Тэтгэврийн зээлийг нэг жил болгох санал ахмадуудыг талцуулж байна
Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмад настанд олгох тэтгэврийн зээлийн хугацааг 12 хүртэлх сар болгон бууруулах саналыг Монголбанкинд хүргүүлжээ.
Учир нь, ахмад настнуудын тэтгэврийг үр хүүхдүүд нь байр, машин худалдан авахад барьцаалж зээлдэг, банкны картыг нь аваад тэтгэврээ өөртөө зарцуулах эрх олгодоггүйгээс гар дээрээ нэг ч төгрөг авах эрхгүй болж буй асуудлыг цэгцлэх зорилгоор дээрх саналыг хүргүүлсэн юм байна.
Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны тушаалаар батлагдсан “Өр, орлогын харьцааг тогтоох аргачлал”-д өөрчлөлт оруулснаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэж үзжээ.
Одоогоор арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг дээд тал нь 24 хүртэл сараар олгож байгаа юм. Энэ нь эцэг, эхээ шимэгчилж амьдардаг хэсэгт олз болж байна гэж үздэг.
Харин ахмадуудын хувьд “Сарын 500 мянгаас 600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг өндөр настнуудын хувьд жилээр тэтгэврийн зээл авах нь учир дутагдалтай. Идэшний үхрээ ч худалдан авч дөнгөхгүй шахам юм болно. Цагаан сараа яаж тэмдэглэ гэж бодов. Эцэг, эхийгээ шимэгчилж амьдардаг ажилгүй залуусыг чангалах нэрээр ахмад настнуудын тэтгэврээ хоёр жилээр авах эрхийг нь хязгаарлаж болохгүй” гэж гомдол тавьж буй юм. Мөн ахмадуудын нөгөө нэг хэсэг нь “Сайдын санаачлага зөв, тэтгэврээ өөртөө зарцуулах эрхгүй ахмадуудын нуруу ашгүй нэг тэнийх нь гэж” зөвтгөж байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 420.9 мянган хүн тэтгэвэр авч байгаагаас 60 хувь нь тэтгэврийн зээл авчээ. Судалгаагаар ахмадууд тэтгэврээ ихэвчлэн үр хүүхдүүддээ зориулдаг гэх дүгнэлт гарчээ.