвцэлдэхгүй үнэ тариф нэмэх асуудлаа түр хойшлуулаад байна.

Цахилгаан, дулааны үнийг гэнэт огцом нэмж иргэдийн нуруунд ачаа үүрүүллээ гэх өнцөг хамгийн их яригдаж буй. Энэ ч зөв. Гэвч нөгөө талд тарифын шинэчлэл хийхээс өөр араггүй бодит нөхцөл байдал тулаад байгаа нь ч үнэн. Асуудлыг иймд хүргэсэн буруутан ч гэж бий. Мөн асуудлаар далимдуулж ашиг ологчид ч бий.

Тэгвэл тэдгээр ашиг ологчдын нэг нь хэзээнээс хамаг л том төслүүдийг атгаж, давуу байдал үүсгэн авч ирсэн Голомтын Д.Баясгалан байж болзошгүй.

Учир нь цахилгаан, дулааны үнэ нэмэх асуудал яригдаж эхэлсний дараа Голомтын Д.Баясгалангийн шинээр ашиглалтад оруулж буй “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын цахилгааны үнийн тарифтай уялдуулж эрчим хүчний үнэ тарифыг нэмэх шаардлага үүссэн гэх шуум цухас дурдагдаад өнгөрлөө.

Бодоод үзвэл шинэ ЦС-ынхаа тарифыг ТӨХК-ууд шиг багаар тогтоож алдагдалд орохгүйн тулд Голомтын Д.Баясгалан Засагтай үнэ тохирсон нь мэдээж. Тэр дүн нь төрийн тоглоом болж олон жил үйлдвэрлэлээсээ бага үнээр цахилгаанаа борлуулж алдагдалд орсон ДЦС-уудын тарифаас өндөр өртөгтэй байх нь ойлгомжтой. Тиймээс л шинээр ашиглалтад орсон “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын цахилгааны нийлүүлэлт үнээс хамаарч олон асуудал дагуулах байсан хэрэг.

Өөрөөр хэлбэл одоо нэмэхээр ярьж буй цахилгааны шинэ тариф нь “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын үнэтэй дүйцэхүйц болж байгаа. Ингэж тарифыг тэнцвэртэй болгож, Голомтын Д.Баясгалангийн шинэ цахилгаан станц ашигтай ажиллана гэсэн үг.


-Бөөрөлжүүт 1 кВт/цаг цахилгааныг 245-311.5 төгрөгөөр худалдаална-

Бөөрөлжүүт нь анхны томоохон, хувийн, нүүрсний цахилгаан станц. Тус цахилгаан станцыг хурдан ашиглалтад оруулахын тулд нийслэл бондоор босгосон мөнгөөрөө зээл олгосон. Бөөрөлжүүтийн ЦС нь 150 мегаваттын дөрвөн блок төсөл. Одоо 150 мегаваттын нэг блок нь ашиглалтад ороод байгаа. Энэ станцын эзэн нь Голомтын Д.Баясгалан.

Шинэ эх үүсвэрүүдийн төсөл дандаа хатуу гэрээ байгуулж байж эхэлдэг зарчмын дагуу Голомтын Д.Баясгалан Бөөрөлжүүтийн ЦС-аа барьж эхлэхдээ Эрчим хүчний хороо болон Нийслэлтэй үнэ тохирч, гэрээлсэн байдаг.

Ингэхдээ Бөөрөлжүүтийн ЦС эхний жил 7, хоёр дахь жилээс 8.9 центээр эрчим хүчээ худалдах гэрээ байгуулжээ.

Үүнийг төгрөгт шилжүүлбэл, Бөөрөлжүүтийн цахилгаан станц эхний жилд цахилгаанаа 245 төгрөгөөр, ирэх жилээс 311.5 төгрөгөөр худалдаална. Харин манай ЦС-ууд 1 кВт/цаг цахилгааныг дунджаар 280 төгрөгөөр үйлдвэрлээд, 216 төгрөгөөр зардаг. Гэхдээ энэ нь үнийн “дундаж” өртөг.

Тэгэхээр Бөөрөлжүүт цахилгаан станцын үнэ манай ЦС-уудын тарифаас 1-2.4 тэнцээр илүү буюу 29-95.6 төгрөгөөр их байна. Хувиар тооцоолбол энэ нь 20-40 хувиар илүү өртөг.

Эрчим хүчний үнийг өрөгтэй тэнцүүлэх байдлаар нэмж, алдагдлаас гарах гэж байгаа ДЦС-ууд өнөөдрийн хэрэглэгчдэд борлуулж буй 216 төгрөгийн тарифаа үйлдвэрлэж буй үнэтэйгээ дүйцүүлж 280 төгрөг болгох буюу 29.6 хувиар нэмэх болзошгүй батлагдаагүй тооцоолол бий. Энэ дүн нь шинэ эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн ЦС-ын тарифын үнэд дөхөж ирнэ.


Угтаа бол эрчим хүчний үнэ тарифыг өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд нэмэх шаардлага үүсэж байсан ч ДЦС-уудаа хөсөр хаяж явсаар энэ онд гэнэт бодит нөхцөл байдлаа ойлгож үнэ тарифаа нэмэхээр болсон нь Голомтын Д.Баясгалангийн шинээр ашиглалтад оруулсан “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ын нээлттэй цаг хугацааны хувьд давхцаж таарсан нь нөхцөл байдлыг далимдуулж цахилгааны үнийг Бөөрөлжүүтийн тогтоосон цахилгааны үнэд тааруулан нэмж байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *