ЭХЗХ-оос энэ сарын 01-ний өдөр цахилгаан, дулааны үнэ тарифын нэмэгдлийг танилцуулна гэж байсан ч Т.Доржханд чиглэл өгч хойшлуулжээ
Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ сарын 01-ний өдөр /2024.11.01/ цахилгаан, дулааны үнийн шинэчилсэн тарифыг танилцуулна гэж байсан ч нам, гүм болсон.Үүнээс өмнө дулааны үнийг 80 хувиар, цахилгааны үнийг 30 хувиар нэмж магадгүй тухай албан бус мэдээлэл гарч байлаа.
Тэгвэл Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд “Үнийн шинэчилсэн тарифыг иргэдэд танилцуулалгүй хойшлуул” гэх чиглэлийг Эрчим хүчний зохицуулах хороонд өгснөөр тус ажил түр зогсоод буй аж.
Хуулийн дагуу бол эрчим хүчний үнийн тарифыг шинэчлэх эрх нь Эрчим хүчний зохицуулах хороонд хадгалагддаг. Тэгвэл Шадар сайд Т.Доржханд уг эрхэнд халдаж, Эрчим хүчний зохицуулах хорооны ажилд оролцсон байна. Түүний ахалж буй Эрчим хүчний үндэсний хороо нь Монгол Улсад эрчим хүчний шинэчлэлийг хийнэ, томоохон төслүүдийг хөдөлгөнө, цахилгаан хангамжийг хүртээмжтэй болгоно, салбарыг либералчилна гэж ярьж буй ч одоогоор үнэ нэмэхээс өөр гарц, шийдлийг танилцуулаагүй байгаа болно. Өнгөрсөн аравдугаар сарын 24-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Үүний дараа Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийж, “Эрчим хүчний салбарын алдагдал 270 тэрбум төгрөгт хүрсэн учир шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна. Энэ өвлийг хүндхэн давна. Цахилгаан, дулааны үнийг нэмж эхний ээлжинд алдагдлаа нөхнө. Дараа нь ашигтай ажиллана. Эхлээд цахилгаан станцуудын тоног, төхөөрөмжийг сайжруулах, шинэ төсөл хэрэгжүүлэх шаардлага бий. Өнөөдөр, маргаашгүй цахилгаан, дулааны үнийн нэмэгдлийг танилцуулна” гэж мэдэгдэж байсан юм.