Монгол хүнд саруул ухаан байхгүй!
Шанхайн ажлын айлчлалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын 10 сайд болон парламентын 13 гишүүн дагуулж явсан хойгуур саарал ордонд “төрийн эргэлт” гарахаа дөхөв. Төсвийн /2025 оны улсын төсөв/ зардлаас 3.6 их наядыг танахыг шаардсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн шаардлагыг дэмжсэн хүний тоо өнөөдрийн байдлаар 20 гаруй болсон байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуулийн хугацаандаа төсвөө батлаад, арванхоёрдугаар сард тодотгол хийе гэсэн нь галыг түр намжаах арга заль байх талтай. Харин төсвийг буцаан татах шаардлага тавьж буй гишүүд дээр 10 хүн нэмэгдвэл Засгийн газрын хувь заяаг УИХ-аар авч хэлэлцэнэ. Хуульд зааснаар УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэг Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал парламент ажлын 10 хоногт хэлэлцэж, шийдвэрлэнэ. Парламентын нийт гишүүдийн 64 нь дэмжвэл Ерөнхий сайдыг огцорсонд тооцно. Гэхдээ Засгийн газар огцрох тухай сэвээ хоёрдугаар ээлжийн хоол горьдсон улстөрчдийн мөрөөдөл. Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээ Л.Гантөмөр, Т.Доржханд нартай хуваалцсан нь Засгийн газраа тогтвортой байлгах зорилготой стратеги шүү дээ.
Атал дайны хажуугаар дажин гэгчээр Ховд аймгийн Мянгад суманд бослого гарч, Халзан бүрэгтэйн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эсэргүүцсэн малчид уурхай руу халдан эд материалыг нь эвдсэн асуудал бичлэг юутайгаа сошиалаар тарлаа. Эл явдал сошиалаар түгээгдэх нь дэлхийгээр нэг зарласантай ялгаагүй юм.
Үүнээс эдийн засагт ирэх үр дагавар нь мэдээж маш муу. Гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй мессеж болж очно, гарцаагүй. Монголчууд муу дээрээ мунаг болж харагдана, ойлгомжтой.
“..Намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж солонгоруулах шаардлагатай. Дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжиж, төрийн оролцоог багасгах хууль эрх зүйн шинэчлэлийг хийнэ. УИХ-ын зүгээс, Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл, хөрөнгө оруулалтын бодит үр дүнг нарийвчлан судлаж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд гарах эрсдлээс урьдчилан тооцож ул суурьтай хандана”. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн намрын чуулганы нээж үг хэлэхдээ өгсөн амлалт энэ. Түүний улс төр, эдийн засаг, нийгмийг өөрчлөх гол амбиц буюу дэвшүүлсэн гурван төгөлдөршлийн нэг. Гэвчиг Ардын намын ам, ажил хоёр үргэлж зөрдөг хойно, үүнд итгэхэд хэцүү.
Тэгвэл хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд хувийн өмчийг хамгаална, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулна гэсэн үг өгүүлбэр бий. АН-ын сонгуульд авч орсон мөрийн хөтөлбөрийн амлалт, хамтарсан засгийн төлөвлөгөө болж тусгагдсан.
Атал захын дээрэмчид хувийн өмч руу дур зоргоороо халдаж байхад төр нь нүд чихгүй сууж байгаа нь эмгэнэлтэй. Тэр тусмаа хувийн өмчийг хамгаална гэж амлалт өгч, парламентад 42 суудал авсан Ардчилсан намын бүлэг Ардын намаас айгаагүй л байлтай.
Хуульд даргын ба дайсны өмч, МАН-ын ба бусдын өмч гэж ялгавартай зааж өгөөгүй бол “Халзан Бүрэгтэй”-н ордыг нутгийн индиан нараас хамгаалах үүрэг нь төрд бий. Төр төмөр нүүрээ тэрхүү террористуудад гаргах л ёстой.
Асуудал нь “сахал” Д.Эрдэнэбилэг гэж хүндээ биш, асуулт нь үндэсний хөрөнгө оруулагчаа хамгаалж чадахгүй байгаа улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү гэдэгт бий! Хувийн өс хонзонгоо хойш тавиад хувийн хэвшлээ хамгаалахгүй бол Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч гэж байхаа болино. Ганц Хятадын хөрөнгө оруулалт орж ирнэ.
“Norinco”,“China Water Resources Beifang Investigation Design and Research (BIDR)”, “Huawei”,”Sinosteel Equipment & Engineering”гээд Хятадын төрийн өмчит компаниуд Монголын стратегийн орд болон стратегийн төсөл дээр эзэн сууж эхэлснээс харвал айдас болгоомжлол нь үүнд л байна.
Үндсэний эрх ашиг, үндэсний аюулгүй байдал талаасаа үндэсний хөрөнгө оруулагчаа дээрэмдэх нь сайн зүйл яавч биш. Гуравдагч орны болоод үндэсний хөрөнгө оруулалт Монголын үндэсний аюулгүй байдлын баталгаа болж өгдөг. Харамсалтай нь, “Рио Тинто”-гоос өөр эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулсан гуравдагч орны том хөрөнгө оруулагч өнгөрсөн 15 жилд Монголд орж ирсэнгүй. Юу үнэн гэвэл энэ л бодит үнэн.
Маш энгийнээр тайлбарлахад газрын ховор элемент нь гар утас, зурагт, цахилгаан тээврийн хэрэгсэлд ашигладаг гол бүтээгдэхүүн. Дэлхийд газрын ховор элементээрээ Хятад тэргүүлж, араас нь Вьетнам, Орос, Бразил, Энэтхэг эхний тавд бичигддэг. Монгол Улсын хувьд газрын ховор элементийн долоон ордтой, батлагдсан нөөц нь 3 сая тонн. Батлагдсан болон таамаг нөөцөөрөө дэлхийд 15-д ордог.
Бээжин газрын ховор элементийн хамгийн том үйлдвэрлэгч бас экспортлогч. АНУ-ын Геологийн албаныхан өнгөрсөн жил судалгаа хийж дэлхийн газрын ховор элементийн нөөцийг 110 сая тонн гэж тогтоосон. Үүнээс 44 сая тонн буюу 40 орчим хувь нь БНХАУ-д ногддог.
Дэлхий дахинд цэвэр эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэх хэрээр газрын ховор элементийн үнэ өсч байна. Нэг грамм цэвэр элемент 10-20000 ам.доллараар зарагддаг. Монголын газрын ховор элемент дээр Герман, АНУ, БНСУ, Япон зэрэг олон улс хамтран ажиллах сонирхлоо ч илэрхийлсэн.
Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Берлинд айлчлах үеэр ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц “Монгол шиг ардчилсан оронтой хамтран ажиллах нь ХБНГУ-ын хувьд стратегийн чухал ач холбогдолтой. Берлин байгалийн эрдэс баялгын хувьд нэг улсаас хараат байдлаа бууруулах сонирхолтой байгаа. Иймээс эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх манай стратегид Монгол Улс олон түүхий эдийн чухал түнш болно” гэж байв. Тэгвэл Монголын газрын ховор элементийн үндэсний корпорац (МНРИК) болон Японы Металл ба эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (JOGMEC) өнгөрсөн наймдугаар газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөлд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн юм.
Ховдын Мянгад суманд байрлах Халзан бүрэгтэйн төсөл нь эдийн засгийн ач холбогдол, агуулгаараа Монголдоо нэгд бичигддэг уурхай юм. Албан ёсны лиценз эзэмшигч нь “Монголиан нэшнл рийр ийрт” боловч тус компанийг хувьцааг 100 хувь ХХБ эзэмшдэг. Тэгэхээр нь “Монголиан нэшнл рийр ийрт” Д.Эрдэнэбилэгийн охин компани гэсэн үг. Гэхдээ Д.Эрдэнэбилэгийн компани байх эсэх нь үнэндээ зуудугаар асуудал юм. Нэгд, тус компани Монгол Улсын хууль зөрчөөгүй бол хоёрт, шүүхийн шийдвэргүйгээр аймгийн Засаг дарга аливаа уурхайн үйл ажиллагаа шууд хаах эрхгүй.
Ерээд оны үед гадаадынхан монголчуудыг алт сандайлсан гуйлгачид гэдэг байв. Харамсалтай нь, 30 жилийн дараа ч Монгол Улс алт сандайлсан гуйлгачин хэвээрээ үлджээ.
Улс орны эдийн засагт нэн чухал төслүүдийг унагааж, гацаах даалгавартай гадаадын “төсөл” Монголд амжилттай хэрэгждэг. Төмөр замын төслийг гацаах нь Кремльд, Тавантолгойн цахилгаан станцыг гацаах нь Бээжинд ашигтайгаар туссан. Монголчуудыг хятад цэрэг танкны үлгэрт тархиа угаалгаж, өргөн нарийн цариг дээр талцах хойгуур ОХУ-Хятадын хооронд нарийн царигтай төмөр зам тавигдсан. Атал Женко.Баттулгын хэрэгжүүлсэн төмөр замын төслүүд үр ашгаа өгөх нь бүү хэл өртөг, зардлаа ч нөхөх боломжгүй болсон.
Нутгийн иргэдийг хөлслөж, Халзан бүрэгтэйн төслийг зогсоосон хүмүүсийг үнэндээ хаа холоос хайх хэрэггүй юм. Ардын намын байр, Төрийн ордон дотор гэм зэмгүй дүр эсгэсэн нэг “эх оронч” пээдийгээд сууж байгаа.
Хамгийн гол нь гадаад, дотоодын улстөрчдийн эрх ашигт үйлчилж, эх орныхоо эсрэг нохойд барьдаг мод болж явдаг монголчуудад саруул ухаан алга. Саруул ухаантай монгол хүнийг олох нь өвсөн дотроос зүү хайхаас хэцүү болсон цаг юм даг уу.